Алсран холдож буй Тавантолгой

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 21 ・ 2
TOLGOI

ХҮРЗ БАРЬСАН ТҮҮХ

Нүүдэлчин явсан монголчууд нүүрсчин болсон цаг саяхан. Суперциклийн эрин хэмээгдэж байсан 2011 оны үед эдийн засаг 17 хувиар өсч, улсаараа уурхайчин болсноор Нүүрсний бүгд найрамдах улс болсон түүхтэй.
Хүрз бариад гарвал хүн бүр нүүрс ухчих, авдар авдар мөнгөтэй болчих юм шигээр ойлгож, үндэсний компаниуд нь хүртэл “Монгол 999” гэх малгайн дор нэгдэж Тавантолгойг өөрсдөө ашиглах ялгуусан аянд мордохоо илэрхийлж байлаа.
Тэгэхэд зургаан тэрбум орчим тонн коскжих нүүрсний нөөцтэй Тавантолгойн ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах чимээг дэлхий нийтэд өгч, Монгол руу хандсан дэлхийн томчуудын өрөг дээр болж өгвөл өөрсдөө нүүчихийг эрмэлзэж байв. Эрдэс баялгийн экспортын хувьд хоёр хөршөөсөө өөр тийш хазайж үзээгүй явсан монголчууд ийм алхам хийж эхэлсэн нь маргаангүй том амжилт байв.
 
Гэвч гаднынхныг гадуурхаж, “Бид чадна” хэмээн хэрээсээ хэтэрснийг амлаж, эцэст нь төр өөрөө хүрз бариад нүүрс ухаж эхэлсэн нь тийм ч зөв Шийдэл байгаагүйг өнгөрсөн түүх харуулж байна. Эхлээд Тавантолгойн нийт хувьцааны 10 хувийг ард түмэнд үнэгүй эзэмшүүлнэ хэмээж, нэг хүнд ногдох нэгж хувьцааг нэг сая төгрөгөөр үнэлэв. Дараа нь Монгол Улсад бүртгэлтэй компани бүрт хувь эзэмшүүлэх амлалт өгөв. Алтан хувьцааны сураг ч гарсан. Гэвч хийх ёстойгоо хийж, шийдэх учиртайгаа шийдэлгүй сонгуулийн хожоог илүүд үзэж, эхлээд монгол хүн бүрт сар бүр 21 мянган төгрөгийг түгээв. Бүр Тавантолгойгоос олно гэж тооцсон ашгаа барьцаалж байгаад гаднаас мөнгө зээлж, 2008 оны сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд “Эх орны хишиг” хэмээн тараав. Эцэст нь дэлхийг хошууруулж асан ордоо ашигласан ч юм байхгүй, нэмүү өртөг шингэсэн угаах үйлдвэр барих амлалтаа ч мартах зуур хар алтны ханш үнс болов. Ард түмэн амласан мөнгийг нь барьж үзэлгүй, орлуулж буй гэх 1072 хувьцааныхаа барааг ч алдав. Өнөөх их баялаг, тэндээс олж улсаа баяжуулах асар их хөрөнгө, өдөр шөнөгүй амлаж байсан баялгийн хуваарилалтаас 21 мянган төгрөгийн очерийг л иргэд эрхбиш санаж байгаа.
СОНГУУЛИЙН ээлжит СУРТАЛЧИЛГАА
Тавантолгой бол шоу биш. Сонгуулийн амлалт бүр ч биш. Нэг үгээр хэлбэл, нэг намын сонгуулийн амлалтад зориулсан санхүүгийн эх үүсвэр, хэсэг улстөрчдийн улстөрд дахин сонгогдох эдийн засгийн баталгаа, бэлэн мөнгөний машинуг нь биш билээ. Харин Монголын хөгжлийн хөтөлбөр байх учиртай томоохон төсөл. Үүнийг хэн нэгэн эрхэм мэргэн ухаанаараа олоод гаргачихаагүй, хэсэг улстөрч сууж байгаад шийдчихээгүй юм. Гэвч ирээдүйд олборлох нүүрсээ барьцаалан Хятадын компаниас 250 сая доллар зээлэн байж сонгуулийн амлалтаа “биелүүлсэн” Сү.Батболдын Засгийн газрын шоу Ч.Сайханбилэгийн үед ч үргэлжлэх бололтой. Өөрөөр хэлбэл, сонгуулийн чимээ айлсахтай зэрэгцэн Засгийн газар, УИХ-ын онилж буй байны нэг нь Тавантолгой болж байх шиг.
Энэ оны эхээр эхний алхмыг хийхээр зориглож, ашиглах гэрээг гадна дотнын хамтарсан консорциумтай байгуулахаар ханцуй шамласан ч улс төрийн тоглоомын бай болоод дууссан. Баян цатгалан байхдаа зургаан тэрбум тоннын нөөцтэй ордынхоо нэгээхэн хэсгийг араа бодолгүй, асар хатуу болзлыг нь ч анзааралгүй урд хөршдөө “ломбардаж” сонгуулийн өрөө хаасан, тэр нь өр болж өдгөө ордоо бараг тавиад туучих шахуу юм болж байхад тэнд барих төмөр замыг 10 мянган цэргээр бариулахаа эрх баригч АН-ынхан мэдэвдэв. Энэхүү шийдвэрээ албажуулахын тулд 2016 оны төсөвт 24 тэрбумыг суулгаад буй. “Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий” гэдэг шиг барих төмөр зам, түүнд зарцуулах хөрөнгө нь ч хаа байгаа юм бүү мэд.
АН-ын дарга З.Энхболд ч саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа Тавантолгойн асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр, энэ Засгийн газар Тавантолгойг явуулж чадахгүй байх. Тиймээс Тавантолгойг дараагийн УИХ-д үлдээсэн нь дээр. Яагаад гэхээр ямар ч уул уурхайн орд төмөр замгүй бол орд биш болчихдог. Өмнө нь нүүрсний үнэ өндөр байхад машинаар зөөгөөд болоод байсан ч үнэ унахаар болохгүй байна. Тэгэхээр урагшаа явсан 280 км, зүүн тийшээх 425 км төмөр замыг барихгүйгээр энэ ордын жинхэнэ үр ашгийг Монголын ард түмэн хүртэхгүй. Асуудлын гол нь төмөр замдаа байгаа болохоос уурхайд байхгүй гэжээ. Эндээс харахад төмөр замаа л тавьчихвал бүх зүйл “ОК” аж. Гэхдээ төсөвт суулгасан 24 тэрбум төгрөг бол төмөр зам барих мөнгө биш, 10 мянган цэргийн ар гэрт цалин нэрээр сонгуулийн шоу болгож тараах мөнгө шүү дээ гэсэн яриа гараад байгаа. Уг нь өдийд бид төмөр замтай болчихсон, түүгээрээ нүүрсээ зөөгөөд байж байх боломж байсан уу гэвэл байсан юм. УИХ-ын даргын хэлсэн шиг нүүрс үнэтэй байх цагт л төмөр замаа тавих байж. Тэгвэл үнэтэй нүүрснээс төмөр замд унах ашиг үнэтэй л байх байсан. Одоо төмөр зам тавилаа гээд үнэгүй шахам нүүрснээс өгөөж төмөр замд ирэхгүй нь тодорхой билээ. Төр харалган байгаагийн тодоос тод жишээ энэ мөн.
Харин хувийн хэвшлийнхэн төрөөс илүү холыг харж байсны жишээ нь Ухаахудагт үйл ажиллагаа явуулдаг “Энержи Ресурс” компанийнхан. Тэд нүүрсний үнэ тэнгэрт хадаж байсан тэр цагт өөрсдөө төмөр зам барих зөвшөөрөл авч, бүтээн байгуулалтаа хийж эхэлсэн ч УИХ 2010 оны зургаадугаар сарын 24-ний 32 тоот тогтоолоороо “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг баталснаар хийсэн ажлаа улсад хураалгасан. Улмаар Засгийн газрын 2010 оны арваннэгдүгээр сарын 30-ны 283 дугаар тогтоолоор эхний үе шатанд төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон билээ. Тэглээ гээд бүтсэн юм алга. Улстөрчдийн бие биенийгээ хардсан, үгүйсгэсэн, цэцэрхсэн хэрүүл тэмцлээс өөр юм үлдсэнгүй.
Ийнхүү томоохон ордоо хөгжлийн түлхүүр биш, хөл дэгээдсэн улс төр болгож хувиргасан түүх яг энэ замаараа дахиад сажлах болж байх шш байна. Яагаад гэюл Тавантолгой дахиад л улстөрчдийн ярих, барьж авах сэдэв, сонгуулийн шоу болсны илрэл нь АН-ын тугаа болгож эхэлсэн 10 мянган цэргээр тодорч байна.
 
ӨӨР ХООРОНДОО “ЗОДООН” ХИЙХ ЗУУР
2010-2011 оны үед Австралид үер болсноор монголчууд завшсан. Тэр үеийн Засгийн газар, улстөрчид ухаантай байснаар улсын эдийн засаг 17 хувь өсчихөөгүй. Коксжих нүүрсний аварга хэрэглээтэй Хятадын гол ханган нийлүүлэгч Австралийн уурхайнууд усанд автсанаар манай нүүрс үнэд хүрсэн. Нүүрсээ Өснийн говийн тэнгэрийг тоосонд бүрхэгдэн харанхуйлтал машин машинаар зөөж байж л энэ өсөлтөд хүрсэн.
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 01 сар 28/

    Erdenes tavan tolgoig yaaralrai , EMERGY RESERC- t shiljuuleh ni zuitei tegehgui bol heden undur tsalintai darga ni tsalin ni l buuj baival busad ni yaahav gesen shig udur honog unguruuj baina

    Хариулах
  • Зочин / 2016 01 сар 28/

    Erdenes tavan tolgoig yaaralrai , EMERGY RESERC- t shiljuuleh ni zuitei tegehgui bol heden undur tsalintai darga ni tsalin ni l buuj baival busad ni yaahav gesen shig udur honog unguruuj baina

    Хариулах