Хоёр сайд, хоёр засаг дамжсан эрүүгийн шинэ хуульд ийм өөрчлөлт оржээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 02

Б.ЗАЯА

Эрүүгийн хууль шинэчилсэн найруулгаар ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Х.Тэмүүжингээс Д.Дорлигжав хүртэл хоёр сайдын гар дамжиж, өнгөрсөн арванхоёрдугаар сарын 3-нд УИХ-аар батлагдсан уг хууль нийт 30 бүлэг, 273 зүйлтэй. Одоогийнхоос бүлэг болон зүйл заалт нь товчлогджээ.

Нийгмийн өөрчлөлтийн хэрээр гэмт хэргийн нөхцөл байдал хүндэрч, шинэ төрлийн, онц хүнд гэмт хэрэг нэмэгдэх болсон. Үүнийг зохицуулах, хэрэгтэнд тохирсон ял шийтгэл ногдуулах гол арга бол хуулийг сайжруулах явдал юм. Ингээд хуульд орсон өөрчлөлтүүдийг тоймлоё.

 

ДАВТАН ГЭМТ ХЭРЭГТ ЯЛ ХҮНДРҮҮЛЭХГҮЙ

Хууль санаачлагчдын хэлснээр олон улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрэм, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг конвенци, Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид заасны дагуу ял оногдуулахад ялгаварлахгүй байх, нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах, ял халдаан хэрэглэхгүй байх зарчмыг энэ хуульд тусгажээ. Эрүүгийн хуульд гэмт хэргийн талаарх ойлголтыг өргөн хүрээтэй болгож, хүн, нийгэм, төрд учруулах хор аюулын шинж чанараас хамааруулан гэмт хэргийг зөрчлөөс үйлдлийн шинжээр нь тодорхой ялган заагласнаас гадна онц аюултай гэмт хэрэгтэн, ялтай байдал гэж нэрлэн заасан, хууль зүйн үр дагавар үүсгэдэг ойлголтыг өөрчилж Тусгай ангийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд оруулаагүй ажээ.  Ингэснээр ял, шийтгэл нь гарцаагүй байх ёстой боловч давтан гэмт хэрэг нэрээр ялыг хүндрүүлдэг байдлыг халж гэмт хэрэг тус бүрд нь ял оноож эхлэх нь.

                               

ХҮҮХДИЙГ ЗААВАЛ ХОРИХГҮЙ

Энэ удаа насанд хүрээгүйчүүд үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг тусад нь бүлэг болгожээ. Гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүүхдэд нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг нь хязгаарлах, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял ногдуулна. Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн өсвөр насныханд хорих ял ногдуулах зо­рил­гогүй бөгөөд хүүх­дийн хүмүүжил, нас бие, сэтгэхүйн онцлогт тохирсон ял шийтгэл ног­­дуулах, хүүхдийг аль болох хорих бус хүмүү­жүүлэх, гэмт хэрэг үйлдэ­хээс урьдчилан сэргийлэх шинжтэй байх зохицуулалтыг тусгаснаа хууль санаачлагчид онцолж байгаа юм.

Хуулийн шинэчилсэн найруулгаар бүлэг болгон тусгайлан авч үзсэн өөр нэг зүйл бол хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагын тухай юм. Энэ удаа хуулийн этгээдийн өмнөөс хувь хүн хариуцлага хүлээ­дэг байсныг өөрчлөн байгаль орчинд хохирол учруулсан, мөнгө угаа­сан, терроризмыг санхүү­жүүлсэн зэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой төрлийн гэмт хэргийг хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээд өөрийнхөө хөрөнгөөр хариуцлага хүлээхээр болж байна. Хуулийн этгээдэд торгох, эрх хасах, татан буулгах ял ногдуулна.

 

АВЛИГАЧИД ШОРОНД УУ, ГЭРИЙН ХОРИОНДУУ?

Ялын төрлүүдэд өмнөхөөс нэлээд өөрчлөлт оржээ. Одоогийн мөрдөж байгаа хуульд торгох, албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах, эд хөрөнгө хураах, албадан ажил хийлгэх, баривчлах, хорих, цаазаар авах ялтай. Тэгвэл шинэчилсэн найруулгаар эдгээрээс эд хөрөнгө хураах, баривчлах, цаазаар авах ялыг халж, нийтэд тустай ажил хийлгэх, гэрийн хорионд байлгах заалт шинээр нэмэгджээ. Энэ нь гэмт хэрэгтнийг хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх, дахин хэ­рэгт холбогдохоос сэр­гийлэх зорилготой заалтууд гэж үзэж байгаа юм.

Манай улс Цаазаар авах ялыг халах тухай олон улсын гэрээнд нэгдсэний хувьд ирэх есдүгээр сарын 1-нээс албан ёсоор цаазын ялгүй улс болж байна.

ҮРгэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх