Сэлбэ голыг боож баригдсан S.Outlet’s-д гал гарлаа

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 12 ・ 5

 

Хариу мөдгүй амьсгаа тасрах гэж байсан Сэлбэ голыг аврах компанит ажил өнөөдрөөс дөрвөн жилийн тэртээ эхэлж, “Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлэх, орчныг сайжруулах” төслийн хүрээнд өнгө төрхийг нь өөрчлөхийн сацуу голоо аврахаар нийслэлийн удирдлагууд жинтэй хөдөлж байлаа.

Худалч хүнд бараг өдөр шөнөгүй машин хөлхөлдөж, хүн амьтан бужигнан ид бүтээн байгуулалт өрнүүлсэн төслийнхөн татвар төлөгчдийн мөнгөнөөс 8.9 тэрбумаар тоглосон болоод л өндөрлөсөн. Тэгвэл уг ажил сураг алдрахтай зэрэгцээд Сэлбэ голын далан дээр зэрэгцээд шахуу боссон S.Outlet’s дэлгүүрийнхэн уухай хашгиран Сэлбэ гол руу дайрч шороо асган, хашаагаа тэлээд зогсохгүй, голын гольдрилыг хүртэл өөрчлөөд амжсан юм.

Ингээд уг хэргийн дагуу манай сурвалжлах багийнхан өнгөрсөн зургаадугаар сараас эхлээд S.Outlet’s дэлгүүрийн эргэн тойронд сурвалжлага бэлтгэж эхэлсэн. Цуврал сурвалжлагын явцад S. Outlet’s дэлгүүр Монгол Улсын хуулийг хэд, хэдэн удаа ноцтойгоор зөрчиж барилгын үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдсон бөгөөд НМХГ, НЕТГ, Туул голын сав газрын захиргаа тухай бүртээ өөр, өөрийн чиглэлээр ноцтой зөрчил илрүүлснээ ч бидэнд дуулгаж байлаа.

Түүнчлэн энэ талаарх мэдээллийг S.Outlet’s дэлгүүрийн норм зураг дээрх 16*30-ийн харьцаатай түр барилга дээр ажиллаж байсан талбайн инженер Д.Эрдэнэбат баталж, тэр ч байтугай “Өнөөдөр хууль мөрдөгдөж байгаа нь хаа байгаа юм. Өчнөөн тэрбумаар нь барилга барьж байгаа юм чинь өөрийнхөө өмчийг хамгаалж үерийн далан босголгүй яадаг юм” хэмээн даналзаж байв.

Тэгвэл хотын дарга Э.Бат-Үүлийн чихэнд  хүртлээ томорч, анх байсан байдалд нь оруулна гэж хүртэл ам алдуулж байсан уг барилга манай сурвалжлах багийнхан хөдөө орон нутагт томилолтоор яваад ирэх хооронд хэдийнэ баригдаж дуусаад, нээлтээ хийчихсэн байлаа.

Гэвч асуудал зөвхөн үүгээр зогсоогүй, S.Outlet’s-ийн барилга зөрчилтэй байгаа талаар бидэнд удаа дараа мэдээлж, мэдээ, материалиар хангаж байсан төрийн албаны мэргэжилтнүүд маань сураг алдарч, уулзахаар товлосон ч олдохоо болилоо.

Тиймээс энэ бүх но-той үйлдлийг хууль, дүрэм зөрчихдөө гаршсан S.Outlet’s-ийнхэнтэй холбож үзэх, хардахгүй байх аргагүйд хүргэлээ. Барилгаа халааслаад явахгүйгээс хойш зөрчсөн хуулиа засч залруулж чадахгүй S.Outlet’s дэлгүүрийнхэн төрийн хэрэгжүүлэгч агентлагуудын амыг үнэхээр мөнгөөр тахалж уу  үгүй юу, хэн нэгэн эрх мэдэлтний нөлөө орж уу үгүй юу гэдгийг шалгахаар өчигдөр буюу 2015 оны 12 дугаар сарын 11-нд тус дэлгүүрийг зорьсон юм.

Гэтэл биднийг дөнгөж очив уу үгүй юу, будаг нь ханхалсан зөрчилтэй барилгад маань үймээн дэгдэж, гал авалцаж эхлэв. Тэрхэн хооронд ажилчдын дунд “Телевизийнхэн ирсэн байна. Гялс юмнуудаа цэгцлээрэй. Галын хор аваад ир, алга байна, урдаас аваад ир” хэмээн сандралдаж байв. Үүнээс яаралтай үед зайлшгүй байх ёстой галын хор яг энэ баригдсан дэлгүүрт байхгүй байсныг харж болно.

Ингээд галын үймээний дараа бид менежертэй нь уулзаж барилга, хууль дүрийн зөрчлийн талаар тодруулах гэсэн боловч “Барилга” гэх ганцхан үгийг сонсоод л царай нь хувьсхийж, “Захиралтай уулзаж л тодруулахгүй бол бидэнд мэдэх юм байхгүй. Даанч захирлын дугаарыг өгч болохгүй. Дараа хүрээд ир. Өнөөдөр ир” гэсээр биднийг хөөж туун гаргасан гэдгийг нуух юун.

Сэлбэ голыг аврах гэж улсаас боломжтой бүхий л аргыг хэрэглэсэн. Гэтэл энэ мэт бренд барьсан дэлгүүрүүд Монгол Улсад орж ирэн, хэдэн зуун жил нийслэлчүүдийн ундаалж ирсэн Сэлбэ голыг ширгээх гэж бүхий л аргаараа үзэж байна. Дэлхийд хэдийнэ хэрэгцээнээс хасагдсан эм бэлдмэлийг ядуу буурай оронд вакцин нэрээр шахдаг шиг манайд ч бренд нэртэй зах зээлээс шахадсан барааг оруулж ирэн, эрх мэдэлтнүүдийн амыг мөнгөөр халхалж байхыг үгүйсгэх аргагүй юм.

Мэдээж ийм хүмүүсээс эх орон, үр хүүхдийн минь ундаалах усыг хайрла гэж нэхэх аргагүй билээ. Тиймээс энэ мэт бренд нэр зүүсэн гадны бараанууд эх орны минь газар шороо, уух ус, хууль дүрмийг дэвслэхийг цаашид харж тэвчихгүй учир энэ асуудлыг эргэн мэдээлж, холбогдох хүмүүсээс тодруулгыг хүргэх болно.

Х.Маргад

Эх сурвалж: www.TODAY.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: