Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 12 сар 17
Ж.ГЭРЭЛЧУЛУУН
Бид тэнгэр баганадсан оффис, орон сууцны барилгуудыг жил ч хүрэхгүй хугацаанд босгочихдог атлаа хоёрхон давхар цэцэрлэгийн байрыг хоёр, гурван жилээр царцааж чаддаг улс. Үүний нэг жишээ нь улсдаа цор ганц гэгддэг Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор. Эл цогцолбор хүнд хэлбэрийн тархины саа, хөдөлгөөний бэрхшээлтэй, мөн давхар согог, дауны хам шинж, тэр ч бүү хэл аутизмын эмгэгтэй хүүхдүүдийг хүлээн авдаг цорын ганц сувиллын цэцэрлэг юм. 1964 онд ашиглалтад орсон байр нь “стандартын бус, ашиглалтын хугацаа дууссан” гэх “онош”-тойгоор гурван жилийн өмнө актлагдаж улмаар өнгөрсөн хугацаанд 58 дугаар цэцэрлэгийн нэг жигүүрт үйл ажиллагаа явуулсаар иржээ. Цэцэрлэгийн хуучин байр 120 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай байсан учир багш нар нь хүүхдүүдээ алагчлахгүй гэсэндээ гурван жижиг өрөөндөө бүх хүүхдээ хүлээн авч хоёр жил гаруй “гал алдчихгүй” ажилласаар ирж.

Угтаа, стандарт нормоороо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэгийн нэг анги 10-аас дээшгүй хүүхэдтэй байх ёстой ч өдгөө эл цэцэрлэгийн багачууд умгар жижигхэн ангидаа 40-үүлээ багтаж ядан байна. Өөрөөр хэлбэл, зургаан бүлгээ гурван ангид хуваан хичээллүүлж байгаа хэрэг. Тархины саажилттай хүүхдэд хамгийн үр дүнтэй нь хөдөлгөөн заслын эмчилгээ мөн цэвэр агаар байдаг тухай захын эмч хэлнэ. Гэтэл гуравхан жижиг өрөөнд 120 хүүхэд амьтан шиг хашигдаж агаараа “булаацалдаж” байна. Энэ эмгэнэл биш гэж үү.
Цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт 2013 оны эхээр гарсан ч хуучин байрыг нь буулгах хөрөнгө тухайн оны төсөвт суугаагүйгээс барилгыг дараа жил нь нураахаар болсон аж. Гэтэл цэцэрлэгийн хуучин барилгыг нураах нь битгий хэл өдий хүртэл ширхэг тоосго ч сугалаагүй байна. Цогцолборын эрхлэгч Г.Буянжаргал энэ тухай “Анх манай цэцэрлэгийг нийслэлийн хөрөнгөөр барихаар төсөвлөсөн юм. Гэтэл гэнэт яам энэ ажлыг авч, концессын гэрээгээр баригдах сургууль, цэцэрлэгийн тоонд оруулсан ч өдий хүртэл дорвитой шийдэлд хүрсэн зүйл алга. Анх нийслэлийн хөрөнгөөр барина гэж байхад нь л бид шинэ цогцолборынхоо зураг төсөл болоод, шаардлагатай хөрөнгө мөнгөний тооцоог гаргасан юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тусгай лифтнээс эхлээд бүхий л эмчилгээний тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүдээ оруулаад нийт 5.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн төсөв гаргасан. Энэ мөнгөнд хуучин байрыг буулгах зардал ч багтсан. Гэтэл өнгөрсөн хоёр жилийн төсөвт энэ мөнгө суусангүй. Их хуралд энэ тухай ярьж хэлж байгаа нэгээхэн ч хүн алга. Сүүлдээ Сангийн яаман дээр 2.2 тэрбум болтлоо танагдчихсан яваа тухай дууллаа” хэмээж байв.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.