Эрэмдэг эдийн засгаа эмчилъе

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 18

 

Эдийн засаг, эдийн засаг, бас дахин эдийн засаг! Эрхэм хүндэт зочидоо та бүхэнд энэ үг тун танил сонсогдож байгаа байх. Танил байхаас ч өөр аргагүй. Яагаад гэвэл энэ үг сүүлийн үед хамгийн моодны үг болоод байгаа юм.

Чухам хэн ямар учраас энэ үгийг давтсаар та бидний чихэнд ингэтлээ хоногшуулж орхив оо? Өнөөдөр би ч гэсэн энэ үгийг давтаж байна. Гэхдээ би эдийн засаг маань хямраад байна, бид эдийн засгаа аварах хэрэгтэй үүний тулд гадаадаас зээл авах хэрэгтэй, мазаалай, бамбарууш, самурай нинжа бонд босгох хэрэгтэй гэж хэлэх гэж энд зогсоогүй. Харин эдийн засаг эрэмдэг, тахир татуу болсон байна, эмчлэх шаардлага байна гэж хэлэх гэсэн юм. Эрэмдэг гэдгийг нөгөө талаас хөгжлийн бэрхшээлтэй байна гэж ойлгож болно. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй тулгарсан эдийн засаг маань үндэсний аюулгүй байдалд ч эрсдэл авчирч болох нөхцлийг үүсгээд байгааг хэлэх гэсэн юм.

Өнөө тулгараад байгаа бэрхшээл ихэнх эдийн засагчдын, улс төрчидийн тайлбарлаад буй шиг эдийн засгийн байдаг л нэг ээлжит мөчлөгийн асуудал биш харин ихээхэн нухацтай суурь тогтолцооны гажуудлаас үүдэлтэй байгаагаараа онцлогтой.

Чөлөөт зах зээлийн тогтолцоо гэгч дэлхийд хаа ч бодитоор хэрэгждэггүй тогтолцоог бид өнөөдөр хүчээр хэрэгжүүлэх гэж оролдоод байгаа нь эдийн засгийг маань эрэмдэглэж бусдаад хараат болгоод байгаа юм.

Эдийн засгийн хувьд хараат байна гэдэг далд колончлалд орсон байгаагийн нэг хэлбэр гэж үзэж болно. Далд колончлал гэдэг нь та их хэмжээний түүхий эдийг гаргаад байх боловч түүнээс бодитоор хүртэх ашиг нь маш бага байх тийм тогтолцоог хэлдэг. Тэгвэл энэхүү эрэмдэг тогтолцоотой эдийн засагаар дамжин хэрэгжиж буй Монгол улсыг далд колончлалд оруулж, өндөр хөгжилтэй орнуудын түүхий эдийг бэлтгэхээс цааш давж үл хөгжих бодлогыг ямаршуухан байдлаар хэрэгждэг вэ гэвэл:

Капиталын чөлөөт урсгал--банк санхүү, уул уурхайг гадныханд өгөх

Чөлөөт худалдаа-- түүхий эд бэлтгэгч болох, дотоод үйлдвэрлэлийг устгах, зөвхөн хэрэглэгч болгох

Төр муу менежер--төрийг, улсыг үгүйсгэх, муу харагдуулах, өмчөөс нь салгах,

боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, байгалын баялаг гээд бусад суурь хэрэгцээг хангах салбаруудыг хувьчлах

Өмчийн тогтлцоо--зөвхөн хувийн өмчийг хүлээн зөвшөөрөх

Эрэмдэг гэдэг үг маань өөрөө чухам юу гэсэн үг вэ? Дутуу, тахир татуу, гажуудалтай, байх ёсоороо байж чадахгүй байгаа нөхцлийг хэлдэг. Нөгөө талаас энэ нь ямар нэгэн зүйлээс , бусдаас хараат байхыг хэлдэг. Тиймээ манай эдийн засаг өнөөдөр эрэмдэг болсон, бусдаас хараат болсон.

Тэгвэл ДНБ-ийх нь 20 хувийг зөвхөн уул уурхай, нийт экспортынх нь 90 орчим хувийг мөн зөвхөн уул уурхайн түүхий эд эзэлдэг манай улс эрүүл эдийн засгийн бүтэцтэй улс биш гэдэг нь тодорхой. Гэтэл гадаадад гаргаж байгаа тэрхүү уул уурхайн түүхий эд бараг 100 хувь бүхэлдээ ганцхан Хятад улс руу гардаг гэвэл бид нэг талаас уул уурхайн түүхий эд болох нүүрс, зэс, нефть, төмөрийн хүдрийн экспортоос хараат, нөгөө талаас тэдгэээр түүхий эдийн худалдан авагч болох Хятад улсаас хараат болох нь тодорхой юм. 1990 гэхэд манай улс ДНБ-ийхээ 25 хувийг боловсруулах салбараас (зургийг харна уу) гаргадаг жинхэнэ утгаараа аж үйлдвэржсэн улс байлаа, өнөөдөр энэ салбар дөнгөж 10%, эрчим хүч, ус цахилгаан гээд суурь хэрэгцээний үйлдвэрлэлээ оруулахгүй тооцвол боловсруулах салбар дөнгөж 4-5% болно. Энэ дэвшил үү, ухрал уу?

 

 

 

1989 онд уул уурхайн салбарын экспорт манай улсын нийт экспортын 28% эзэлж байсан бол өнөөдөр энэ тоо бараг 90% хүрсэн байгаа нь бид ямаршуухан хэмжээнд уул уурхайгаас хараат улс болсныг харуулж буй юм.

Газрын тосоор баялаг дотоодынхоо хэрэгцээг хангах хэмжээний, ойролцоогоор 1.2 сая тонн түүхий нефт олборлож экспортолдог боловч мөн тэр хэмжээний бензин гадаадаас импорталж бусдаас, тодруулвал ОХУ-аас хараат байдаг улс манайхаас өөр энэ дэлхийд байна уу? Ийм улсыг эрүүл эдийн засгийн бүтэцтэй улс гэж хэлэх үү?

Ядуурал буурлаа л гэнэ. Хоёр жилийн өмнө 27% байсан ядуурал энэ жил 21% болж буурсан юм байхаа. Бүр манай статистикийн төв газраас дэлхийн банктай нийлж хийсэн судалгаагаар тэр шүү дээ, ядуурал 6-7 хувь буурсан гэнэ ээ!! Арай л хатуу тоглоод байгаа юм биш үү?

Граммын эдийн засаг. Хүн амын дийлэнх хувь нь Граммын худалдан авалтанд шилжин хоногийн хоолоо ч даах чадалгүй иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр атал ядуурал нь буурсан үзүүлэлттэй гараад байгаа эдийн засаг эрүүл байж чадах уу? Өнөөдөр бид граммын эдийн засагтай болсон. Уг нь мах, гурил, тосыг килограммаар, бүр тон тоноор хэмждэг байлаа. Тэр цаг одооо өнгөрсөн байна. Эдийн засаг нь ГРАММД шилжчээд байгаа улсад ядуурал буураад байдаг нь хачирхалтай. Бодит байдал дээр ядуурал 60-аас багагүй хувьтай байгаа.

Эдийн засгийн амин судас болсон банк санхүүгийн систем нь бүхэлдээ мөлжлөгийн шинжтэй ажиллаж байгаа нь эдийн засгийн бүтцийн гажигийн нэг илрэл бөгөөд бүр харамсалтай нь банкны систем бараг бүхэлдээ гадныхны мэдэлд байдаг нь эдийн засгийг эрэмдэглэж буй нэг үндсэн нөхцөл юм. Тухайлбал Монголын томоохон гурван банк ХХБ, ХААН банк, ХАС банкнуудын хяналтын багц гадныхны мэдэлд байдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа.

 

Дэлхийн 188 улсыг хамруулсан судалгаагаар ердөө 12 улсад банкны зээлийн дундаж хүү 20 хувиас дээш байдаг. Уганда Аргентин, Киргиз гээд үргэлжид шахуу хямрал нүүрлэж байдаг "хөгжлийн бэрхшээлтэй" эдгээр улсуудын эгнээнд Монгол улс зогсож байна. Ийм мөлжлөгийн шинжтэй банк санхүүгийн системийг нутагшуулсан Монгол улс хөгжил, цэцэглэлийн талаар бодоод ч хэрэггүй шүү! Санацгаагаарай!

Монголын эдийн засгийг эрэмдэг болгосон, эрэмдэг байлгаж байгаа бас нэг нөхцөл нь гадаад худалдааны татварын гаж бодлого юм. 1998 онд худалдааны татвараа ТЭГЛЭСЭН нь эдийн засгийг элгээр нь мөлхүүлсэн үр дүнг авчирсан. Харин өнөөдөр 2000 оноос хэрэгжүүлсэн хавтгайруулсан 5% татварыг үндсэндээ хэвээр хэрэгжүүлсээр байгаа нь өнөөгийн хямралын нэг үндсэн шалтгаан юм.

1996-1998 онуудад хэрэгжиж эхлээд өнөөг хүртэл мөрдөж байгаа гадаад худалдааны татварыг тэглэсэн, хавтгайруулан 5% болгосон бодлого нь ахмад үеийнхний маань 70 жилийн гайхамшигт бүтээн байгуулалт болох аж үйлдвэрийн цогц системийг устгасан, Монгол улсыг элгээр нь мөлхүүлж гадаадын улс орнуудын эдийн засгийн эрхшээлд шууд аваачсан бодлого байсан гэдгийг би сануулан хэлье! 1996-1998 онуудад хэрэгжиж эхлээд өнөөг хүртэл мөрдөж байгаа гадаад худалдааны татварыг тэглэсэн, хавтгайруулан 5% болгосон бодлого нь ахмад үеийнхний маань 70 жилийн гайхамшигт бүтээн байгуулалт болох аж үйлдвэрийн цогц системийг устгасан, Монгол улсыг элгээр нь мөлхүүлж гадаадын улс орнуудын эдийн засгийн эрхшээлд шууд аваачсан бодлого байсан гэдгийг би сануулан хэлье! Харь оронд боловсруулагдсан энэхүү хар бодлогыг гардан хэрэгжүүлж, Монголыг элгээр нь мөлхүүлсэн нөхдүүд өнөө ч худал үнэн үлгэр зохиож гардан үйлдсэн нүгэлээ хаацайлан хамгаалж байна.

Өнөөдөр төрөө үгүйсгэдэг, төрт улсаа өмчтэй байхыг эсэргүүцдэг бүхнийг хувьчлах гэж дайрдаг цорын ганц улс бол Монгол улс юм. Бидний муучлан үздэг Африкийн улсууд хүртэл улс өмчтэй байхыг хүлээн зөвшөөрч боловсрол, эрүүл мэнд, цахилгаан станцууд, уул уурхайн ордуудаа хувьчлахгүйгээр улсын өмчид хадгалах болсон.

Сүүлийн 25 жилийн туршид гадаадад туршигдсан "Төр муу менежер" гэх төрт улсыг нураах хар технологийг хэрэглэн Монголын төрийг үгүйсгэх, төрийг хүчгүйдүүлэн мөхөөх хорт бодлого явагдаж байна. Хувийн ашиг сонирхол бүхий нам, бүлэглэлүүд өөрсдийн хүмүүсийг төрийн албанд шургуулж төрийг муу менежер болгох тусгайлан бэлтгэсэн цогц ажиллагааг явуулж байна. Хамгийн түрүүн төрийг өмчөөс нь салгах замаар төрийг хүчгүйдүүлэх ажиллагааг алгуурхан боловч тууштай хэрэгжүүлсээр ирлээ. Хувьчилж болохгүй өмч гэж бас байдаг. Нийгмийн баялгаар бүтсэн хүний, нийгмийн суурь хэрэгцээг хангаж байдаг ус, цахилгаан эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, зам харилцаа мөн хүний гараар бүтээгүй, эцэг өвгөдөөс минь бидэндээ үлдээсэн байгалийн баялагийг хувьчлан авах гэж дайрч байгаа нь төр, ард түмний ган холбоог тасалж улс баттайгаар оршин тогтнох нэг тулгуур нөхцөлийг үгүй хийж буй хэрэг мөн.

Эцсийн дүндээ төрд байдаг бүхий л эрх мэдэл, хүч чадал өмчийг нь хувьчлах замаар булаан авсан цөөн хэдэн хувийн компаниуд, тэдний ил, далд, гадаад, дотоодын эздийн гарт очиж байгаа нь Монгол улс, Монгол үндэстний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах ажиллагаа мөн.

 

Гадаад өр, гадаад өр, бас дахин гадаад өр

Бидний чихэнд хоногшсон эдийн засгийн үсрэнгүй өсөлт ямаршуухан үнээр олдож байна вэ? $22 тэрбум доллар буюу ДНБ-ний 180 хувьтай тэнцэх гадаад өр, 15 их наяд төгрөгт хүрч буй дотоод өрийн сүлжээ, хүн амын талаас илүү хувийг нэрвэсэн ядуурал, баян хоосны хэт ялгаа, эвдэрч сүйдсэн байгаль орчин, ирээдүйдээ итгэлээ алдсан ард түмэн, ийм л үнээр олдож байгаа эдийн засгийн өсөлт юм. Төсвийн орлогын 15%, цаашид 50 хүртэлх хувийг зээлийн өрийн үйлчилгээнд өгөх тогтолцоо эрүүл үү? Гадаад өр 2009 оноос 2005 оныг хүртэл зургаахан жилийн дотор 7.3 дахин өссөн. Гадаад өрөөс үүдэлтэй дампуурал нь өнөөдөр зөвхөн Африкийн улсуудын асуудал мэт санагдахаа аль хэдийн больсон. Грек, Аргентин, Исланд гээд Европ, Латин Америкийн улсууд шил дараалан дампуурлаа зарласан тохиолдлууд гарч байна. Монголын улсын гадаад өрийн өнөөгийн байдал 2012 оны Грекийн дампуурлаа зарлахаас өөр аргагүйд хүрсэн нөхцөл байдалтай тун төстэй байгаа юм.

Үндсэн хуульд харшилсан эдийн засгийн бодлого хэрэгжиж байна.

Сүүлийн 25 жилд Үндсэн хуульд харшилсан эдийн засгийн бодлого хэрэгжсээр ирлээ. 1992 онд ахмадууд маань Үндсэн хуулиа батлахдаа тун хянамгай хандаж эдийн засгийн тогтвортой хөгжлийн нөхцөлийг хангасан тогтолцооны хэлбэр, хөгжлийн бодлогын суурь үндэслэлийг тодорхой зааж өгсөн байгаа юм. Харамсалтай нь энэ хуулийн заалт өнөөдөр ноцтойгоор зөрчигдсөөр ирсэн юм.

Монгол Улсын Үндсэн Хууль

Тавдугаар зүйл

1. Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна.

4. Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.

Өнөөгийн эдийн засгийн бүтэц, тогтолцоо нь үндсэн хуулийн эдгээр заалтуудыг зөрчиж байгааг та бүхэн харж байна.

1. Өнөөгийн тогтолцоо нь манай улсын онцлогийг тусгаагүй байна, нөгөө талаас ээ олон хэвшлийн бус харин эсэргээргадаад улсаас мөн ганц нэг түүхий эдийн экспортоос хараат болсон байна.

2. Төр хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгоор зохицуулна гэсэн боловч төр өөрөө хүчгүйдэж зохицуулах чадвараа алдсан төдийгүй, зохицуулах оролдлогууд нь нийгмийн хөгжлийн төлөө бус харин тодорхой хувь хүмүүс бизнесийн бүлэглэлийн төлөө байна.

Эдийн засаг дахь энэхүү эрэмдэг тогтолцоо нь эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж болох нөхцөл байдлыг үүсгээд байна.

Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал

Эдийн засгийн олон тулгуурт, оновчтой бүтцийг бий болгох, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй бодлого явуулах, санхүүгийн салбарын аюулгүй байдлыг баталгаажуулах, эрчим хүч, эрдэс баялгийн болон гадаад худалдаа, интеграцийн асуудлаар оновчтой бодлого баримтална.

Үүнд:

3.2.3.Төсөв, санхүүгийн салбарын аюулгүй байдал

• 3.2.3.2.Засгийн газрын авах зээл нь бодит эдийн засгийн салбарт чиглэгдэх бөгөөд эдийн засгийн аюулгүй байдлыг хангасан, зохистой харьцаанд байна.

3.2.3.3. Гадаад валют, алтны нөөцийг үндэсний импортын нэг жилийн хэрэгцээг хангах хэмжээнээс багагүй түвшинд байлгана.

Эдийн засаг нь уул уурхай гэсэн ганцхан тулгууртай, банк санхүү нь мөлжлөгийн шинжтэй бөгөөд гадныхны мэдэлд байдаг, гадаад худалдааны хувьд хоёр хөршөөсөө бүрэн хараат, ДНБ-ийхээ 180 хувьтай тэнцэх гадаад өртэй зэрэг нөхцөл байдлыг хархад манай улсын эдийн засаг Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан заалтуудаа ноцтойгоор зөрчсөн гэдэг нь тодорхой байгаа юм. Тухайлан дурдья гэвэл өнөөдөр манай гадаад валютын нөөц $1.3 тэрбум доллар байгаа нь нэг жилийн биш ердөө 3 сарын импортын хэрэгцээг хангах нөөц юм.

 

Өнөөгийн манай эдийн засгийн тогтолцоо ба түүний үр дагавар.

 

 

Төрийн бат тогтолцоо нь хэвэрэгшиж, төр нь хүчгүйдэж, үндэсний язгуур эрх ашигт биш харин хувийн ашиг сонирхолд үйлчилдэг болсон, эдийн засаг нь эрэмдэг хэрнээ иргэдээ мөлжиж, гадныханд болоод тэдний хамсаатан цөөн хэдэн хүнд үйлчилдэг болсон тогтолцоо бүхий энэ нийгэм Монголын ард түмний хүсэн хүлээж байсан тэр нийгэм биш.

БИД ЮУ ХИЙХ ЁСТОЙ ВЭ?

СОНГУУЛЫН ХУВЪСГАЛ ХИЙЦГЭЭЕ!

• АВИЛГАЧИДЫН ҮЕ ЗАЛГАМЖЛАЛЫГ ТАСТЪЯ

• ДҮР ЭСГЭГЧИД, ЖҮЖИГЧИДИЙГ ТАНЪЦГААЯ

ҮНДСЭН ХУУЛИАР ОЛГОГДСОН ЗАСАГЛАХ ЭРХЭЭ ЭДЭЛЦГЭЭЕ!

ҮҮНИЙГ ХЭН Ч БИШ ГАГЦХҮҮ БИД ӨӨРСДӨӨ Л ХИЙХ ЁСТОЙ!

 

 

"Ард түмний язгуур эрх ашиг, эв нэгдэл" чуулган

2016 оны 2-р сарын 15. МҮЭСТО, Улаанбаатар хот

Х.БАТСУУРЬ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх