Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 01 сар 28

“Грандлайн” ХХК, БНТУ-ын “216 Япи үрэти худалдаа" компаниуд хамтран 2013 оны арваннэгдүгээр сарын 16- ны өдөр Баянзүрх дүүргийн XII хороо буюу бидний нэрлэж заншсанаар Жанжин клуб орчимд 3300 айлын “Түмэн Амгалан" цогцолбор хорооллын төслийг хэрэгжүүлэхээр ажилдаа ороод байсан юм.
Тухайн үед тус газарт 177 хашаа, 88 айлын нийтийн гурван байранд 220 орчим өрхийн 800-гаад хүн оршин суудаг байсан. Энэхүү цогцолбор хорооллыг барихын тулд эхний ээлжинд 19 айлын 1.6 га газар 500 айлын таван блок орон сууц барьж өнгөрсөн оны эхээр ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байсан ч өдгөө энэ ажил зогсчихоод байна. Дээрх хоёр компанийн хөрөнгө оруулалт хэрхэн, ямар зарчмаар явагдаж энэ томоохон төсөлд хамтран ажиллах болов. Яагаад төслийн ажил зогсож нэг, нэгнийгээ олон улсын Арбитрын шүүхэд өгөх болов гэдгийг цухас дурдахаас гадна тус хороолол хэзээ ашиглалтад орох, цаашлаад санхүүжилтийг нь хэн гаргах вэ зэрэг асуудал бүрхэг байгааг энд онцлов.
Ингээд болсон үйл явдлыг эх сурвалжуудын өгсөн мэдээллээр нэхэн хөөж үзье.
“Грандлайн” ХХК, “216 Япи үрэти худалдаа” компаниуд төсөлд хамтарсан шалтгаан
Турк улсын “216 Япи үрэти худалдаа" компанийн удирдах зөвлөлийн тэргүүн Дундар Билентийг манай улсад хөрөнгө оруулалт, хамтран ажиллах сонирхлоор 2013 оны сүүлчээр ирэхэд нь “Грандлайн” ХХК-ийн захирал Б.Чулуудай найзаараа зуучлуулан уулзаж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд хамтрахаар тохирчээ. Ингээд тухайн үеэс эхлэн тэд БЗД-ийн XII хорооны нутагт 15 га газарт орон сууцны хороолол барих 150 сая ам.долларын төслийг хэрэгжүүлэх хамтран хэрэгжүүлэхээр болж “Хамтран ажиллах гэрээ”-гээ байгуулжээ.
Улмаар “Грандлайн” компаний хувьцааг 7008 ширхэг болгон өсгөж, хувьцааныхаа 50 хувийг Туркуудэд 200 мянган ам.доллараар худалдсан аж. Ингээд 2014 оны гуравдугаар сарын 13-ны өдөр Монгол, Туркийн хамтарсан “Грандлайн” компани 9019077083 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээндээ 2014 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр өөрчлөлт оруулан бүртгүүлжээ. Уг төслийн 55 хувийн санхүүжилтийг “Грандлайн”, 45 хувийн санхүүжилтийг Туркийн компани гаргаж, төслийн орлогыг 50, 50 хувь эзэмшихээр тохирч дээрх томоохон бүтээн байгуулалтын ажилд орж байсан түүхтэй гэх.
Маргаан яагаад үүссэн бэ?
“216 Япи үрэти худалдаа” компани барилгын зypaг төслийн ажлыг гүйцэтгэсэн ба энэ ажлын хөлсийг авна гэж тохиролцоогүй, зөвшилцөөгүй байж “Бид 600 мянган ам.долларын зураг, төсөл зурсан, 700 мянган ам.долларын хэв хашмал нийлүүлсэн” бэлэн мөнгө гаргахгүй гэж мэдэгдсэнээс болоод маргаан өрнөжээ. Туркийн талынхны явуулсан хэв хашмал зах зээлийн ханшаар тооцоход 200 гаруй мянган ам.долларын өртөгтэй болохыг мэргэжилтнүүд тогтоосон гэнэ. Гэтэл Туркийн тал зураг төслөө 600 мянга, хэв хашмалаа 700 мяган ам.доллараар тус тус үнэлж, нийт 1.3 сая ам.долларын хөрөнгө оруулсан гэж байсан учраас “Грандлайн” компани 2014 оны аравдгаар сарын 20-нд олон улсын Арбитрын шүүхэд ханджээ.
“Б.Чулуудай туркуудэд мэдэгдэлгүйгээр их хэмжээний зээл авсан”
Туркийн “216 Япи үрэти худалдаа” компаниин итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Б.Оюунбилэг 2015 оны наймдугаар сарын 26-ны өдөр сэтгуүлчдэд дараах мэдээллийг өгч байсан юм. Тэрбээр Монгол, Туркийн Грандлайн ХХК нь хамтарсан компани болсноос хойш хувьцаа эзэмшигч Б.Чулуудай нь 50 хувийн хувьцаа эзэмшигч Туркийн “216 Япи” компанид мэдэгдэлгүй Улаанбаатар банкнаас есөн тэрбум төгрөгийн зээл авсан. Түүнчлэн нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас 11 тэрбум төгрөгийн дэд бүтцийн ажил авсан байдал нь төслийг цаашид хамтран ажиллаж гүйцэтгэхэд саад болсон.
Анхнаасаа хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийгээгүй учраас компанийн удирдлагын бүх эрх мэдэл Б.Чулуудайн гарт байсан. Нэгэнт хувьцаа эзэмшигчдийн хурал болоогүй учраас Туркийн талаас Б.Чулуудай гүйцэтгэх эрх мэдлийг хууль бусаар авч, компанийн үйл ажиллагааг явуулж байгааг тогтоолгох, компанийн үйл ажиллагааг үндэслэлгүйгээр зогсоосныг тогтоолгохоор иргэний шүүхэд хандсан юм. Ингээд туркуудын итгэл буурч, төсөл хэрэгжүүлэхэд оруулсан хөрөнгө болох 1.3 сая ам.доллараа нэхэмжилжээ.
Арбитрын шүүх Туркийн талд шийдвэрээ гаргаж байжээ
Олон Улсын Арбитрын шүүх 2015 оны гуравдугаар сарын 26-нд хуралдаж, “Грандлайн” компанийг Монгол Улсын Компанийн тухай хуулийн 83.1, 83.6 болон Монгол-Туркийн хамтарсан ‘Грандлайн’ компанийг байгуулах тухай гэрзэний 6.13, 10.1-д заасныг тус тус зөрчиж, Туркийн талд их хэмжээний хохирол учруулсан хэмээн тогтоож, шийдвэрээ гаргажээ.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.