Тунгалагийн Санчир 20 асуулт

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 01 сар 08
 

Playboy: Ярилцлага өгч байгаад баярлалаа. Санчиртай уулзсаных сагс ярихгүй бол өөр юу ярих вэ? Өнгөрсөн намар Азийн наадмын сагсан бөмбөгийн тэмцээн манайхны урмыг сэргээсэн сайхан болж өнгөрсөн. Ялангуяа сагсчид. Ямар ч амралт байхгүй тоглолтууд өдөр бүр болж байсан шүү.

Т.Санчир: Тиймээ, Инчёоны Азийн наадам манай сагсан бөмбөгчдийн төдийгүй монголчуудын сэтгэлийг сэргээсэн сайхан наадам болж өнгөрсөн. Монголчууд сэтгэл зүрхээрээ бидэнтэй хамт байж цаг үргэлж дэмжиж байсан тэр хүмүүстээ бас баярлалаа гэж хэлэх  нь зүйтэй болов уу. Маш шахуу хувиартай байсан л даа. Нийтдээ 10 тоглолт хийсэн. Дунд нь нэг хоёр хоног амарсан. Гэхдээ бид нарт хамгийн их урам зориг, эрч хүч өгч байсан зүйл бол Солонгост ажиллаж амьдардаг мөн Монголд  байгаа хөгжөөн дэмжигчдийн дуу хоолой  бид нарыг  өдрөөс   өдөрт хурцалсан. Сошиал ертөнцөөр дүүрэн урам хайрласан маш их сэтгэгдэл, бичлэг тавигдаж байлаа. Эрэгтэй, эмэгтэй баг өөрсдийн хамаг байдгаа шавхаж тоглосон. Ер нь Ази тивдээ өрсөлдөх ур чадвар бүрэн байна хэмээн дүгнэж болно. Харин манайхан арай намхан биетэй учир асуудал байна.  Энэ наадамд Азийн шилдгүүд л өрсөлдсөн. Тэднээс сурах зүйл их, өндөр зэрэглэлийн сайн багтай тоглох нь манайхны хувьд маш чухал.

Playboy: Дэлхийн бусад орны тамирчид янз бүрийн витамин тэжээл их хэрэглэдэг юм билээ. Манай топ спортын төрлийнхөн ч хэрэглэдэг болсон. /допингийн төрлийн бус/ Сагсчдын хувьд ердийн хоолноос гадна нэмэлт тэжээл,витамин хэрэглэдэг үү?

Т.Санчир: Орчин үеийн спорт гэдэг бол өндөр хөгжилтэй орнуудад  шинжлэх ухаан болтлоо хөгжөөд байна.Тамирчдад уураг витаминыг тухайн  нөхцөл байдалд тааруулж хэрэглэж байгаа нь тамирчдыг удаан хугацаанд спортын талбарт  өрсөлдөж, хүч үзэх боломж олгодог. Харин манай сагсчдын хувьд яг үнэндээ одоогоор ямар нэгэн тусгай витамин тэжээл хэрэглэдэггүй. Одооноос эхлээд бэлтгэл сургуулилтаас гадна нэмэлт витаминууд уураг хэрэглэх хэрэгтэй  болоод байгаа . Сая Инчёоны Азийн наадмаас ч харагдлаа. Богино хугацаанд өндөр ачаалал авахад хүний биед юу юу хэрэгтэй болдог гэх мэт энэ бүгдийг судалж, мэргэжлийн тал руугаа  орох цаг болсон болов уу гэж бодож байна. Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд биднийг ажил хийхийн хажуугаар сагс тоглодог гээд гадны хэвлэлүүд дээр спортын наадмын үеэр бичээд байсан даа. Энэ нь бас нэг юм хэлээд байгаа юм.

Playboy: 2013 онд ОХУ-ын Казань хотод болсон Дэлхийн универсиад наадмын үеэр Монголын сагсчдаас ганцхан Санчираас допингийн шинжилгээ авсан гэж сонссон.Энэ үнэн үү? Яагаад ганцхан өөрөөс чинь авсан юм бол ...?

 

 Т.САНЧИР:  Тиймээ, энэ наадам дээр бас л Азийн наадам шиг шахуу тоглож байсан. Надаас авсан шалтгаан нь бол уг наадамд бэлтгэл сайтай, жигд өндөр темптэй тоглож байсан болохоор хардсан байх л даа ./инээв/

PLAYBOY:    Тэгээд хариу нь тэр дороо гарсан уу?

Т.САНЧИР:  Тийн тийн. Ямар ч асуудал гараагүй. Шинжилгээний хариу нь одоо ч надад байгаа. Хадгалчихсан. /инээв/

PLAYBOY: Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал таныг анх лигт хөтлөн оруулсан тухай ярилцлагаас чинь уншиж байсан юм байна. Хэрвээ тэр хүнтэй таараагүй бол сагсан бөмбөгийн спорттой холбогдох байсан болов уу?

Т.САНЧИР:  Яг  өдий зэрэгтэй амжилт  гаргахад Ц.Цэвэрбал багшийн минь ач гавьяа их байдаг. Сагсны ертөнцийн маш их зүйлийг надад зааж сургасан ачтай багш минь юмаа. Миний анхны багш маань Спортын мастер Мэндсайхан агсан. Цэвэрбал багштай нэг үед тоглож байсан монголын шилдэг сагсчин байсан. Энэ мундаг хүмүүсээр дамжиж сагсан бөмбөгийн гараагаа эхэлсэндээ дотроо маш их баяртай явдаг. Магадгүй анх Ц.Цэвэрбал багшийн Ёлууд багт орж гараагаа эхлээгүй бол өдий зэрэгтэй тамирчин болохгүй  ч байсан байж магадгүй юм. Хүний амьдралын хувь тавилан гэж сонин шүү.

PLAYBOY: Сагсан бөмбөг чамд юу өгсөн бэ?

Т.САНЧИР:  Сагсан бөмбөг надад тэсвэр хатуужил, багаар ажиллах, үг сонсож сурах гээд л ер нь их зүйлийг өгсөн. Спорт хүнийг хүмүүжүүлдэг. Тухайн нөхцөлд хором ч алдах ёсгүй үед маш хурдан, зөв оновчтой шийдвэр гаргах чадвар олж авна. Хамт олон үгүй бол би ёстой хэн ч биш, маш сайхан дотно хамт олонтой болсон.

PLAYBOY: Таныг хувийн тоглолттой гэж шүүмжилдэг хүмүүс байдаг? Энэ талаар өөрийн чинь бодлыг сонсмоор байна?

Т.САНЧИР:  Хүмүүс тэгж ярьдаг. Багийн маань тоглолт нэг л болж өгөхгүй үе байдаг ш дээ тийм үед, эсвэл баг олон оноогоор хожигдож байгаа үед  хувийн тоглолт үзүүлдэг. Хүмүүс янз бүрийн өнцгөөс л хардаг байх. Миний хувьд би хариуцлагаас айдаггүй. Баг хожигдвол би хариуцлага хүлээдэг. Яагаад гэвэл тухайн тоглолтын хувь заяа миний гарт байсан гэж үзэхийн бол багаа ялалтад хүргэж чадаагүй бол хариуцлагаа үүрэх ёстой.

PLAYBOY: Манай сагсчдыг Азид нэлээн өөрөөр хүлээн авдаг болсон байхаа, яг талбай дээр тоглож байгаагийн хувьд мэдрэгддэг үү. Хааяа бие биеэ нудраад авах, ширүүн харах тохиолдол гардаг шүү дээ. Мартахааргүй дурсамжаасаа хуваалцаач

Т.САНЧИР:  Манай улсын шигшээ багийг Азид анхааралдаа авсан л даа. Бусад орны баг бидний тоглолтыг бүгдийг нь бичлэг хийгээд авсан. Манайхтай тоглох тактикаа боловсруулж тоглодог болсон. Мартагдахааргүй явдал гэвэл Зүүн Азийн тэмцээн дээр намайг оноо тэнцүүлсэн шидэлт хийхэд  манай багийн Билгүүн ирээд, хацар луу хорстол чанга алгадаад гүйгээд явчихлаа. Тэр үед тоглолт ид дундаа өрсөлдөөнтэй явж байсан болохоор яаж байнаа ч гэж хэлж амжаагүй. Тэгээд удалгүй завсарлагаар “Чи түрүүн яасан чанга алгадваа” гэж асуулаа. “Уучлаарай баярлаад арай чангадуулчихлаа” гэдэг юм. /инээв/ Энэ мэтчилэн хөгжилтэй зүйлүүд зөндөө гардаг. Гадныхан манай багт хожигдоод ирэхлээрээ бас янз бүрийн ааш гарганаа. Юу юугүй хазах гэж байгаа юм шиг хор шар нь буцалсан юмнууд эргэн тойрноос дайраад л. /инээв/

PLAYBOY: Монголын сагсан бөмбөгчдөөс хэнийг хүндэлж явдаг вэ?

Т.САНЧИР: Монгол Улсын гавьяат тамирчин М.Шаравжамц, ОУХМ Т.Түвшинбаяр, М.Отгонбаяр ах нарыг хүндэлдэг

PLAYBOY: Сагсан бөмбөгийн ертөнцийн алдартай тамирчдаас хэний тоглолтыг үзэх дуртай вэ?

Т.САНЧИР:  Коби Брайнт. Миний санал зөв гэдэгтэй олон хүн маргахгүй байхаа. Түүний тоглолтыг үзэх дуртай, өөртөө итгэлтэй  шийдэмгий байдал нь надад маш их таалагддаг. Дээр нь  бага зэрэг ихэмсэг зан гээд л тэр бүх талаараа мундаг тоглогч. Коби бол энэ үеийн домог шүү дээ.

PLAYBOY: Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Энэ тэмцээний амжилтаасаа

Т.САНЧИР:  Энэхүү тэмцээнд  1 удаа ороод 3дугаар байранд орж байсан. Эхний тоглолт Хон Конгын багийг хожиж. Дараа нь хятад болон Филиппиний багийг хожин 4-т үлдсэн.  Тайванийн багт харамсалтай хожигдсон доо. Хүрлийн төлөө Филиппинтэй дахин учран хожиж байлаа.

PLAYBOY: -Биеийн өндөр хэд вэ?


Т.САНЧИР: 190 см. Есдүгээр ангидаа 188 см өндөр байсан. Түүнээс хойш ердөө хоёр см өссөн юм байна.

PLAYBOY: Сагсаар хичээллэж байгаа дүү нартаа ямар зүйлийг захих вэ

Т.САНЧИР:  Анхлан суралцаж байгаа дүү нартаа хэлэхэд Цагаан толгойн үсэг шиг яг анхнаас нь зөв сайн багш дээр суралцах хэрэгтэй. Аливаа спортын нэгэн адил хөлний тавилт, шидэлт гээд бүгдийг зөв сурахгүй бол дараа нь засахад маш хэцүү, цаг хугацаа их алдана.

PLAYBOY: Сагсан бөмбөгийн спортод чиний бодлоор юу дутагдаж байна вэ?

Т.САНЧИР:  Одоо монголын сагсан бөмбөгийг мэргэжлийн түвшинд хөгжүүлэх шаардлагатай гэж бодож байна. Тэгж байж бусад орнуудтай ижил түвшинд өрсөлдөх боломж нээгдэх болов уу. Заал талбай дутмаг тал бий. Сагсны шинэ ордон баригдаж байгаад баяртай байгаа.

PLAYBOY: Тамирчин хүн байнга л ялахгүй шүү дээ хожигдох үе байлгүй яахав. Хөгжөөн дэмжигчдийн урам хугараад хатуу хүтүү үг хэлэх үе гардаг шүү дээ ...

Т.САНЧИР:  Тэгэлгүй яахав тамирчид ялагдлаас их зүйл ойлгож дараагийн удаа ялдаг. Ялагдаж байж л тухайн тамирчин хөгжиж сайжирч байдаг. Хөгжөөн дэмжигчдээс зөндөө л дуу хоолой сонсогддог. Зарим нь хатуу ширүүн үг хэлдэг  нөгөө хэсэг нь урмын үг хэлдэг тэр болгоноос бас л тамирчин өөртөө дүгнэлт хийдэг байхдаа.

PLAYBOY: Сагсан бөмбөгөөс өөр спортоор хичээллэж байв уу?

Т.САНЧИР: Багадаа чөлөөт бөхөөр хэсэг хичээллэж байлаа. Дөрөвдүгээр ангидаа. Миний бөхийн дасгалжуулагч гавьяат тамирчин, алдарт бөх Д.Оюунболд гуай

PLAYBOY: Татгалзахгүй бол гэр бүлээ манай уншигчдад танилцуулаач?

Т.САНЧИР: -Би эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Манай эхнэрийг Сарнай гэдэг. Бид оны өмнөхөн хүүтэй болсон. Их сургуулийн хоёрдугаар курст байхдаа танилцаж үерхсэн. Эхнэр маань манай доод үеийн охин байсан. Ээж маань телевизийн сэтгүүлч.

PLAYBOY: Спорт бол залуу насны үйл. Сагсаа больвол юу хийх вэ, дасгалжуулагч хийх үү?

Т.САНЧИР: За тэр талаар хараахан нухацтай бодож байсангүй. Би Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийг дүүргэсэн. Спортын хажуугаар мэргэжлээрээ ажилладаг. Дасгалжуулагч болох уу эсвэл өөрийн мэргэжлээрээ ажиллах эсэхийг тэр үед нь хариулж болох уу?

PLAYBOY: Урлагт хэр дуртай вэ?

Т.САНЧИР:  Би ер нь урлагт дуртай элэгтэй гэх үүдээ. Ялангуяа дуу хөгжимд илүү дуртай. Зав гарвал хөгжим сонсдог. Миний найз нөхдийн хүрээнд урлагийн авьяастай хүн олон шүү. Спорт урлаг хоёр хосолбол их сайхан. Гитар гэдэг хөгжимд сонирхолтой, сурах гэж маш их хичээж байгаа хэ хэ.

PLAYBOY: Алдар нэртэй болох ямар байна?

Т.САНЧИР:  Алдар нэр хүн болгонд л ирдэг, ээж ааваас заяасан, анд найз нөхдөөс, ард түмнээс гээд л. Мэдээж хүн болж төрснийх дуурсах алдартай, дуудах нэртэй байх сайхан. Гэхдээ олны хайр хүндэтгэлийг дааж хүлээж явна гэдэг бол хариуцлага хэцүү. Нэг ёсондоо буруу хазгай гишгэж явж болохгүй гэсэн үг. Гэхдээ би өөрийгөө жинхэнэ мундаг хүмүүстэй харьцуулахад юун нэр алдар байх вэ. Тодорхой хэмжээнд ялангуяа дүү нар, залуучууд хүндэлж байгаа гэж ойлгодог.

 PLAYBOY:      Манай сэтгүүлд цаг заваа хумслан ярилцлага өгсөнд баярлалаа. Аян замдаа сайн яваарай, шинэ багтаа амжилттай сайн тоглоорой.

 

Эх сурвалж: www.playboymongolia.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх