А.Болормаа: Э.Бэхбаяр шагналын 4200 ам.доллароо луйвардууллаа

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 02 ・ 4

Хэдхэн хоногийн өмнө Азербайжаны нийслэл Баку хотын “Baku Sport Hall” спортын ордонд Г.Алиевийн дурсгалд зориулсан “Голден Гран-При” олон улсын уламжлалт тэмцээн болж өндөрлөсөн. Энэхүү тэмцээний 57 кг-ын жинд зодоглосон ОУХМ Э.Бэхбаяр мөнгөн медаль хүртэж бахдам амжилт үзүүлсэн. Түүний мөнгөн медалийг дагалдаж ирсэн 5000 ам.долларыг шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр луйвардаж авсан гэх үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл өчигдөр оройноос эхэлж түгэв. Болсон явдлын талаар тодруулахаар Э.Бэхбаярын дасгалжуулагч багш, Монголын чөлөөт бөхийн холбооны шүүгчдийн зөвлөлийн гишүүн, олон улсын хэмжээний шүүгч Л.Болормаатай холбогдлоо. Түүнийг Монгол Улсын гавьяат тамирчин А.Энхээгийн гэргий гэдгээр нь спортынхон анддаггүй билээ.

-Э.Бэхбаярыг шагналын мөнгөө луйвар­дуулсан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Тийм ээ. Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Бэхбаяр маань саяхан болсон тэмцээнд урилгаар очиж барилдаад мөнгөн медаль хүртсэн. Тэгээд гар дээрээ бэлнээр 5000 ам.доллар авсан. “Манай эрэгтэй, эмэгтэй багийн тамирчдын хэн нь ч медаль авсангүй. Ганцаараа медаль авсан болохоор шагналынхаа дээжээс баг хамт олондоо өгөхөөр шийдлээ” гээд над руу ярьсан. Тэгэхээр нь би миний хүү маш зөв бодсон байна. Өөрөө мэдээд өгөөрэй гэсэн. Тэгээд тэнд очсон багш, дасгалжуулагч тамирчдад 100, 100 ам.доллар өгсөн байгаа юм.

-Хэчнээн хүнд өгсөн юм бол?
-Дүвчин багш, Батцэцэг, Цэрэнчимэд, Одончимэг, Цэвэгмидээс гадна эрэгтэйчүүдээс Цогтбаяр, Мандахнаранд тус бүрт нь зуун ам.доллар өгсөн юм билээ. Өөрөө машины лизингтэй хүүхэд болохоор үлдсэн 4300 ам.доллараа халааслаад нисэх онгоцны буудал руу явсан байгаа юм. Тээшинд өгөх гэж байсан цүнхэндээ хийх гэж байгаад болиод хамгийн ойр байснаар нь ахлах дасгалжуулагч Цогтбаярт өгсөн гэсэн. Угаасаа Цогтбаяр байнга жижигхэн хар цүнх үүрч явдаг юм. Би сэнжтэй аяганы цуглуулгатай хүн л дээ. Бэхээ надад очсон газар болгоноосоо аяга авчирч өгдөг юм. Бакугаас онгоц нисэхийн өмнөхөн багшдаа аяга авахаа мартчихаж та надад 100 ам.доллар өгөөч гээд Цогтбаяраас зууг авсан юм билээ. Тэгээд Цогтбаярт 4200 ам.доллар үлдэж л дээ. Долоон цаг гаруйн хугацаанд нисээд Бээжинд буунгуутаа бүгдээрээ Макдоналдс орсон гэсэн. Тэгээд Бэхээг мөнгөө авъя гэсэн чинь ямар ч үгийн солиогүй “Та нар надаар тоглоод байгаа юм уу” гэж хэлээд цүнхнээсээ мөнгө гаргаж ирээд шидсэн байна билээ. 

-Яагаад шидсэн гэж?
-Бүгдээрээ яав, ийв юу болов гээд харсан чинь хоёр талд нь зуутын доллар хийгээд дунд нь 21, 22 ширхэг нэгтийн дэвсгэрт хийчихсэн байсан гэсэн. Ийм л асуудал болсон хэрэг. Энэ талаар маргааш /өнөөдөр/ хэвлэлийн бага хурал хийлгэхээр болсон. Гэхдээ бид хэн нэгний мууг үзэх гэж хэвлэлийн хурал зарлаагүй. 

-Та мөнгө алдсаныг нь хэдийд мэдсэн юм бэ?
-Бэхээ Бээжинд байхдаа мөнгөө алдчихлаа гээд над руу ярьсан. Тэгэхээр нь би шууд 102-т мэдэгдээд Улаанбаатарт ирэхэд нь цагдаатай хамт угтсан. Тэд байцаалтаа өгсөн байх. Бид ч гэсэн байцаалтаа өгсөн. Хамгийн гол нь хууль, цагдаагийнхан энэ хэргийн учрыг үнэнээр нь олж өгөөсэй гэж хүсэх байна. Тийм ч болохоор хэвлэлийн бага хурал зарласан. Энэ мэт хэрэг гарч байгаа юм чинь цаашид юу ч болж магадгүйг харуулж байна. Үнэндээ олимп болохоос өмнө энэ хүүхдийн аяганд юу ч хийж мэдэхээр болж. Хамгийн гол нь хэргийн эзнийг нь олж хариуцлага тооцоод энэ хүүхдийг хохиролгүй болгож өгөөч гэж хүсмээр байна.
Эх сурвалж: www.assa.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Хүрээ хүн / 2016 05 сар 09/

    Өөдгүй новш вэ, энэ Цогтбаяр.Харин Бэхээ эр хүн.Шигшээгийн найз нартаа зуу,зуугаар нь өгсөн байна.Тэдэнд өгөхөд хүүхэлдэй биш, зуутууд байсан юм чинь Цогтбаяр л хариуцна.Дотроо учаа олох боломжгүй байсан нь харамсалтай.

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 10/

    TSogtbayar hanshgui hun baina daa,eedgui gar baijee,ichih nuur ch gej baihgui bolj dee

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 03/

    Азерууд багууд дунд нь шургуулаа биз дээ. Хүүхэлдэй атгуулж, шалгаж авах байжээ.

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 02/

    yg uchriini medej bj buruutgahgui yudaa

    Хариулах