Эдийн засаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 01 сар 11
・ 2
Ипотекийн зээл зогсоод яг нэг сар болж байна. Цэц Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль болон Иргэний хууль нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Уг асуудалд гарц олохоор Хуульзүйн байнгын хорооны дэргэд тусгай ажлын хэсэг байгуулагдаж, нэр бүхий хуулиудад өөрчлөлт оруулах замаар ипотекийн зээлийг хэвийн олгож өгөх нөхцөлийг эрэлхийлсэн билээ.
Ажлын хэсгийнхэн өнгөрсөн Баасан гарагт хуулийн төслөө өргөн барьсан. "Сохорсон биш завшив" гэгчийн үлгэрээр ипотекийн зээл шинэ өнгө төрхөөр чимэглэгдэж, масс хамарсан зээлжилтийн хэлбэр лүү шилжихээр хуульчлагдаж орж ирлээ. Тодруулбал, АН-аас найман хувийн хүүг тав хүртэл буулгах хэлбэрийг сонгож хуулиндаа тусгах ажлыг хийнэ гэдгээ төслөө өргөн барихаас өмнө мэдэгдсэн.
Ингэснээр бараг бүтэн жил хүлээлт үүсгэсэн 10 хувийн асуудал шийдэгдэхгүй нь тодорхой болов. Харин зээлийн хүүг тав болгох асуудал голлох толголт болох нь. Холбогдох албаныхны онцолж буйгаар зээлийн хүү тав болн буурсан тохиолдолд ирэн 450 мянган төгрөгийн цалинтай ч зээлэнд 50 м.кв-аас доош талбай бүхий байрны зээлэнд хамрагдах боломж бүрдэх юм.
Улмаар өрхийн сард төлдөг зээлийн төлөлт 80-120 мянган төгрөгөөр буурна. Энэ тохиолдолд өрхийн орлогыг ихэнх хэсэг байрны зээлэнд явдаг хэлбэрт өөрчлөлт орж, иргэдийн худалдан авалт сэргэнэ гэж үзэж буй юм. Одоо энэ бүх боломжийг тусгасан УИХ-ын гишүүн Д.Ганбат нарын өргөн барьж буй Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд хэзээ эцэслэн батлагдах гэдэг хүлээлт л үлдэж байна.
Энэ долоо хоногтоо Хуульзүйн байнгын хороогоор анхны хэлэлцүүлэг хийгдэж, чуулганаар орохоор хэлэлцэх асуудалд эрэмбэлэгдсэн байна. Тэгэхээр үндсэндээ хоёр долоо хоног дамнан хэлэлцүүлгийн шат үргэлжлэх нь тодорхой харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, иргэд энэ сарын сүүлээр ипотекийн зээлэнд хамрагдах боломжтой болох уу гэсэн хүлээлт байна.
Ж.Мядагбадам
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.