Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 02 сар 29
・ 5
-“Дүнжингарав-2016” уралдааны үеэр 16 хүүхэд мориноосоо унажээ-
А.АКЭРКЭ
Олон нийтийн цахим сүлжээнийхнийг өнгөрсөн долоо хоногт талцуулсан нэг сэдэв нь “Дүнжингарав-2016” уралдаан байлаа. Цөөн хэд нь, өв соёл гэж үзэж байхад дийлэнх нь эсрэг саналтай байв. Тодруулбал, “Нүд халтираад харж ч чадахгүй юм байна. Ийм аймаар уралдааныг жаахан дулаартал хойшлуулж болдоггүй юм байх даа. Юунаас нь жаргал, цэнгэл мэдэрдэг юм бол доо”, “Нялх хүүхдийг барьцаалж догшин адгууснаас таашаал авдаг ГАЖ ДОНТНУУД”, “Хахир хавраар учир мэдэхгүй хүүхэд, хэл мэдэхгүй адгуус тамлах нь хэнд хэрэгтэй юм”, “Хурдан морийг хоногийн хоолоо чадан ядан залгуулж байгаа үхсэн ч хохь нь болох ядуусын хүүхдүүд унадаг болохоос бус УИХ-ын гишүүн М.Энхболд, Ч.Улаан, Г.Батхүү, Б.Наранхүүгийн үр хүүхэд унадаггүй юм. Хүүхдийн амь насаар дэнчин тавьж зугаагаа гаргаж байна. Нэг их хөөрөг даалин гаанс торгоор өөрсдийгөө гоёж, ядуу ард түмэндээ баярхсан Манжийн хаан шиг шинэ цагийн феодлууд” гэх мэтчлэн үзэл бодлоо илэрхийлсэн сэтгэгдлүүдийг та лав харсан байх. Гэвч ийм талцал зөвхөн өнгөрсөн долоо хоногт болж өнгөрөөгүй. Одоо ч үргэлжилсээр...

Хэдэн жилийн өмнөөс угшилтай эл асуудалд цэг тавих эрх мэдэлтэн, төрийн түшээд өнөөдөр байхгүй байгааг гаргасан хууль, тогтоомж, захирамжаасаа буцдгаас нь бэлхнээ харж болно. Уг нь, өнгөрсөн сард Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат тус аймгийн нутаг дэвсгэрт морин уралдаан зохион байгуулахыг хориглосон захирамж гаргасан байдаг. Тэрээр, ирэх тавдугаар сарын 1 хүртэл буюу өвөл, хаврын саруудад Төв аймгийн нутаг дэвсгэрт ямар нэг морин уралдаан зохион байгуулахыг хориглож, томоохон хэмжээний сунгаа, үсэргээ хийхгүй байхыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгосон билээ.
Харамсалтай нь, тэрээр энэхүү шийдвэрээсээ буцсан. Үүнийгээ “Дүнжингарав-2016”-г Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд зохион байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Энэ шийдвэр нь миний захирамжийг үгүйсгэх бүрэн эрхтэй. Мөн манай аймагт хурдан морь уяач олон бий. Тэд намраас хойш морьдоо хаврын уралдаанд оруулах гэж олон сарын хөдөлмөрөө зориулан хүлээж байгааг хүндэтгэн үзсэн. Гэхдээ зүгээр ч шууд шийдсэнгүй.
Монголын морин спорт уяачдын холбоо /ММСУХ/, Хүүхдийн төлөө үндэсний газрын төлөөлөгчдийг байлцуулан гурван талт уулзалт хийсэн. Унаач хүүхдийн эрхийг хамгаалах үүргийг ММСУХ-ныхон хүлээсэн. Хүүхдүүдийг хамгаалалтын малгай, хувцастай уралдуулах, тэднийг болзошгүй аюул, ослоос сэргийлэхэд онцгой анхаарахаар тохиролцсон” хэмээн тайлбарлажээ. Мөн өнгөрсөн амралтын өдөр болсон уралдаан нь Хөдөлмөрийн сайдын тушаалыг зөрчсөн хэрэг болж буй юм. Тодруулбал, Хөдөлмөрийн сайдын 2016 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн А/36 тоот тушаалаар батлагдсан “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ын 3.10.2-т: хүүхдээр “Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд хурдан морь унуулах” -ыг хориглосон байсан.

Энэ мэтээр гаргасан шийдвэрийнхээ талд бат зогсч чаддаггүй эрхтэн дархтнууд байгаа цагт энэ асуудалд цэг тавих боломж байхгүйг хоёр хоногийн өмнө болж өнгөрсөн “Дүнжингарав-2016” уралдаан харууллаа. Түүнчлэн жинхэнэ утгаар нь хүүхдийн эрхийн талаар дуу хоолой нь болж тэргүүн эгнээнд явах ёстой ганц байгууллага болох Хүүхдийн төлөө үндэсний газрынхан эл асуудалд ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй ч өчигдөр өөрсдийн фэйсбүүк хуудаснаа “Төвийн бүсийн “Дүнжингарав-2016” хурдан морины уралдаан Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд болж, түрүүлж ирсэн хурдан хүлгүүд уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулж өнжлөө. Засгийн газрын шийдвэрээр болдог тус уралдаан соёолон, их нас, азарга, эрлийз гэсэн дөрвөн ангиллаар болсон. Төвийн бүсийн хаврын уралдааныг зохион байгуулахын тулд уралдааны замыг хэд хэдэн удаа засч, янзлан стандарт шаардлагад нийцүүлснээс гадна уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдалд онцгойлон анхаарсан. Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Монголын морин спорт, уяачдын холбоо хамтран хүүхэд хамгаалал, хурдан морины уралдаанч хүүхдийн эрүүл мэнд аюулгүй байдал, хамгаалалтын хувцасны иж бүрэн байдлыг хангаж ажиллах, уралдааны зохион байгуулалт үйл ажиллагаанд хяналт тавин бүртгэл хийж, хүүхэд хамгааллын асуудлаар зөвлөмж өгч хамтран ажиллалаа” гэсэн мэдээг нийтлэв. Гэхдээ тэд хүүхэд, унаж бэртлээ гэдэг мэдээллийг огт дурдсангүй, дурдахыг ч хүссэнгүй бололтой.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.