“ЭЕШ-д бэлтгэнэ” буюу хэрэгцээ дагасан бизнес

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 26

С.ЭНХ-ҮЖИН

Өнгөрсөн 2015 онд ЭЕШ өгөхөөр 20473 хүүхэд бүртгүүлснээс 19977 нь шалгалтад хамрагджээ. Харин шалгалтаа амжилтгүй өгсөн сурагчдын тоо баримтыг Боловсролын үнэлгээний төв болоод “2015 оны элсэлтийн ерөнхий шалгалтын тайлан” номноос ч  олсонгүй. Иймээс шалгалтдаа тэнцсэн эсвэл тэнцээгүй хүүхдийн тоо жил ирэх тусам  өссөн, буурсан эсэх нь тодорхойгүй байна.
Хуучин бол дээд сургуулийн нэг хуваарьт олон хүүхэд өрсөлдөөд бусад нь юу ч үгүй хоцордог байсныг  бодвол хэдэн зуу дахин хялбар, босго оноо давчихсан байхад аль ч сургуульд орж болдог өнөөгийн шалгалт уг нь амар болсон. Үгүй ядахад л оноо дутуу байлаа ч төлбөр мөнгө нь байвал  хувийн аар саархан сургуульд орчихно. Гэхдээ л ЭЕШ өгнө гэдэг төгсөх ангийн хүүхэд бүрийн, тэдний эцэг, эх, ангийн болон хичээл заадаг багш нарын “толгойны өвчин”.



Дээр нь сүүлийн жилүүдэд ЭЕШ өгөх хүүхэд бүр Монгол хэлний хичээлийн шалгалт заавал өгч тэнцсэн байх ёстой, энд нь Монгол бичгийн сэдэв орсон байгаа. Энэ жилээс эхлээд хэлний шалгалтуудад ч мөн сонсч ойлгох шалгуур нэмэгдсэн билээ.
Энэ бүхэн дээд сургуульд элсэх сонирхолтой хүүхэд, эцэг эхчүүдийн “толгойны өвчин” болжээ.Өнөөгийн ЕБС-иудын  анги дүүргэлт их, нэг ангид 35-аас дээш хүүхэд суудгаас багш сурагч нэг бүрт хандаж, тулж ажиллах боломж хязгаарлагдмал, нөгөө талаар сурагчид ч хэдэн жилийн өмнө үзсэнээ мартаж санасан, дутуу дундуур ойлгосноо давтах сонирхол их байдгаас энэ тэндээс давтлага авах нь ихэссэн.

Зарим сурагч нь сургуулийнхаа багш нарын өгч байгаа давтлагад суудаг байхад зарим нь гадуурх сургалтын төвүүдийн “ЭЕШ-д бэлтгэнэ” гэсэн курст сууна. Харин бийлэгжүү айлын хүүхдүүд гэрийн багшаар заалгадаг болоод удаж байна.Гэвч ерөнхий боловсролын сургуулиуд ихэвчлэн есдүгээр сараас эхлэн элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан давтлага өгч буй нь чанартай, чанаргүй сургалтын төвүүд олноор бий болоход завшаантай хэрэг болдог аж.


Хүүхдүүд: Давтлага авахгүй бол ЭЕШ өгч барахгүй

Монгол гуравдугаар сургууль, АШУҮИС-ийн лицей, 21 дүгээр сургуулиар ороход  сургалтын төвөөс давтлага авдаггүй хүүхэдтэй анги байгаагүй юм.
Үүнээс гадна хүүхдүүд давтлага авахгүй бол элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог давна гэдэг амар биш, давтлага л маш чухал хэмээн ярьж байв. Химийн хичээлээр давтлага авч байгаа 21 дүгээр сургуулийн сурагч Б.Цэндбаяр “Сургалтын төв цөөн хүүхэдтэй хичээллэдэг, хичээл нь дөчин минутаас илүү хоёр цагаар ордог болохоор хүүхэд бүр ойлгоход дөхөм санагддаг. Тэгээд ч давтлага авахгүй бол ЭЕШ-д гайгүй оноо авна гэж байхгүй” гэсэн бол энэ ангийн сурагч М.Хулан ”Хэрвээ сургалтын төвөөс давтлага авах боломж гарвал авмаар л байна. Хэн ч сайн оноо авахыг л бодно шүү дээ” гэж байлаа.

Сургуулиудаар явж хүүхдүүдтэй уулзаж ярилцахад тэдний гэнэн цайлган ярианаас  өнөөгийн сургуулиудын сургалтын чанар, багш нарын хичээлээ заадаг арга барилын тухай бүхнийг мэдэж болохоор байв. Ямар сайндаа л нэг хүүхэд “Эгчээ араар суудаг хүүхдүүд багш нарын нүдэнд өртдөггүй. Тэгээд ч багшаас дүн авахын тулд хуулдаг шүү дээ” гэж хэлчихээд цааш гүйгээд явчихсан юм


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх