Ногоон мөнгөнд дарлуулсан Монгол

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 15
 

Жил бүр шинэ жил, цагаан сар, наадам, хичээлийн шинэ жилийн үеэр валютын ханш өсдөг нь бичигдээгүй хууль бас мөчлөг гэлцдэг. Гэвч өнгөрсөн 2013 оноос эрчимтэй өссөн ноён ногооны ханшийг хазаарлаж чадаагүй юм. 2013 оны хоёрдугаар сарын 14-нд Монголбанкны албан ханшаар ам.доллар 1391 төгрөгтэй тэнцэж байв. Гэтэл энэ сарын 9-нд албан ханш 1949 төгрөг байсан бол арилжааны банкууд 2023 төгрөгөөр зарж байлаа.

Төсөв хүндэрч, данс улайвал нэн түрүүнд төрийн албан хаагчид цалингаа авч чадахгүй. Мөн тэтгэвэр, тэтгэмж олгогдохгүй. Хэдийгээр макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд тогтворжсон хэмээн албаныхан сайрхаж байгаа ч сар шинийн баярыг тэмдэглэхийн тулд орон сууц, хашаа байшин болон бусад зээлээ төлж чадаагүй хүмүүс олон байгаа аж. Мэдээж энэ нь хугацаа хэтэрсэн зээл, чанаргүй зээлийн бүртгэлд орчихно. Үүний хор уршгийг зээлдэгч этгээд буюу монголчууд бултаараа л үүрч таараа. Учир нь өр зээлгүй, лизинггүй нэгээхэн ч хүн байхгүй биз ээ. Хавь ойрын таньдаг мэддэг бүх л хүн их бага хэмжээгээр өр зээл тавьсан байх юм. Адаглаад л цалингийн зээлтэй байна.

Аалзны тор шиг хэрсэн өр зээл айл өрхөөс эхлээд улсыг минь ч тойрсонгүй дайрчихсан. “Чингис”, “Самурай” бонд, Хөгжлийн банкны зээлийг даравч далдайж, булавч бултайх нь тодорхой. Эдгээр нь мэдээж бидний халаглаад байдаг өнөөх л ноён ногооноор тооцогдоно. Улс нь валютын зээлтэй, ард түмэн нь ч валютын зээлтэй.

Гадаад валютаар зээл авсныхаа горыг сүүлийн жилүүдэд амсч суугаагаа халаглах хүн тун цөөнгүй байгаа аж. Сар шинийн баяраар ах дүүстэйгээ золгож, мэнд мэдэх зуур “Ам.долларын ханш буурах уу, өсөх үү” гэж асуусан нэлээд хэдэн хүнтэй таарав. Тухайлбал, 2013 онд Сүхбаатар дүүргийн иргэн Д.Жамц ам.доллараар хашаа байшингийн зээл авчээ. Тэрээр сард 317 мянган төгрөг төлж байсан аж. Гэтэл өдгөө 475 мянган төгрөг төлж буй. Мэдээж зөрүү нь жил бүр өссөн нь анх төлөвлөж байснаас 150-160 мянган төгрөгийн зөрүүтэй. Энэ нь тэр гэр бүлийн өрхийн амьжиргаанд шууд нөлөөлж байгааг гэрийн эзэгтэй хэлсэн юм.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх