-Засгийн газар махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээг яаралтай авахгүй бол монголчууд амин зуулга, ашигг орлогын төлөө хууль бус наймаа хийсээр байх бололтой-
Дорноговь аймгийн хАтанбулаг сумын Ханги-Мандалын бррмтыг нээснээс хойш иргэд түүхий мах, байгалийн чулуу зэрэг хориотой эд зүйлсийг хил давуулах нь олширсон. Тухайлбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хөлдүү мах биедээ ороосон есөн хүн тус боомтоор хил давах гэж байхдаа нас барсан гэх мэдээлэл цахим ертөнцөөр түгж, халуун сэдвийн нэг болж байв. Гэвч үнэн хэрэгтээ нэг л иргэн нас барсан байдаг.
Монголчууд жилдээ 10 сая толгой мал буюу ойролцоогоор 250 мянга гаруй тонн мах хүнсэндээ хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Энэ жилийн хувьд дотоодын зах зээлд махны нийлүүлэлт нэмэгдэж, кг тутмынх нь үнэ өмнөх жилүүдийнхээс бага байгаа. Ийм үед хөдөө, орон нутгийн иргэд махаа борлуулах шинэ зах зээл эрэлхийлж, урд хөрш рүү түүхий махыг хууль бусаар гаргах нь нэмэгдсэнийг өнөөдөр дээр дооргүй мэдэж буй. Үүний нэг жишээ нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги-Мандалын боомтоор мах гаргахын тулд өвлийн хүйтэнд хүмүүс нойтон мах биедээ ороож, үүнээсээ болоод хөлдөж хайрагдсан, бүр амь насаа алдсан тохиолдол юм. Түүхий мах хил давуулах нь хоёр улсын хооронд шийдэгдээгүй хориотой, хууль бус зүйл юм. Аливаа хууль бус зүйлийг хүмүүс нууцаар л хийдэг.
“Хэвлэлийнхэн үнэн зөв бодит мэдээллийг яагаад олон нийтэд хүргэхгүй байгаа юм бэ”
Ханги-Мандалын боомтод болж байгаа үйл явдлын талаар иргэн н.Доржпалам ийн ярьсан юм. Тэрбээр “Бид саяхан Дорноговь аймгийн Хангийн боомтоор очиж байдалтай нь танилцаад ирлээ. Очих болсон шалтгаан нь эрдэнэт хүн амь насаа алдаж байна гэсэн мэдээллийг авсан учраас зорьсон хэрэг. Үнэхээр Монголын төр, засаг гэж байдаг бол тус газарт анхаарлаа хандуулахыг хүсч байна. Учир нь хөдөөний ард иргэдийн газар, орон байр, машин тэрэг гээд юу л байна бүгд банкны өрөнд байгаа. Тэд энэ өрөө дарахын тулд Хангийн боомтоор хонины хөлдүү махыг биеэрээ ороож гарч байна. Хөлдүү мах биеэрээ ороосноос болж дотроосоо жин цохиж амь насаа алдсан ч удаа байна. Үүнээс харахад бид ямар нийгмийг сонгочихсон юм, монгол хүний үнэ цэн хаана байна гэж асуумаар байна” гэлээ.
Түүний бухимдаж буй зүйл нь чухам юу вэ? Тийм найдваргүй аргаар мах хил давуулах гэж оролдсон, үүнээсээ болж хохирсон хүмүүсийн төлөө харамсах нь аргагүй ч үүний цаана төр засгийн буруутгах нэг л учир бий. Тэр нь юу вэ гэхээр 60 сая толгой малтай, уул уурхайн буум болох хүртэл эдийн засгийн гол суурь нь мал аж ахуй байсан орон гэхэд өнөөдрийг хүртэл махны экспортыг шийдэж чадаагүй явдал. Хэрэв махны экспорт нээлттэй, малчид дотоодын зах зээлд мах илүүдсэн тохиолдолд ном журмынх нь дагуу экспортод нийлүүлээд илүү ашиг болох боломж нь нээлттэй байсан бол өнөөдөр хууль бус зүйл хийх гээд амь насаараа дэнчин тавихгүй байлаа. Үе үеийн Засгийн газар махны экспорт ярьдаг ч хоёр талд орших хангалттай том зах зээлд тун ялихгүй хэмжээний мах гаргаж байна. Гэтэл дотоодын мах бэлтгэн нийлүүлэгчид үүнээс илүү хэрэгцээ, шаардлага байгааг л Хангийн боомт дахь үйл явдлууд харуулж байгаа биз ээ.
Манайд хандсан иргэн Н.Доржпалам цааш ярихдаа “Яг үнэндээ банкныхаа өрийг дарахын тулд хүмүүс өөрсдийнхөө амь насыг зольж байна. Хятадын хилээр гаргаад зарахад хонины махны үнэ нэг л нугардаг юм байна. Тус боомт нь хүнд суртал ихтэй юм билээ. Эндээс харахад төр иргэн хоёрын хооронд ямар ч уялдаа холбоо, ойлголцол байхгүй учраас иргэд амь насаараа дэнчин тавьж байна. Хилийн цэрэг нь гаргахгүй гээд 2-3 хоног хилээ хаахад нойтон махаар биеэ ороосон хүн амь насаа алдаж байх жишээтэй. Хамгийн хачирхалтай нь яагаад болж буй үйл явдлыг хэвлэлийнхэн олон нийтэд мэдээлэхгүй байгаа юм бэ” гэсэн юм.
Энд дурдахад өнгөрсөн жилүүдэд иргэдэд хүний хөгжил сангаар дамжуулан хорин мянган төгрөг cap бүр олгосон, уул уурхайн түүхий эдийн үнэ өндөр байсан зэрэг эдийн засгийн сэргэлтийн үед иргэдийн банкнаас авах хэрэглээний зээл 70 хувиар нэмэгдсэн гэх тоо бий. Өнөөдөр эдийн засгийн хямрал иргэдийн орлогыг хумисантай зэрэгцээд өмнөх жилүүдэд тавьсан банкны зээлээ төлж чадахгүйд хүрсэн гэдгийг иргэд хэлж байна. Энэ нь хилээр мах давуулах хууль бус оролдлогын нэг шалтгаан гэж иргэн н.Доржпалам үзэж байна.
“УИХ, Засгийн газраас ам асуух цаг нь болжээ”
Ямартай ч тус газарт нөхцөл байдал тун хүнд байна гэдгийг дээрх иргэн тодорхой ярилаа. БНХАУ-ы талаас мах хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгоогүй тул Хангийн боомт дээр орон нутгийн иргэд болон явуулын хүмүүс түүхий мах хил давуулан худалдаалахад нэг килограмм хонины мах тутамд 3000- 4000 төгрөг нэмэгддэг юм байна. Өөрөөр хэлбэл, нэг хүн нэг хонь аль эсвэл ямааны махыг цээж, гэдсээ тойруулан скочоор боон хил давуулдаг аж.
Эмэгтэйчууд ч мөн адил, жижиг цүнх саванд жижиглэн хийх байдлаар хил давуулах оролдлого хийдэг байна. Хилийн шалган нэвтрүүлэх албаны хүмүүс энэ байдлыг мэддэг хэдий ч “Амьдрах гэж ядаж байгаа хүмүүсийг яалтай билээ” гэж хандсаар өдийг хүргэжээ. Иргэд хүйтэнд хил нэвтрэхээ хүлээж зогсож байхдаа энэхүү мөсөн өмсгөлдөө хайруулан осгож үхэхдээ тулдаг гэсэн үг. Ямартай ч мах урд үнэтэй гэх сураг сонссон хүмүүс “үхлийн” өмсгөлөөр биеэ ороон хил рүү зүтгэсээр. Тэдний энэ хууль бус үйлдлийг зөвтгөж болохгүй. Тэгэхээр одоо яах ёстой вэ?
Ямар нэг зохицуулалтын арга хэмжээ авч өгөхийг шийдвэр гаргагчдад, тухайлбал, УИХ, Засгийн газрын гишүүдээс асуух цаг болжээ.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.