Ерөнхийлөгчид бичсэн ил захидал-2

Бизнес ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 01 сар 16 ・ 4
 

OLZINYAMLAST_700x700

Таван хэмжээст ертөнц

Сайн байна уу, Ерөнхийлөгч өө?

Төрийн тэргүүн эрд ил захидал бичих нь бүү хэл хөөрүү бага насандаа хөвгүүдэд ч нууцхан зурвас бичээгүй эгэл бүсгүйн захидалд бүү цочирдоорой. Хүний төлөө дуугарахаасаа жийрхэхээ нэг л больчихоод байгаа энэ муу сэтгэлээ дийлсэнгүй, эрхэм ерөнхийлөгч танаа захидал бичих болсон минь учиртай.

Нам, төр, сонгууль гурваас холоо зөрдөг шүүрхий хэдэн нийтлэлтэй, нэр, мөр, сэтгэл гурав нь зөв явахыг уриалахаас хэтрэхгүй дулимаг хэдэн бичвэртэй, хэний ч захиалгаар бичдэггүй, хэний  ч талд үйлчилдэггүй ядмаг энэ буланг тоож нэг хараад, тогтоож нэг уншина уу.

“Аавгүйдээ гутрах нэг цаг байхад “аав”-тайдаа баярлах өөр нэг цаг тохионо гэдэгт итгэн итгэн хариу хүлээе, мөргөн мөргөн залбиръя.” Танд хандсан тэр эгэл ардын захидал ингэж төгссөн. Одоо л таныг тусална гэж яасан их харуулдаа бол оо?

Шүүх хуулийн өмнө хүчгүйдэхдээ ядуугийн төлөөсийг биеэрээ төлж, шударга үнэний төлөө  тэмцэхдээ аавгүйн төлөөсөө сэтгэлээрээ төлж ядарсан юм чинь “ардчилсан шударга” гэх тодолголтой төрийн тэргүүн танаас гуйхгүй өөр хэнээс гуйх юм бэ, ерөнхийлөгч өө? Галхүүгийн аав болж өмөөрөх танд тийм их хэцүү байв уу? Улиран улиран сонгогдсон өнгөрсөн он жилүүдэд чинь энэ мэт ядарсан ардаас захидал ирсэн нь хэд юм бэ?

Манай булангийн 2015 оны 11 сарын 19-ний дугаарт гарсан тэр захидлыг та үнэхээр олж уншсангүй юу, эсвэл тоож хариулсангүй юу? Аль нь ч бай хамаагүй гээд суух зүрх хүрсэнгүй ээ. Учир нь үйлдвэрийн ослоос болоод хэвтэрт орж, аргаа барсан тэр залуугийн захидлын хариуг олон хүн надаас нэхэж байна. Хүргэж өгөөд л болчихдог шуудан зөөгч биш юм хойно, арга байж уу.

Цэл залуугаараа хоёр залуу ажлаа хийж яваад барилгын өргөгч төхөөрөмжинд дарагдаж, хэвтэрт орсон тэр өдрөөс хойш хоёр жил шахам дамнан байж, олон удаа хойшлогдон байж болсон шүүх хурал хохирогч залуусын эсрэг гарч, хэрэгт хамаатай этгээдүүд (барилгын захиалагч болон гүйцэтгэгч компаний нэр бүхий хүмүүс) мултран өршөөгдсөн байх юм.

Манай нийтлэлээс хойш 500 мянга, 258 мянга, 100 мянга,  10 мянга, 5 мянга, бүр 1 мянга ч хандивлаж, хүүхдүүдэд нь малгай ороолт бээлий, цамц гутал, гэрт нь 2 тонн нүүрс, 1 куб мод, хашааны банз гээд Галхүүд сэтгэлээрээ, чадлаараа тусалсан хүмүүс байна аа, байна.

Харин та алга. Тэд тан шиг аавын оронд аав болох өрх гэрийн тэргүүн биш, тэд тан шиг ардчилал, шударга ёсны төлөөх хонхны дуугаар улсыг сэрээсэн ардчилалын хүү биш л дээ. Гэхдээ тэдний заримд нь туслах сэтгэл байсан ч, заримд нь танд хандсан захидлаас, танаас эмээх сэтгэл байхыг ч үл таана. Гэвч…

Эрхэм ерөнхийлөгч өө, та ч яахав, төр улсын өдий төдий ажилд завгүй, төрийн томоо хүн, улсын томоо ерөнхийлөгч. Ядарсан залуугийн захидлыг тоохгүй байж болно. Захидал бичсэн залуу, захидлыг дамжуулсан би үүнд гомдохгүй. Харин таныг тоохгүй шүүх хуулийнхан, таны доод тушаалынхан байгаа нь тоогүй биш үү. Танд хандсан захидлыг Галхүүгийн хэргийг шүүх хуулийнхан, тэр хэрэгт хамаатай шүүгдэгчид  мэдэхгүй уншаагүй өнгөрөх учиргүй.  Тэд танаас жаахан ч гэсэн эмээж хүндэлж байсан бол барилгын гадна тал будаад өргөх кран нь гацаж, бэхэлгээний тороос нь тасарч, 5 давхраас унан төмрөнд даруулж няцарсан хоёр залууг хэвтэрт оруулсан ослыг үйлдвэрийн осол биш, ахуйн осол гэж аймшиггүйгээр хув худлаа шийдвэр гаргахгүй байх байсан болов уу…

“Яая даа байз. Давж заалдах гэхээр өмгөөлөгчид өгөх мөнгө байхгүй байдаг. Шүүх хууль дахиад л миний эсрэг гарчих гээд байдаг. Давж заалдсан ч дахиад л миний гол харлана. Эндхийн өмгөөлөгч маань дахин өмгөөлөхөөс татгалзсан байдаг. Хотын өмгөөлөгчийн үнэ дийлдэхгүй байдаг. Ядаж миний ослын актыг зөв гаргасан бол сардаа авах хэдэн цаас минь хэдэн төгрөгөөр нэмэгдэх байсан даа. Дүү нь яасан нь дээр вэ? Зөвлөгөө өгөөч хүмүүс ээ…” гэх мэтээр фейсбүүк хуудсандаа бичиж үлдээсэн түүний үгийг хаяад явсан аав нь, хүүхдүүдээ хаяад явсан эхнэр нь, “өршөөгдсөн” хэргийн эзэд, шударга бус шүүсэн хуулийнхан, ослын актыг худал тогтоосон мэргэжлийн хяналтынхан л лав сонсохгүй дээ.

Эрхэм ерөнхийлөгч өө. Та өршөөнгүй. Өршөөнгүй өршөөнгүйдээ зөндөө олон “атамануудыг” та өршөөхөөрөө л нэг болсон. Та энэрэнгүй. Энэрэнгүй энэрэнгүйдээ та хаягдсан хүүхдүүдийг үрчилж аваад хүүхдээр илүүрхэхээрээ л нэг болсон. Та аав хүн. Аав аавдаа та 3 сая хүний хувь заяаг дор хаяж шударга ёс, үнэний төлөө өмгөөлж байх учиртай уул шиг түшигтэй эцэг хүн. Хэвтэрт орсон аавыгаа босч ирнэ гэж хүлээсэн хоёр бяцхан хүүхдийн залбирлыг нэг сонсооч.

Эрхэм ерөнхийлөгч өө, Галхүүд тэргэнцэр дээрээ ч удаан сууж чадахгүй өвдөлт зовиураа тэвчихийн хажуугаар хэвтэрт орж бие муутай ганц ээждээ дараа болж байгаадаа бачимдах, хоёр бяцхан хүүхдээ гараас нь хөтлөөд цэцэрлэгт нь хүргэж өгч чадахгүй болсондоо гомдох, ирээдүйнх нь төлөө тааз ширтэхээс илүүг хийж чадахгүй нь гэж аргаа барах, ядуу хүнд шударга ханддаггүй шүүх хуулийнхнаас халгах гээд зовж шаналах үй түмэн шалтгаан байна аа.

Харин танд улс орны өмөг түшигтэй эцэг- төрийн тэргүүн гэдгээ харуулахгүй байх, Галхүү бид хоёрын ил захидлыг тоохгүй байх шалтгаан байна уу?

1-15-8_700x700

Хэнтий аймгийн шүүх прокурорын газар.

1-15-8a1_700x700

У. Галхүүгийн хүүхдүүд.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 01 сар 29/

    өнөөдрийн хуулийн байгууллагын мөнгөөр хөдөлдөг шударга бус ялзрал хэзээ шударга болох бэ ерөнхийлөгч өө.заллингуудад үйлчилдэг хуулийн систем бий болсоор л хүчгүй нэгэн зовсоор л ...... байгааг та харахгүй байна гэж үү

    1
    Хариулах
  • Зочин / 2016 01 сар 18/

    ерөнхийлөгчийн томилсон шүүгч нар нь алигад идэгдэж мөнгөтөй хүмүүсийн талд ийм шийдвэр гаргаж байхад яах бол. Нүдэн балай л өнгөрөөх байх да

    Хариулах
  • Зочин / 2016 01 сар 17/

    Эх орон нэгтнээ ойлгодог ерөнхийлөгч манайд байлаа юу

    1
    Хариулах
  • Зочин / 2016 01 сар 16/

    сайн бичиж . ерөнхийлөгч ойлгох болов уу.

    Хариулах