Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 01 сар 08
・ 1
Н.БАТ
Нийслэлийн хамгийн утаатай дүүргээр хамгийн түрүүнд Сонгинохайрханыг цохон нэрлэж болох юм. Учир нь Баянхошуунаас салхиар туугдаж ирсэн гэр хорооллын утааны “ачаар” долоо хоног бүр шахуу хөшгөө угаах ажил Орчлон, Содон, 21 дүгээр хорооллынхонд нэмэгдсээр удаж буйг тэнд амьдрагсад дэндүү сайн мэднэ. Цутгамал бетон хана, ваакум цонхоор гадаад орчноос тусгаарлагдаж байдаг орон сууцны айлын хөшиг, тааз хана нь нүүрс түлдэг гэр хорооллын айлын хөшигнөөс дутахгүй тортог, тоосонцортож байгаа гэхээр нийслэлийн агаарын бохирдол ямар хэмжээнд байгааг мэдэрч болох. Гэтэл энэхүү утаан дунд амьдарч байгаа гэр хорооллын иргэдийн уушги нүүрсний тортгийг шүүх гэж хэрхэн зовж буйг Зайсан хийгээд хотын төвд амьдарч байгаа дарга нар ухаартлаа өдий биз. Ядаж л өглөө эртээр Баянхошуугаар дайраад гарах дарга нэг ч үгүй учраас бидний утаатай байна гэх нь үглээд өнгөрсөн дэмий үг төдий сонсдох болов.

Гэтэл эмч нарын сүүлийн жилүүдэд ярьж буй яриа, судалгаа, тоо баримт орой руу хатгах болсныг эрхбиш тэд анхаарч байгаа гэж найдья. Өчигдөрхөн Нэгдүгээр эмнэлгийн Уушги судлалын клиникийн тэргүүлэх зэргийн эмч Ц.Батцэнгэл “Нэг жилд оношлогддог байсан уушгины хавдрын тохиолдол одоо долоо хоногт л илэрч байна” хэмээн сэтгэл сэртхийлгэм тоо баримт бүхий ярилцлага өгсөн нь сошиал ертөнцийг уулга алдахад хүргэж байгааг анзаарлаа.
Эмчийн хэлснээр дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 10 хотын хоёрдугаарт жагссан Улаанбаатар зөвшөөрөгдөх хэмжээнээс 5-10 дахин их бохирдолтой байгаа юм. Агаарын бохирдол нь амьсгалын замын уушгины бүх төрлийн өвчин үүсгэж, гуурсан хоолойн цочмог үрэвсэл, багтраа өвчин жил ирэх тусам нэмэгдэж байгаа төдийгүй нас баралтын шалтгааны зургадугаарт эрэмбэлэгдэх болж. Мөн Хавдар судлалын эмч Оюунчимэгийн судалгаагаар хэдэн жилийн өмнө жилд 12-15 хүн уушгины хавдартай гэж оношлогдож байсан бол өнөөдрийн байдлаар долоо хоногт 16-17 хүнд илэрч байна гэсэн нь үнэхээр аюулын харангыг чангаар дэлдэж байгаа юм.
Түүний ярилцлагын араас твиттерт “мартсанаас мал мэнд үү” гэсэн шиг МCS компанийн “утаагүй зуух”, “утаагүй түлш” гэх зэргийн төслүүдийг эрэн сурвалжлав.
Ингээд хамтдаа бас эргээд саная. Үүнээс өмнө миний, таны хүүхдийн маргаашийн тухай бодол хамгийн түрүүнд орж ирснийг сануулах хэрэгтэй гэж бодлоо.
Мянганы Сорилтын сангаас Монголд хэдэн төсөл хэрэгжүүлэхээр болж 285 сая ам.долларыг санал болгоход Засгийн зүгээс төмөр замд шинэчлэл хийхийг санал болгосон ч хоёр улсын өмч гэдэг утгаараа энэ төсөл буцаагдсан. Харин мөнгийг тавиад туучихгүйн тулд 2010 оноос “Хүрээлэн буй орчин эрчим хүчний төсөл” нэртэйгээр утаагүй зуух, түлшийг гэр хорооллын айл өрхүүдэд хөнгөлөлттэй үнээр олгохоор болсон билээ. Тухайн үед буюу одоогоос таван жилийн өмнө нийслэлд 177 мянган өрх гэр хороололд амьдарч дунджаар нэг өрх жилд 4,2 тонн түүхий нүүрс түлдэг бөгөөд нийт 743 мянган тонн нүүрс түлж байна хэмээн тоо гарсан юм.
Сайжруулсан түлш, бүрэн шаталттай зуух нийлүүлснээр 2011-2012 оны халаалтын улиралд түүхий нүүрсний хэрэглээг 27 хувиар бууруулахаар тооцож, анх төслийг эхлүүлсэн. Төсөл ёсоор агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүс тогтоож 11145 өрхөд түүхий нүүрс түлэхийг хориглож, 70 мянган өрхөд түлшний хэмнэлттэй бүрэн шаталттай зуух нэвтрүүлэх, нам даралтын 39 зуухыг төвлөрсөн дулаан хангамжинд холбох, 774 өрхөд цахилгаан болон хийн халаагуур хэрэгжүүлэх гэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөж, зуух нийлүүлэх тендерийн эзнээр MCS компани тодорч багагүй хэл аманд орж байсныг өнөөдөр олон хүн санаж байгаа л юм байна.
Төслийн “ачаар” бас нэг бус хүн шинэхэн зуухаа буруу ашигласны улмаас түлэгдэж, “дэлбэрэлт”-д өртсөн хэргүүд ч гарсан нь цахим ертөнцөд хуучраагүй мэдээлэл мэт хадгалагдан үлджээ. Харин MCS компанийн хувьд дээрх мэдээлэлд эмзэглэж, нийслэлийн утааг богино хугацаанд бууруулахыг зорьж, энэ төслөөс ашиг хайгаагүй, 75 мянган зуухыг худалдаж авах, тээвэрлэх, түгээх бүхий л зардлаа өөрсдийнхөө хөрөнгийг барьцаалж байж, Голомт банкнаас 20 гаруй тэрбум төгрөгийн зээл авч, Европ стандартын зуухыг оруулж ирж айл бүрийн хаалга тогшин суурилуулсан хэмээн гомдоллосон.
Төслөөс утаагүй зууханд 44 сая ам.доллар зарцуулсан гэсэн мэдээ ч байдаг. За ямартаа ч “утаагүй зуух” гэх сайхан нэртэй өлзий хээ бүхий зуухнууд айл бүрийн хойморт заларсан нь үнэн. MCS-ийнхний хэлснээр яндангаас ялгарах тоосонцорын хэмжээ 50-80 хувь бууруулж чадсан төсөл болсон бол харин өнөөдрийн өнцгөөс харвал үгүй бололтой. Эмчийн хэлснээр Улаанбаатар хот агаарын бохирдлын зөвшөөрөгдөх хэмжээнээс 5-10 дахин их байгаа.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.