Л. Энхсайхан: Монголчууд нийгэм журамд давшин орсон нь

Бизнес ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 22

Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж байгаа “Монголчууд” цувралын дараагийн боть “Монголчууд нийгэм журамд давшин орсон нь” ном нээлттээ хийх гэж буйтай холбогдуулан тус хэвлэлийн газрын түүхийн редакцийн ажилтан Л.Энхсайхантай ярилцлаа.

-Уг номыг яагаад “Монголчууд нийгэм журамд давшин орсон нь” хэмээн нэрлэх болсон талаар яриагаа эхлэе.

-Монсудар хэвлэлийн газраас “Монголчууд” нэртэй түүхэн цувралыг эрхлэн гаргаж байгаа. Уг цувралын эхний хоёр боть нь хэвлэгдэн гараад багагүй хугацаа өнгөрч байна. Хамгийн эхний ботьдоо бид Манжийн эрхшээлд байсан монголчууд тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан 1911 оноос 1921 оны хоорондох түүхийг голчлон харуулсан бол хоёрдахь ботьдоо Манжийн эрхшээлд байсан 300 орчим орчим түүхийг холбогдох гэрэл зураг, архивын баримт материалын хамт дэлгэн харуулсан.

Харин энэ удаагийн ботьдоо бид 1924-1959 оны хоорондох түүхийг багтаалаа. Эндээс уг номны маань нэр болох нийгэм журамд давшин орсон нь хэмээх нэр тодорч байгаа юм.

Тодруулбал бид 1924 онд Улсын анхдугаар их хурал хуралдаж Бүгд найрамдах улс тунхагласан үеэс эхлэн хоршоолох хөдөлгөөн ялсан 1959 оныг хүртлэх үеийг түүхийн нэгэн үе хэмээн авч үзсэн бөгөөд тухайн үед буюу 1940 онд батлагдсан үндсэн хуулийн нэгдүгээр зүйлд “Бүгд Найрамдах Монгол Ард Улс бол эзэрхэг түрэмгий ба феодалын дарлалыг устгасан ...цаашид нийгэм журамд давшин орохын тулд тус орныг хөрөнгөтний бус замаар хөгжүүлэх явдлыг хангагч улс мөн” хэмээн тодорхойлсон байдаг.

Тэгэхээр энэ түүхэн үеийн бүхий л үйл хэрэг нийгэм журам буюу бидний нэрлэж заншснаар социализм байгуулахын төлөөх үйл хэрэг байсан гэсэн үг.

ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ ХЭНЭЭС Ч ХАМААРАЛГҮЙ БИЕ ДААН ОРШИЖ ИРСЭН НҮҮДЭЛЧИД НЭГ НЭГЭЭСЭЭ ХАМААРАЛТАЙ БУЮУ НИЙГМИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТАД ОРСОН ҮЕ ГЭСЭН ҮГ Л ДЭЭ.

Ийм зохион байгуулалтад орохын тулд, зарим талаараа оруулахын тулд маш олон үйл явдлууд болж өнгөрсөн байдаг. Ийм учраас бид номоо “Монголчууд нийгэм журамд давшин орсон нь” хэмээн нэрлэсэн юм.

-Энэ ном бусад номноос юугаараа онцлог вэ?

-Дан ганц энэ ном ч биш нийт “Монголчууд” цувралын хувьд нэгэн хэвийн төрийн түүхээс гадна энгийн малчин ард тухайн түүхэн цаг үед хэрхэн амьдарч байв гэдгийг харуулахыг хичээж байгаа.

Энэ ном ч мөн адил төр улсын үйл хэрэг ороо бусгаа, олон мянгаар нь хамарсан хэлмэгдүүлэлт явагдсан зэрэг олон сөрөг үйл явдлуудтай ч нөгөө талаараа өнөөгийн бидний амьдарч байгаа Улаанбаатар хот маань нийслэл гэсэн дүр төрхтэй болсон, аж үйлдвэрийн салбарын эхлэл тавигдсан гээд олон сайхан үйл явдлууд болж байх үед монголчууд хэрхэн амьдарч, хэрхэн өөрчлөгдөж байв гэдгийг гэрэл зургаар ч болов харуулахыг хичээсэн нь нэлээд том онцлог болно.

Мөн номын зохиогчдын хувьд тухайн салбар бүрийн судлаачид, нийгэм журмыг байгуулалцахад гар бие оролцон явсан хүмүүсийн төлөөлөл оролцсноороо бас чухал онцлогтой.

-Номыг бүтээхэд ямар хүмүүс оролцсон бэ?

-Дээр дурдаснаар салбар бүрийн судлаачид оролцсон гэж байна. Үүнийгээ дэлгэрүүлвэл? Бүтээлийн ерөнхий редактораар түүхийн шинжлэх ухааны доктор (Ph.D), профессор, Төрийн соёрхолт түүхч Оохнойн Батсайхан ажилласан бол түүхчдээс Түүхийн шинжлэх ухааны доктор (Ph.D), Зөвлөх профессор З.Лонжид, Түүхийн шинжлэх ухааны доктор (Ph.D), Профессор Г.Мягмарсамбуу, Түүхийн шинжлэх ухааны магистр П.Лхам нар ажилласан. Харин бусад салбарын судлаачдын хувьд Боловсрол судлалын ухааны доктор (Ph.D) Б.Батсайхан, М.Дэлгэржав, Соёл судлалын ухааны доктор (Ph.D) Ж.Баатарцогт, Анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D), Профессор Ж.Раднаабазар, Анагаахын шинжлэх ухааны доктор (Ph.D), Дэд профессор, Р.Эрдэнэтунгалаг, Л.Энхбаатар нар ажиллаа. Энэхүү номод гэрэл зургаас өөр ямар баримтууд орсон бэ? Мэдээж зурагт түүх гэж байгаа учраас гэрэл зураг олон орсон. Ойролцоогоор 1200 орчим гэрэл зураг орсон. Гэрэл зургийн хувьд бид түүхэн гэрэл зураг гээд тухайн үед авсан ямар ч хамаагүй зураг сонгоогүй. Аль болох өгүүлэмжтэй, хүнд ямар нэгэн ойлголт өгөхөөр зураг сонгосон. Гэрэл зургаас гадна хүмүүс төдийлөн сайн мэддэггүй маш олон архивын баримт материалууд байгаа. Мөн тухайн цаг үеийн онцлогийг харуулахаар зохиол бүтээлүүд, төрөл бүрийн зурагт хуудсууд гэх мэтчилэн ерөнхийдөө тухайн цаг үеийн үйл явдлуудыг хэд хэдэн талаас нь харуулахыг хичээсэн тул олон сонирхолтой материалууд орсон. Энэ нь зөвхөн түүх сонирхогчдоос гадна тухайн үеийн түүхээр судалгаа хийдэг судлаачид, дан ганц түүхчид гэлтгүй олон нийтэд нэн ач холбогдолтой зүйл болсон гэдэгт итгэлтэй байна.

-Энэ номоос бид юуг олж харах хэрэгтэй вэ?

-Уншигч бүр л өөр өөрийнхөө дүгнэлтийг хийх байх. Хэвлэлийн газрын зүгээс тухайн түүхэн үеийг магтан дуулахгүйгээр, муучлан гоочлохгүйгээр болсон хэрэг явдлыг бодитоор нь л харуулахыг хичээж байгаа. Энэ номыг уншаад социализм гэдэг бол бүтэшгүй муухай юм байж, тийм болохоор л нуран унасан, тэр үед сайн сайхан юм юу ч байгаагүй гэдэг ойголтоо л өөрчлөөсэй гэж хүсэж байна. Нэгэн хэвийн тогтсон энэ мэт ойлголтоо өөрчилж чадвал маш олон зүйлийг цоо шинээр харж чадна гэдэгт итгэлтэй байна. Бас нүүдэлчин монголчуудын амьдралд суурин соёл иргэншлийн нөлөө хэрхэн нөлөөлсөн, бидний мартах ёсгүй хүмүүс, тэд энэ улсыг бүрэн бүтэн байлгах гэж яаж тэмцэж ирснийг гээд тэр гээд онцлохоосоо илүү цогцоор нь харах хэрэгтэй маш олон зүйлс байгаа.

-“Монголчууд нийгэм журамд давшин орсон нь” номын нээлт хэзээ болох вэ?

-Номын нээлт хоёрдугаар сарын 24-ний 14:00 цагт “Интерном” номын их дэлгүүрийн төв салбарт болно.

-“Монголчууд” цувралын дараагийн боть хэзээ гарах вэ?

-Монгол нутагт хүн амьдарч эхэлсэн үеэс 13-р зуун хүртэл нэг боть, 13-16-р зууны үеийг харуулсан нэг боть гэсэн хоёр ботийн ажил үргэлжлээд явж байна. Энэ 2016 ондоо багтаагаад уншигчдын хүртээл болгох төлөвлөгөөтэй байгаа. Ерөнхийдөө нэн эрт үеэс эдүгээг хүртлэх Монголын түүхийн зурагт цуврал гарч байгаа гэж ойлгож болно.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх