Архиар "амиа" сольдог Монголчууд

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 10 сар 27

Монголчууд аливаа зүйлээс урьдчилан сэргийлэх тал дээр маруухан улс гэдэгтэй уншигч авхай та санал нийлэх биз ээ. Ердөө зургаахан хоногийн өмнө буюу аравдугаар сарын 22-ны өдөр "Зам тээврийн осолд өртөж хохирсон иргэдийн өдөр" тохиосон. Энэ өдрийг тохиолдуулан Замын цагдаагийн байгууллагаас иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашины жолоодсон мөн жолоо барьж явахдаа гар утсаар ярьж, мессеж бичиж байсан, урсгал сөрж замын хөдөлгөөнд оролцсоны улмаас алтан амиа алдсан иргэдийн осолдсон машинаар хотын төв замаар цуваа явуулсан. Тэрхүү дүр зургийг хараад хүмүүс айж мэгшиж байсан ч согтуугаар жолооны ард суух нь багасахгүй нээ.

Энэ сарын 26-27-нд шилжих шөнө согтуугаар жолоо барьж яваад осолдож хоёр хүний амь эрсэдсэн хэрэг гарлаа. Зөвхөн нэг шөнийн дотор 77 жолооч согтуугаар машинаа жолоодож явах үедээ замын цагдаад шалгагджээ. Замын цагдаагийн алба хаагчид уг жолооч нарыг учирч болох байсан эрсдлээс хамгаалж, таслан зогсоосон байна. Мөн согтуу жолоочийн буруугаас болж ноцтой гурван осол гарчээ. Эл хэргийн улмаас хоёр хүний амь нас эрсдэж, 14 хүн гэмтсэн байна. 

Удахгүй шинэ жил айсуй. Шинэ оныг бид муу мэдээгээр угтдаг.  Өнгөрсөн онд баяраа тэмдэглэж яваад согтуу гудамжинд "байгууллагын шилдэг ажилтан" хэмээсэн өргөмжлөлөө тэврэн амиа алдсан эмгэнэлтэй хэрэг гарсан. Аливаа баяр, найр, наадам, төрсөн өдөр зэрэг баяруудыг тэмдэглэн өнгөрүүлэхдээ сархадыг тааруулж хүртэх цаг хэдийнээ ирсэн. Гэтэл архи уусан үедээ жолооны ард сууж хүний амь нас болоод өөрийн үр хүүхдээ, гэр бүлээ өнчрүүлэн хорвоогоос хальж буй нь харамсаад ч барахгүй гарз хохирол. 

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсны шийтгэлийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Бусад улс орнуудад эл шийтгэлийг нэмэгдүүлсэнээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашины барих тохиолдол буурсан аж. 

 

Манай улсын хувьд согтуугаар машинаа жолоодсон жолооч нарын 6 сараас 2 жилийн хугацаатай жолоо барих эрхийг нь хасдаг. Гэтэл энэхүү хугацаанд зарим нэг нь автомашиныг нууцаар буюу хулгайгаар барьдаг гэх. Өөрсдийн алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч хариуцлагатай байж "хүний амь" насыг "нэг шил лонх" архиар солимооргүй байна. Бусдын болон жолооч та өөрийн эрүүл мэнд, амь насыг хайрлах хэрэгтэй. Согтуугаар жолоо бүү барь!

 

Холбоотой мэдээлэл:

Цөөхөн Монголчууд нэгнээ бүрэлгэсээр байх уу?

Автомашины ослоор 11 мянган залуус хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа нь аюулын харанга дэлдэж байна

Х.Даваа

Эх сурвалж: www.dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх