Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 12 сар 12
・ 3
Сонгуулийн тухай хуулийн төслийг эдүгээ УИХ-аар хэлэлцэж буй. Үүнд “Санал хураалт болох өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө байгуулагдсан нам л сонгуульд оролцох эрхтэй” гэсэн заалт бий. Үүнээс амжих гэсэн мэт шинэ намууд шил даран мэндэлж байна. Тэгвэл хэсэг залуу Бие даагч иргэдийн холбоо байгуулжээ. Уг холбооны зохицуулагч, Улс төр, менежментийн академийн Захирал Д.Уламбаяртай ярилцлаа.
-Яагаад нам байгуулахын оронд бие даагчдыг нэгтгэх гэсэн юм бэ?
-Сонгуулийн хуульд байгаа цорын ганц улстөржсөн үг бол бие даагч. Энэ үгийг сонссон хэнд ч сонгууль бодогдоно. Өнөөдрийн нөхцөл байдлыг харахад сумаас эхлээд УИХ-ын түвшинд бие даагчдын дуу хоолой тодорхой хэмжээгээр нэмэгдэх магадлалтай байна. Гэвч бие даагчдад олон сул тал бий. Тусдаа мөрийн хөтөлбөр, амлалт өгдөг. Тэгвэл нэгэнт бий болох гэж буй бодит байдлыг ад үзэхийн оронд зөв зохион байгуулалтад оруулбал улс орны эрх ашигт нийцнэ гэсэн үүднээс багш нар, улс төр судлаач, нэр сэвтээгүй, өндөр албан тушаал хашиж байгаагүй залуус нэгдэж, Бие даагч иргэдийн холбоо гэдэг төрийн бус байгууллага үүсгэсэн. Зохион байгуулалтын дараа дараагийн шатны ажилдаа ороод явж байна. Бидэнтэй нэгдэхээр сонирхлоо илэрхийлж буй хүн олон. Гэвч хүссэн бүрийг авах боломжгүй. 48 тойрог л бий учраас эх орныхоо төлөө сэтгэлтэй, оюунлаг, зөв залуусыг тодорхой шалгуураар элсүүлнэ. Хүмүүстэй уулзаж, хэлэлцүүлэг өрнүүлээд явж байна.
-Ирэх сонгуулиар УИХ-д сонгогдох бие даагчдын тоо өсөх магадлалтай байгааг улстөрчид ч ярьж байна. Гэхдээ үүнийг тогтоосон бодитой судалгааг та бүхэн хийсэн үү?
-Манай академиас гурван ч удаа судалгаа хийж үзсэн. Нийслэл болон 4-5 аймгийн төлөөлөл 4000 хүн хамруулсан уг судалгаагаар УИХ-д суудалтай таван намын рейтинг нийлээд оролцогчдын 45 хувийн саналыг авсан бол 35 хувь нь бие даагчдыг дэмжинэ гэсэн дүн гарсан. Энэ байдал сонгууль хүртэл хадгалагдах юм бол бие даагчид арай илүү суудал авах боломжтой. Бид судалгааны дүнгээ бусад байгууллагынхтай харьцуулсан, оройлцоо гарч байгаа. Нөгөө талдаа намууд санал хуваахын тулд бүх тойрогт хүмүүсээсээ бие даан нэр дэвшүүлж болзошгүй. Тиймээс манай холбоо нэг тойрогт болж өгвөл нэг бие даагч дэвшүүлэх чиглэлээр ажиллаж байна.
-Тэгэхээр бие даагчид бараг бүлэг байгуулах хэмжээний суудал авч мэдэх нь, тийм үү?
-Зорилгоо тодорхойлоод, маш зөв хүмүүсийг нэгтгэж чадвал ийм боломж бий.
-Бие даагч олон гараад ирвэл төрийн шийдвэр буух эзэнгүй, хариуцлага үүрэх хүнгүй болно гэсэн болгоомжлол бий. Олон өөр байр суурь, үзэл бодолтой хүмүүсийг нэгтгэх амаргүй л байх даа.
-Мэдээж амаргүй. Амжилтад хүрэхийг хүсвэл маш том зөвшилцөл хийх хэрэгтэй. Зорилгоо нэгтгэж чадсан нь нэг мөрийн хөтөлбөртэй сонгуульд оролцох юм.
-Сонгуулийн хуулийн төсөл бие даагчдад хэр ээлтэй, эсвэл халтай байна?
-Маш халтай. Сонгуулийн сурталчилгаа явуулах, гарын үсэг цуглуулах хугацаа богиносож, тойрог томсож буй. Зохион байгуулалтад орж, нэгдэж чадахгүй бол бие даагчид амжилтад хүрэхгүй. Нэгдэж байж л тэр боломжийг ашиглаж чадна.
-Олон жилийн турш ээлжлээд эрх барьчихсан, хууль эрх зүйн орчноо өөртөө тааруулж өөрчлөн хана хэрэм босгочихсон хүмүүсийн дундуур хэдэн бие даагч орж ирлээ гээд юу хийж чадах вэ?
-Дуртай хуульдаа хориг тавьж, бас батлуулахын тулд лообий хийж ажиллаж чадна. Энэ бол шийдвэр гаргахад оруулах том хувь нэмэр. УИХ-аар бүлэглэлүүдийн эрх ашгийг хамгаалсан олон хуулийг чимээгүйхэн баталж байна. Энэ урсгалыг зогсоохын төлөө ажиллах хүчтэй сөрөг хүчин байж бас чадах юм.
-Бие даагч иргэдийн холбооны гол зорилгыг тодорхойлооч?
-Бид улс төрийн, эдийн засгийн, хүмүүнлэгийн гэсэн гурван том зорилт дэвшүүлж байгаа юм. Юуны өмнө Монгол Улсыг Ерөнхийлөгчийн засаглалтай болгохын төлөө ажиллана. 25 жилийн турш парламентын, зөвшилцөлийн засаглалтай явж байна
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.