Улс төрд хүртэл уналт, уруудалт үргэлжилсээр

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 03 ・ 1

Монголын нийгэм, улс төрийн нөхцөл байдалд сар бүр иргэдээс түүврийн аргаар авдаг МЕС ХХК-ийн судалгааны дүнг уншигч танд сонирхуулъя. Удахгүй улс төр идэвхжих сонгуулийн жил гарлаа. Улс төрийн намууд, улстөрчдийн амилах цаг цохилж эхэлсэн. Нийгэм, эдийн засгийн байдал ч иргэдийг хөдөлгөөнд оруулж буй.



Харин харамсалтай нь төр засаг, улстөрчдөд өдрөөс өдөрт иргэдийн итгэл алдарч байгаа. Шилдгүүдийн санал асуулгаараа цахим сайтууд өрсөлдөж, улс төрийн намууд ч сонгуулийн бэлтгэлдээ орж, хаа сайгүй улс төрийн идэвх сэргэж буй энэ үеийн нөхцөл байдалд иргэд ямар үнэлгээ өгч вэ. Судалгаагаар хэн нэг нь цойлж гарч ирсэнгүй, харин ч хоёр сарын өмнөхөөсөө урууджээ. Улстөрчдийн янз бүрийн рейтингийн санал асуулгын дүнтэй МЕС-ын судалгааны дүн зарим талаараа нийцэж байгаа. Гэхдээ Монголын улс төр, нийгмийн байдалд сайн гэхгүй юмаа гэхэд хангалттай гэдэг үнэлгээ өгөх зүйл тун ховор байна.

Бага багаар өсч буй намуудын чансаа

Улс төрийн намуудын чансаа жилийн өмнөхөөсөө унасан нь тодорхой. Ардчилсан намын нэр хүнд жилийн хугацаанд долоон хувиар буурсан ч сүүлийн хоёр сард бага зэрэг өгсч эхэлсэн байна. Гэсэн хэдий ч бусад намаас чансаагаар арай илүү байгаа аж. Унаж, босч явсаар Монгол ардын намын чансаа бахь байдгаараа байрандаа эргэлдсээр. АН-ынхны ажлыг шүүмжилж байж бусдын дэмжлэгийг олно гэж тооцоолсон нь Ардын намынханд үр дүнгээ өгсөнгүй. Өнгөрсөн жилийнхээсээ гурван хувиар л нэмэгдсэн боловч нэр хүнд нь 20 хувьд хүрч чадаагүй л байна. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл сүүлийн үед тархай бутархай байдалтай болж, дотроо зөрчилдөж суугаа. Эвслийн гишүүд нь бие даагч гишүүн шиг сул задгай гүйлдэх болсонтой холбоотой гэж тайлбарлаж болох ч өнгөрсөн хоёр сард судалгаанд нэг их өөрчлөлт гараагүй байна. Чамлахаар өнгөрсөн жилийн өдийд дөнгөж зургаан хувийн дэмжлэгтэй байсан бол одоо есөн хувьд хүрчээ гэж бодож тайвширч болох. Хэрэв бие даагч гурван гишүүн нам байгуулбал “Шударга ёс” эвслээс ч илүү байж мэдэх юм. Тэгэхдээ, зөвхөн одоохондоо шүү дээ. 21 хувь хүртлээ өсч байсан тэдний рейтинг өнгөрсөн сард 16 хувьтай гарлаа. УИХ-д хоёр суудалтай, сүүлийн үед АН-тай нэгдэх тухай ярьж эхэлсэн Иргэний зориг, ногоон намд төдийлэн өөрчлөлт гарсангүй. 1-2 хувийн дэмжлэгтэй хэвээрээ л.

Судалгаанд нэг жилийн туршид парламентын гаднах намуудаас нэгийг нь ч иргэд нэр цохон дэмжиж байсангүй. Тэгвэл улс төрд сүүлийн үед дуу хоолойгоор идэвхтэй хүргэх болсон Хөдөлмөрийн үндэсний нам гурван хувийн саналаар өнгөрсөн сарын судалгааны дүнд нэрлэгджээ. Ингээд эдгээрийг багтцалбал, АН-20, МАН-18, бие даагчид 16, “Шударга ёс” эвсэл-9, ХҮН-3, ИЗНН-1 хувийн санал судалгаанд оролцогчдоос авчээ. Харин үлдсэн 33 хувь нь аль ч нам эвсэл, улс төрийн хүчнийг дэмжихгүй гэж. Өнгөрсөн тавдугаар сард хэрвээ сонгууль болсон бол аль ч нам ялахгүй буюу 55 хувийн санал хүчингүй болох байжээ. Тэр үеийг бодвол иргэд багаар ч болов намуудад итгэж эхэлжээ. 


Хэн нь шилдэг улстөрч вэ

Сонгуулийн өмнөхөн элдэв рейтингийн судалгаа, санал асуулгын их давалгаа бүр цунами ч болох үе бий. Залуу, туршлагатай, эрэгтэй, эмэгтэй хэмээн ангилж, 76, 99, 100 гэх бэлгэдэл бүхий тоогоор шилдэг улстөрчид тодорсоор л байгаа. Он гараад сурталчилгаа хийж болохгүй учир одооноос пиар хийх, олонд танигдах нэг аргаа санал асуулгууд гэж ойлгох нь цөөнгүй. Харин тэр нь ямархуу үр дүн үзүүлж байгааг чансаа тогтоох хөндлөнгийн судалгаагаар хянах боломжтой. Олон нийтэд таалагдах зүйл л ярьдаг, эмзэг газрыг нь олж хатгаж чаддаг хүнийг шилдэг улстөрч гэгддэг нэг онцлог манайд бий. Тийм ч болохоор сүүлийн нэг жилд УИХ-ын бие даагч гишүүн С.Ганбаатар чансаа өндөр яваа. 19 хувиас 37 болтлоо нэр хүнд нь өссөн түүний чансаа уруудсаар өдгөө 20 хувьтай гарлаа. Түүний өрсөлдөгч зургаан хувиар араас нь нэхэж яваа Г.Уянга гишүүн “Шударга ёс” эвслийнхээ хуралд харагдах нь ховордож, бие даагч гишүүдтэй хамт хэвлэлийнхний өмнө үе үе үзэгдэх болсон. Зургаан сарын дотор иргэдийн дэмжлэгийг хүлээж судалгаанд нэр нь орж ирсэн Б.Бат-Эрдэнэ гишүүн шилдэг гурван улстөрчийн нэг мөн үү. УИХ-ын гишүүн Х.Баттулга, Ц.Нямдорж нарыг иргэд дэмжиж байгаа гэж судалгаанд дурджээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэр дөрвөн сар огт дурсагдаагүй ч аравдугаар сард долоон хувийн дэмжлэгтэй байсан бол өнгөрсөн сарын байдлаар эргэж орж ирсэнгүй. Хотын дарга Э.Бат-Үүл жилийн өмнө зургаан хувийн дэмжлэг хүлээж байсан ч иргэдийн итгэлийг төдий л удаан хадгалж чадалгүй, чансаа нь ойрын зургаан сардаа судалгаанд гарч ирж чадсангүй. Харин ч эсрэгээрээ иргэдийн итгэл, дэмжлэгийг хүлээхгүй байгаа дотор Ерөнхийлөгч, хотын дарга хоёр явна. Судалгаанд оролцогчид С.Ганбаатарт-20, Г.Уянгад-16, Б.Бат-Эрдэнэд-11, Х.Баттулгад-9, Ц.Нямдоржид-7 хувийн дэмжлэг үзүүлсэн байна. Тэгвэл Ч.Сайханбилэгийг-20, Ц.Элбэгдоржийг-14, Э.Бат-Үүнийг-12, Ц.Нямдоржийг-10, С.Баярцогтыг-7 хувь нь таалагддаггүй улстөрчөөр нэрлэжээ. Шилдэг улстөрчдийн интернэт санал асуулгын эхний аравт Б.Бат-Эрдэнэ, Ц.Нямдорж, Х.Баттулга, С.Ганбаатар нарын нэр явж байгаа аж. 


Уруудсаар л... 

Хоёр дахь удаагаа сонгог­дон ажиллаж байгаа Ерөнхий­лөгчийн хувьд сүүлийн үед чансаа нь унаж буй дүр зураг ажиглагдах болсон. Уржигдар гэхэд парламентад суудалтай болон суудалгүй намууд нэгдэн мэдэгдэл хийсэн нь Ерөнхийлөгчийг шүүмжилсэн өнгө аястай байв. УИХ ажлын хэсэг байгуулж боловсруулж байсан Улс төрийн намын тухай болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг Ерөнхий­лөг­чийн тамгын газарт та­тан авч боловсруулснаа танил­цуулсан. Хоёр хуулийг нэгтгэж боловсрууллаа, улс төрийн намуудаас ангид байж хийсэн төсөл гэж тайлбарладаг. Гэвч үүнийг нь намуудын генсекүүд хүлээн зөвшөөрөх боломжгүй, УИХ-ын ажлын хэсгийн боловсруулсан төс­лөөс ч муу болжээ, Ерөн­хий­лөгчийн засаглалтай болохыг санаархсан гэх мэтчлэн нэлээд шүүмжилж, дэмжихгүйгээ илэрхийлэв. Харин иргэдийн дунд төрийн тэргүүний нэр хүнд ямар байгаа вэ. Судалгаанд оролцогчдын ердөө 13 хувь нь сайн ажиллаж байгаа, 35 хувь нь дундаж гэж үзжээ. Харин маш муу-15, муу-29 хувь байгааг нийлүүлбэл 44 хувь нь дэмжээгүй гэсэн үг. 
 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: