Аваргууд тэргүүн байрын төлөөх тэмцэлд 21 удаа бүтэлгүйтжээ

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 08

Сар шинийн уламжлалт 53 дахь удаагийн барилдаанд "Хэн түрүүлэх вэ" гэсэн таамаг хэдийнэ цахим ертөнцөр нисч эхэлжээ. Бөх сонирхогчдын хандлагыг ажиглавал , улсын баяр наадамд гурван удаа долоо даваад буй манлай заан Ч.Санжаадамба энэ жил түрүүлэх бололтой .Мөн түүнээс дутуугүй анхаарлаа хандуулж буй хүчтэн бол Ховд аймгийн Чандмань сумын уугуул, улсын харцага Б.Пүрэвсайхан юм.

 
Мөн энэ завсар аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, гарьд Б.Гончигдамба нар тодорхой хэмжээний байр суурь эзэлж байна. Энэ бүхнээс гадна тун саяхан харцага цолтнуудын хүндэтгэлийн барилдаанд торолгүй түрүүлсэн харцага Ө.Даваабаатарыг “Эргэн ирлээ” гэсэн сэтгэгдэл цахим орчинд “түгжээ’’. Гэвч энэ бол ердөө таамаг төдий...
 
Бодит байдалд таамаг зөрөх нь олонтаа. Зөвхөн энэ барилдааны тухайд гэхэд улсын арслан Б.Ганбат, харцага Ц.Магалжав, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар, арслан О.Хангай нараас эхлээд таавар будилуулж байсан түүх олон. Үнэндээ тухайн жил тэднийг ийм амжилт үзүүлнэ гэж хэн ч таамаглаж байгаагүй юм. Ийм л учраас нөлөө бүхий компаниуд бөхийн барилдааны бооцоот таавар ашигтай гэдгийг эрт гадарласан байж таарах нь.
 
Энэ жилийн сар шинийн барилдааныг гурван аварга манлай-лан босох төлөвтэй. Зүүний магнайг мэдээж, энэ зууны ууган дархан аварга Г.Өсөхбаяр тэргүүлнэ. Түүнтэй энэ удаад А.Сүхбат аварга эрэмбэ булаалдахгүй нь ч тодорхой байгаа. Харин түүний ард С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нар эрэмбээрээ жагсана. Гэвч тэдний ямар амжилт үзүүлэх нь тодорхойгүй. Цөөн үгээр хэлбэл, хоёрын даваанд тахим өгөхөд ч гайхах зүйлгүй бөхийн ертөнц юм.
 
Өнгөрсөн зууны сүүлч хийгээд шинэ зууны ууган барилдаанууд өөр гэдгийг хэн хүнгүй мэдэх билээ. Цөөхөн жишээ дурдахад, дархан аварга Б.Бат-Эрдэнэ 13 удаа түрүү хүртэхдээ 11-ийг нь дараалж, монгол зурхайн тоогоор бүтэн үеийг эзэгнэсэн байдаг. Түүний энэ цуваанд харин дархан аварга А.Сүхбат 1999 онд цэг тавьсан удаатай. Ер нь Б.Бат-Эрдэнэ аваргын амжилтыг дурдахад Сүхбатууд заавал давхар бичигддэг содон тохиолдол үндэсний бөхөд бий. Тэгвэл өнгөрсөн хугацаанд манай сонин, хэвлэлүүд энэ барилдааны тухай тоймлохдоо түрүү бөхийг онцгойлон авч үзсэн байх юм.
 
Үүнийг дагалдуулан аль аймгаас хамгийн олон бөх түрүүлсэн зэрэг мэдээлэл ч хангалттай гарчээ. Тиймээс энэ удаад тус барилдааны торгон үзүүрт ач холбогдол өгөхөөр шийдэв. Сар шинийн барилдаанд хамгийн олон удаа үзүүр бөхийн бай авсан хүн бол дархан аварга Ж.Мөнхбат юм. Түүний хувьд таван удаа түрүүлж, таван удаа үзүүрт хүрсэн ховор амжилтыг тогтоосон байна. Харин түүний энэ амжилттай зэргэцэх бөх багаар бодоход 2020 онд гарч болохоор байна.
 
Учир нь, энэ барилдаанд дөрөв үзүүрлэсэн хоёр хүчтэн нь Д.Цэрэнтогтох агсан, Д.Сумъяабазар нар юм. УИХ-д “байнгын” суудалтай аваргын хувьд барилдааны талбайд гарахаа больсон учир энэ амжилттай ойрын хугацаанд зэрэгцэх найдпага бөхчүүдийн дунд тасарч байна. Тэр ч бүү хэл өнөө цагийн шилдэг хүчтэнүүдээс Х.Мөнхбаатарыг эс тооцвол Цагаан сарын барилдаанд хоёр үзүүрлэсэн бөх одоогоор алга байгаа нь барилдааны чансааг ямар нэгэн байдлаар илтгэх биз ээ.
 
Тэгвэл энэ барилдааныг зохион байгуулж эхэлснээс хойш өнгөрсөн жилийг хүртэл 29 хүн битүүний өдөр үзүүр бөхийн бай тэврэн гэртээ харьж байжээ. Цол амжилтын эрэмбээр авч үзвэл аварга цолтой арван бөх 21 удаа үзүүрт хүрч байв. Энэ хугацаанд аварга цолтой бөхөд элэг бүсээ тайлсан аварга ч бий гэдгийг дурдах нь зүйтэй. Харин арслан цолтой найман бөх, гарьд цолтой хоёрхон бөх тэргүүн байр булаалдаж үзсэн байдаг аж.
 
Бэлгэшээл ба бодит байдал
 
Сар шинийн барилдаанд сайн барилдсан бөх тухайн жилдээ сайн барилддаг гэсэн яриа бий. Ийм тохиолдол ч цөөнгүй. Гэвч өнгөрсөн түүхийг ажиглахад энэ барилдаанд чамгүй амжилт үзүүлсэн бөхчүүд тухайн жилийнхээ наадамд доогуур даваанд унаж байсан тохиолдол олон байх юм. Тухайлбал, улсын арслан Б.Ганбат аймгийн цолтой байхдаа Б.Бат-Эрдэнэ аваргад өвдөг шороодож, үзүүрлэдэг жилийнхээ наадамд улсын цолны босго давж чадаагүй гарьд Ц.Цэрэнпунцагт унаж байв. Энэ бол 1998 он юм.
 
Тэгвэл улсын заан Ч.Санжаадамба аймаг, цэргийн цолтой бөхчүүдээс анх удаа түрүү авсан боловч тухайн жилийнхээ наадмыг мөн л дөрвийн даваанаас орхисон бараан түүх бий. “Азгүйчүүд”-ийн энэ цуваанд түрүү хүртэж байсан аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар, тэргүүн байр булаалдаж асан аймгийн арслан О.Хангай нарыг нэрлэж болж байна.
 
Мөн хамгийн ойрын жишээ гэхэд өнгөрсөн жилийн үзүүр бөх улсын заан М.Өсөхбаяр тухайн жилийнхээ наадамд шөв-гөрч чадалгүй, аймгийн арслан Ч. Ганзоригт элэг бүсээ тайлсан удаа бий. Энэ бүхнээс ажиглахад Цагаан сарын барилдаанд онцгой амжилт үзүүлсэн бөх тухайн жилдээ харин ч сөрөг статистикийг нэмэгдүүлдэг нь олон юм.
 
Оны шилдэг найман бөх тодров
 
Монголын үндэсний бөхийн холбооноос оны шилдэг найман бөхийг тодруулдаг уламжпалаа сэргээгээд удаагүй. Тэгвэл энэ жи-лийн шилдгүүдийг залуу арслан Э.Оюунболд 27579 чансаагаар тэргүүлсэн бол улсын арслан П.Бүрэнтөгс аман хүзүүдсэн байна. Удаах байрт улсын арслан Н.Батсуурь, харцага Ц.Содномдорж, гарьд Б.Гончигдамба, харцага Ө.Бат-Орших нар шалгарчээ.
 
Харин наадмаас наадмын хооронд цөөн зодоглосон хэдий ч өндөр амжилт үзүүлсэн заан Ч.Санжаадамба долоод бичигдсэн бол Ерөнхийлөгчийн цомыг өнөө жил хоёр дахь удаагаа гардсан харцага Б.Пүрэвсайхан наймд багтжээ. Аймгийн цолтнуудыг аймгийн арслан О.Хангай тэргүүлж, хурц арслан Ш.Мөнгөнбаатар удаалсан байна.
 
Барилдааны тасалбар 20-25 мянган төгрөгийн үнэтэй
 
Сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдааны тасалбар 20-25 мянган төгрөгийн үнэтэй. Харин битүүний өмнөх өдөр болдог аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдааны тасалбар 5000 төгрөг аж.
 
Сонирхуулахад, Сар шинийн баярт зориулсан цуврал барилдаан өсвөрийн бөхчүүд маргааш нийтийн монгол бөхчүүдийн өрсөлдөөнөөр эхлэх юм. Тус барилдааныг үзэгчид 1000 төгрөгийн тасалбараар үзэх эрхтэй. Харин ирэх ням гаригт аймаг, цэргийн цолтой 256 бөх хүч үзэх юм байна.
 
Д.Ганбаатар 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх