Урлаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 12 сар 02
・ 1
Шүүхээр шийтгэлгүй орхисон хэдэн мянган муу үйлийг цээрлүүлж, хуулиар хэлэлцээгүй олон мянган сайн явдлыг сурталчилан, худал хуурмагийн үнэн дүрийг оромжноос нь гаргаж өдрийн гэрэлд харуулдагаараа театр ариун газар гэгддэг. Монголд орчин цагийн театрын урлаг үүсэж хөгжөөд 85 жилийн нүүр үзэж буй. Энэ эрхэм газрыг цогцлооход амьдралаа зориулж, нэгэн хэсэг нь болж явсан уран бүтээлчдийн мэндэлсний 70-110 жилийн ойг тэмдэглэдэг билээ.
Улсын драмын эрдмийн театрын хамт олон алтан үеийн болон ахмад уран бүтээлчдийн алдарыг хүндэтгэж, бүтээж туурвих арга ухааныг нь хойч үедээ уламжлуулан үлдээх зорилгоор СУИС-тай хамтран “Бид мартахгүй” дурсамж, хүндэтгэлийн арга хэмжээг 10 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ жилийн арга хэмжээ энэ сарын 3-нд Театрын музейд болох юм.
Монголд орчин цагийн театрын урлаг үүсэж хөгжөөд 85 жилийн нүүр үзэж буй.
“Бид мартахгүй” дурсамж, хүндэтгэлийн арга хэмжээгээр Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Цэгмидийн, Ардын жүжигчин З.Цэндээхүү 110, Ардын жүжигчин Т.Хандсүрэн 100, гавьяат жүжигчин Д.Бат-Очир, гавьяат жүжигчин Б.Мижиддорж, соёлын тэргүүний ажилтан жүжигчин Д.Лхамхүү, СТА жүжигчин Б.Дашдаваа, СТА жүжигчин Т.Латиф, СТА зураач Б.Төмөрхуяг, алтан тайзны эзэд болох Хөдөлмөрийн баатар,Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Гантөмөр, гавьяат жүжигчин Б.Энхтуяа, гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав, Соёлын гавьяат зүтгэлтэн тайзны машинист С.Доржсүрэн, СТА жүжигчин Ш.Вандансэнгээ, СТА жүжигчин Т.Борхүү, СТА жижиг хэрэглэлийн эрхлэгч Д.Мягмарсүрэн нарыг хүндэтгэх юм.
Уламжлал болон ирсэн уг арга хэмжээний талаар Ардын жүжигчин Г.Мягмарнаран гуйатай хөөрөлдсөн юм. Тэрбээр УДЭТ-ын жүжигчнээр 1965 оноос хойш одоо хүртэл ажиллаж байгаа ахмад уран бүтээлчдийг нэг билээ.
-Ямар учраас “Бид мартахгүй” арга хэмжээг зохион байгуулдаг юм бэ?
-Хүн өөрөө гурван хэлхээсийн дунд амьдардаг. Ямар ч байсан ахмад үеийнхээ үүх түүхийг мэддэг байх хэрэгтэй. Алтан үеээ мартахгүй тулд нас тэгширсэн жил нь уран бүтээл, үүх түүх замналыг нь бид нар өнөөдрийн хүмүүст мэдүүлдэг юм. Өнөөгийн залуус эдгээр хүмүүсийн уран бүтээлийг мэдсэнээр дараачийн үедээ түүчээлэх болно.
“Бид мартахгүй” дурсамж, хүндэтгэлийн арга хэмжээг 10 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
-Энэ жилийн арга хэмжээний онцлогоос дурдвал?
-Энэ жилийн хувьд алтан үеийн гэгдэх таван жүжигчний мэндэлсэн тэгш ойг тэмдэглэх гэж байна. Бөмбөгөр ногоон театр байгуулагдах үед энэ хүмүүс байсан.
Түүнчлэн Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Д.Лхамхүү буюу “Түмний нэг” уран сайхны киноны Чимэд багшийн дүрээр ард олонд танигдсан түүний 80 насны ой тохиож байна. Мөн СТА жүжигчин Б.Дашдаваа “Хөхөө гэрлэх төлөө”, “Түмний нэг”, “Салхины амт” кинонд тоглосон бөгөөд театрын тайзнаа 50-60 дүрд тоглосон жүжигчин, зохиолч, дуучин байсан юм. Тайзны зураач Б.Төмөрхуяг гуйа 70-80 оны театрын тайзыг амилуулдаг чадварлаг зураач байсан. Эдгээр хүмүүсийн хүндэтгэн уран бүтээлийг нэгтгэсэн ном гаргадаг уламжлалтай. Уг ном нь дараачийн үедээ оюуны том өв болон үлддэг. Эдгээр эрхмүүдийн бүтээл туурвилыг үгүйсгэнэ гэдэг нүгэл бөгөөд тухайн үед энэ тайзаа эзэгнэж байсан болохоор алтан тайзны эзэд хэмээн нэрлэдэг.
-Таны хувьд энэ жил ямар жүжигчдийг дурсан ярих вэ?
-Ойн арга хэмжээний үеэр миний бие өөрийн багш гэж хэлж болох жүжигчин Б.Дашдаваа гуйан талаар ярих юм. Тухайн үед миний бие энэ хүнийг бишрэн шүтэж, энэ театр орсон хүний нэг нь юм. Мөн Д.Лхамхүү гуйан ард түмэнд Чимэд багшийн дүрээр мөнхөрсөн жүжигчин. Энэ хүнтэй 20-оод жил хамт ажилласан. Театрын тайзнаас гадна нэг өрөөний эрхэм анд бөгөөд надаас 10 гаруй насаар ах минь юм. Кино драмын сургуулийн хоёрдахь төгсөлтийн жүжигчин болох Т.Латив гуйан талаар дурсан ярина даа.
Д.Лхамхүү буюу “Түмний нэг” уран сайхны киноны Чимэд багшийн дүрээр ард олонд танигдсан түүний 80 насны ой тохиож байна.
-Таны хувьд театрын жүжигчидээс алинтай илүү дотно нөхөрлөдөг байсан бэ?
-Театрын хамт олон бол ах дүүс, аав ээж шиг тийм дотно хамт олон байдаг. Тэр дундаа үе тэнгийнхэн гэж байдаг. Д.Лхамхүү, Цолмонбаатар, Нямсүрэн, Шагдаржав, Ё.Гантөмөр, Алтан-Өлзий, Дорлигжав, бид хэд нэг өрөөнд суудаг байсан. Бид найм түүхэн баяруудаа хувааж аваад нэгнийхээ гэрт гэр бүлээрээ зочилон хамт тэмдэглэдэг уламжлалттай байлаа. Одоо бол Алтан-Өлзий, Ё.Гантөмөр бид гурав амьд сэрүүн үлдсэн байна даа.
-Таньтай хамт мөр зэрэгцэн тоглож байсан жүжигчдээс дурсан ярихгүй юу?
-Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Д.Лхамхүүгийн 80 насны ой энэ жил болж театрын хамт олон маань түүний уран бүтээлийг дурсахаар болсонд баяртай байна. Тэрбээр “Арын албаныхан”, “Галт шугуй” зэрэг жүжигт тоглож байсан. Миний санахад Вьетнамын жүжигт тоглосон бөгөөд өөрөө их дөлгөөн зантай учир уг жүжигт өөрийнх нь зан авир маш их таарсан санагддаг. Театрыг жүжигчнээс илүүтэйгээр кинонд маш сайхан дүрүүдийг бүтээсэн. Чимэд багшаас гадна хамгийн сүүлд “Шинэ үсгийн багш” киноны өвгөний дүрийг амилуулсан юм. Сайхан уртын дуу дуулдаг, хуучир, рочер тоглодог байсан. Тухайн үед хөдөө бригадаар явах үед Лхамгүүгийн хувийн үзүүлбэр театрын нүүрийг тахалдаг байлаа шүү дээ.
-Таны хувьд залуу жүжигчдэд юу зааж сургахыг эрэлхийлж байна вэ?
-Орчин үеийн жүжигчид номыг заалгаад ирсэн хүмүүст ном заахгүй. Хийж байгаа гүйцэтгэл дээр нь тусалдаг. Жүжигчний үйл ажиллагаа олон удаа үлгэрлэж байж тов тодорхой гардаг. Хэн театрын тайзнаа хөлсөө их урсуулна тэр хүн сайн жүжигчин болдог. Жүжигчин хүн жүжигт тоглоход ямагт бэлэн байхыг өөрөөсөө шаардах хэрэгтэй.
Т.Буянаа
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.