Зүү залгисан өвчтөнг эмнэлгүүд хүлээн авахгүй таван цаг нааш цааш нь явуулжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 28 ・ 3

Сар шинийн баярын өмнө санамсаргүйгээр зүү залгисан нэгэн эмэгтэйг эмнэлгүүд хүлээж авахгүй нааш цааш олон цаг явуулсан хэрэг гарсан байна. Юу болсон талаар өвчтөний ээж Б.Уранчимэгээс тодрууллаа.

-Таны охин зүү залгисан ч эмнэлгүүд хүлээж авахгүй нэг нэгэн рүүгээ явуулсан гэсэн. Юу болсон талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Нэгдүгээр сарын 22-нд баасан гариг байсан юм. Намайг ажил дээрээ байхад манай хүргэн утсаар яриад “Ээж ээ, манай эхнэр зүү залгисан байна. Бид нар яах учраа олохгүй байна. Эхнэр ажил дээрээ түргэн дуудсан байна. Түргэний эмч Гэмтлийн эмнэлэгт үзүүл гээд яваад өгсөн байна. Танай ажил Гэмтлийн эмнэлэгтэй ойрхон юм чинь наанаасаа яваад очоорой” гэсэн юм. Охин маань юм оёдог юм. Ажил нь нэлээд хол Улиастайд байдаг. Тэгээд ажил дээрээсээ Гэмтэл рүү явсан байна. Манай ажил модны хоёрт байдаг учраас Гэмтлийн эмнэлэг рүү сандраад очсон юм. Явахаасаа өмнө ажлынхаа хүмүүсээс манай охин зүү залгисан байна. Ямар арга хэмжээ авдаг юм бол” гээд асууж сураглалаа. Хүмүүс өөрөө өөрийнхөө сонссоноор хэллээ. Гэмтлийн эмнэлгийн хүлээн авах дээр яваад очсон чинь манай хоёр зэрэгцээд ирлээ. Яасан юу, болсон гэсэн чинь охин минь хоолой хавьцаа тороод байхаар ярьж чадахгүй байна гэж байлаа.

-Тэгээд түргэний эмч үзээд юу гэсэн бэ?

-Гэмтлийн эмч үзээгүй. “Манайх үздэггүй юм аа. Манайд эхо аппарат байхгүй. Гуравдугаар эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн хүлээн авах дээр яваад оч. Тэнд үзээд өгнө” гэсэн. Уг нь түргэний эмч наашаа яв гэж зааж өгсөн юм билээ. Тэгээд тэндээс гараад Гуравдугаар эмнэлгийн Хүлээн авахад очлоо. Эмнэлгээр явж байгаагүй бид чинь эмнэлгийн нарийн учрыг бас сайн олдоггүй юм байна. Ямар эмч, сувилагч өөр эмнэлэг рүү яв гэж хэлснийг бичүүлж авахгүй бол эмч нар итгэхгүй шинжтэй юм билээ. Гэмтлийн хүлээн авахаас танайх руу яв гэж хэлсэн гэхэд “Манайх үзэхгүй. Цэргийн госпитал эмнэлэг рүү яв” гэв. Уг нь Гэмтлийн эмнэлэг танайхыг үзнэ гэж байсан даа гэхэд “Та цаг алдахын хэрэг. Манайх үзэхгүй, Госпитал яв” гэлээ. Хаа байсан Улиастайгаас ирсэн бид буцаад Баянзүрх рүү Госпитал эмнэлэг очихоор явлаа. Энэ хооронд замын түгжрэлд маш удаж байж очсон. Гэтэл дахиад л манайх үзэхгүй гэсэн.

-Яагаад тэр вэ. Харьяаллын дагуу бол Госпитал үзэх ёстой юм биш үү?

-Уг нь тийм. Гэтэл “Манайх гадны нөлөөтэй өвчтөнг үздэггүй” гэж хэлсэн. Уг нь тэр эмнэлэгт тоног төхөөрөмж нь байгаа юм билээ. Гадны нөлөөтэй гээд яагаад үзэхгүй байгааг нь ойлгосонгүй. Миний бодлоор суурь өвчин биш гэнэтийн ийм зүйлийг үздэггүй юм байлгүй дээ гэж бодсон. Госпиталын хүлээн авахын эмч Нэгдүгээр эмнэлэг рүү яв гэхээр тийшээ очлоо. Нэгдүгээр эмнэлэгт ямар ч асуудалгүй үзээд, хагалгаа хийгээд наад зүүг чинь авчихна гэж хэлсэн юм. Тэнд яваад очтол Нэгдүгээр эмнэлгийн Яаралтай түргэн тусламж нь очертой байсан. Хүлээж сууж байгаад үзүүлэхээр болов. Гэтэл дахиад л хүлээн авахын сувилагч нь “Манайх үзэхгүй. Та хэд госпитал руу яв. Тэндэхийн харьяа юм байна. Тийшээ яв” гэв. Бид сая тэндээс ирж байна. Энд үзнэ гээд явуулсан” гэхэд “Юу яриад байгаа юм. Тийм юм байхгүй. Манайх үзэхгүй” гээд уурласан. Нэг хүүхэн нь нэлээд ааштай юм аа. Тэгэхээр нь бидний бас тэвчээр барагдлаа. Дөрвөн цагаас хойш тав зургаан цаг эмнэлгүүдийн хооронд явлаа. Ямар хэцүү юм бэ. Яаралтай эмчилгээ авах шаардлагатай байсан бол энэ өвчтөн чинь нүд анихаар боллоо ш дээ. Танайхыг л авна гэсэн, миний охиныг үзээд өг” гэлээ. Тэгсэн хүлээн авахынх нь гурван эмчийн нэг нь намайг битгий мангас шиг орилоод бай” гээд загнаад эхэлсэн. Ингээд дуу өндөрсөөд ирсэн чинь цаанаас нэг эмч гарч ирсэн. Тэр эмч нь “Юу болоод байна. Наад камерт чинь харагдаад байна” гэлээ. Тэгээд над руу ирээд “Та яасан юм. Юу болсон юм бэ” гээд асуухаар нь болсон явдлыг л хэллээ. Олон цаг эмнэлгээр явж байна. Үзэхгүй ийшээ яв, тийшээ яв гээд байна гэдгээ хэллээ. Охин маань хөөрхий тэнд сандраад уйлаад байлаа.

Нэгдүгээр эмнэлэг үзээгүй юу?

-Нэг юм сүүлд гарч ирсэн эмч нь сайн хүн таараад “За одоо та тайвшир. Рентгений эмч нь явчихсан байгаа. Одоо дуудаад ирүүлээдхье. Тэгээд үзээд өгье” гэлээ. Рентгений эмчийг хүлээж байгаад харуулсан чинь зүү нь ходоодон дотроо байна гэсэн. Ходоодон дотор байгаа зүүг дурангийн эмч үзээд авдаг юм байна. Тэгээд дурангийн эмч нь өдөр 15 цагт ажил нь дуусаад явчихаж. Дуудлагаар ирдэг. Төлбөрөө хийнэ гэвэл дуудаж үзүүл гэхээр нь “Төлбөр нь хамаагүй. Эмчийг нь дуудуулаад үзүүлье” гэлээ. Дурангийн эмч нь ирээд дурандсан чинь ходоодон дотор байсан зүү нь алга болчихсон.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 02 сар 29/

    Манай улсад эмнэлэг эмч гэж байхаа болиод удаж байна тэрийг нь ч засаг хаацайлдаг болчихсон манайд одоо эмнэлэг эмчийн нэр барьсан алаачин шулаачид л цэцгэлэж байгаадаа тангараг гэж ёс төдий юм болж хувирсан

    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 28/

    Хаанахын хэн буруутай түүнд ямар арга хэмжээ авсан,цаашид яах нь бидэнд хэрэгтэй болохоос хариуцлагагүй улсын маршрут үлгэрээр бид яах билээ.

    Хариулах
  • ьй / 2016 02 сар 28/

    Mенгегуй бол хедлехгуй шуу дее.

    Хариулах