Миний охин бол бурхны бэлэг, тиймээс эх орондоо хэрэгтэй хүн болох ёстой

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 02
Ханиад хүрсэн охиноо эмчид үзүүлж, тархины саажилттай гэдгийг нь анх мэдсэнээр энэ түүх эхэлсэн юм.
 

Тэвчээр, тэмцлийн охь манлайд нь явж, амьдралын хамаг л хүндийг нуруундаа үүрсэн хэр нь цог жавхаагаар дүүрэн алхдаг хүмүүс бол ээжүүд, эхчүүд билээ. Төрүүлж өсгөсөн үрсийнхээ хайраар амьдралаа гоёж, тулаад ирсэн тавиланг туучаад гардаг эр зориг тэднээс л гардаг.

Ийм итгэл, хайраар гэрэлтсэн эхчүүдийн нэг болох М.Наранмандах хэмээх бүсгүйтэй уулзаж зориг тэвчээр, болгоно бүтээнэ гэсэн сэтгэлийн үзүүрт амьдралын бэлэг хэрхэн урсан орж ирдгийг эрхэм уншигч тантай хуваалцах завшаан тохиосон юм.

 

Түүх ингэж эхэлжээ 

М.Наранмандах, хань А.Одхүүтэйгээ ханилаад 4 сайхан үрийн эх, эцэг болжээ. Халуун дулаан уур амьсгал, аз жаргал, гэр бүлийн хайр халамж гээд энэ гэр бүлд дутуу зүйл саяхныг хүртэл байсангүй. Бага охин О.Сувдыгаа 6 сартай байхад энэ гэр бүлд гашуун мэдээ дуулдах нь тэр. Ханиад хүрсэн охиноо эмчид үзүүлж, тархины саажилттай гэдгийг нь анх мэдсэнээр энэ түүх эхэлсэн юм.

 

Тархины саажилт олон янзын шалтгаанаас үүсдэг өвчин юм байна. Монголд үүсч байгаа түгээмэл шалтгаан нь нярайн шарлалт, дутуу төрөлт, төрөх явцын хүндрэл ажээ.

 

 

Тархины саажилт олон янзын шалтгаанаас үүсдэг өвчин юм байна. Монголд үүсч байгаа түгээмэл шалтгаан нь нярайн шарлалт, дутуу төрөлт, төрөх явцын хүндрэл ажээ. Хамгийн харамсалтай нь хүүхдийг өөрөө хөл дээрээ тулдаг болтол үүнийг эцэг эхчүүд ч анзаарч, илрүүлэх боломж тун ховор байдаг юм байна. Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад нярайн шарлалтаас үүдсэн саажилт бараг л байхгүй болсон бол манай оронд яг эсрэгээрээ ихсэж байгаа нь эмгэнэлтэй үнэн билээ.

 

Хэлж ирээгүй энэ тавилантай төрсөн цагаасаа эхлэн тэмцэж буй О.Сувд охин одоо 1 ой 4 сартай. Өдий насны хүүхэд өөрөө хоолоо бариад идчихдэг бол тэрээр толгойгоо ч сайн даахгүй, замбараагүй хөдөлгөөнтэй, хөл гар нь хаашаа л бол хаашаа савчина. Тиймээс байнгын асаргаа, хөдөлгөөн засал хэрэгтэй. Булчин шөрмөсийг нь хөдөлгөөн заслын эмчилгээгээр өдөр бүр амьд, идэвхтэй байлгах нь хамгийн чухал. Монголд 21 аймгийн тархины саажилттай хүүхдэд үйлчилдэг ганц улсын байгууллага нь ЭНЭШТ. Хэт их ачааллаасаа болоод тэнд нэг хүүхдэд 1 сард ердөө л 5 удаа хөдөлгөөн заслын эмчилгээнд орох дугаар өгдөг байна. Эмчилгээнийхээ дугаарыг урьдчилж, урт дараалалд зогсож байж олж авна.

Уг нь энэ ээж, охин хоёр ЭНЭШТ-ийн мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлэх гэж олон удаа оролдсон ч ор олдоогүй өнөөг хүрчээ. Хөдөлгөөн заслын эмчилгээнд бусад газраар үйлчлүүлэхэд нэг удаагийн төлбөр нь хамгийн хямддаа 10000, хамгийн үнэтэй нь 30000. Гэтэл ийм хүүхдэд ганц хөдөлгөөн засал биш тархи, мэдрэлийн үнэтэй олон эм, амин дэм шаардагддаг учраас төлбөртэй эмчилгээнд орох эдийн засгийн нөхцөл боломж угаасаа байхгүй. Иймээс Монголд хөгжлийн бэрхшээлтэй олон мянган хүүхэд зөвхөн хөдөлгөөн заслын эмчилгээний дугаараа хүлээн, эсвэл эцэг эх нь гэртээ л хүүхдээ харж, бусдын нүднээс нуухаас өөр зүйлд бүх чадлаа барсан байдаг.

 

Хэн нэгний хүүхэд хатгаа, ханиад хүрлээ гэхэд гэртээ эм, тариа хэрэглээд зүгээр болдог бол ийм өвчтэй багачууд сэхээний тасагт онцгой эмчилгээний дор арай гэж сэргэдэг.

 

 

Үүнээс ч хэцүү зүйл бас бий. Ийм хүүхэд нэг өвдвөл маш хүндээр өвддөг, зөвхөн хатгаа тусахад л сэхээнд шилжих хэмжээний хүндэрдэг аж. О.Сувд охин гэхэд өнгөрсөн зун  ханиад, улаанбурханаас болж ХӨСҮТ болоод БЗД-ийн эмнэлгийн сэхээнд гурван удаа хэвтсэн. Хэн нэгний хүүхэд хатгаа, ханиад хүрлээ гэхэд гэртээ эм, тариа хэрэглээд зүгээр болдог бол ийм өвчтэй багачууд сэхээний тасагт онцгой эмчилгээний дор арай гэж сэргэдэг. Дайны хажуугаар дажин гэгчээр ЭНЭШТ-д 1 сард 5-хан удаа орох гэж үй түмэн хүний хөлийн тоос бужигнаан дунд О.Сувд охин 3 өдрийн эмчилгээнд яваад л өвдчихдөг. Ингээд ээж нь аргагүйн эрхэнд эмчилгээний өөр боломж судалсаар охиноо Христийн “Гэрэл өөд” төвд үнэ төлбөргүй эмчлүүлж, улсдаа ганц байдаг саажилттай хүүхдүүдийн сувиллын 10-р цэцэрлэгт хамруулжээ.

 

 

Монголд саажилттай хүүхэдтэй айл бүх зүйлээ үрээд дуусдаг

Бага охиноо ийм өвчтэй гэдгийг мэдсэний дараа энэ гэр бүлийн амьдрал тэр чигтээ өөрчлөгджээ. Оюутан болсон том хүүгээ сургуулиас нь чөлөө авахуулж цэрэгт мордуулж, сургалтын төлбөрт нь зарцуулах байсан мөнгөө охиныхоо эм, тарианд төсөвлөжээ. Гэр бүлийн бүх гишүүд шинэ хувцас, гутал, цүнхний тухай бодох сөхөөгүй.

М.Наранмандах СУИС-ийн РТДС-д сэтгүүлзүйн багшаар ажилладаг. Нөхөр нь “Тайгер” компанийн борлуулалтын албаны жолооч. Хоёр том охин нь хичээлдээ явах, тарах цагаараа зохицуулан дүүгээ харна. Төсвийн ажилтай, орон сууцны зээлтэй, 4 хүүхэдтэй энэ айлд тархины саажилт хэмээх хэлж ирдэггүй хийсч ирдэг өвчин бүхнээ дайчлахыг хэл үггүй шаардаж байна.

 

Яагаад гэвэл ийм өвчтэй хүүхдийг 2 нас хүртэл нь эрт оношилж, эмчилж чадвал эрүүл хүнийг 100 хувь гэж үзвэл 90 хувь хүртэл эдгэрэх боломжтой гэдгийг М.Наранмандах олон сургалт, зөвлөгөөнд сууж, гадаадын эмч мэргэжилтнүүдийн амнаас сонсчээ. Энэ чиглэлд Герман, Франц, Япон улс дэлхийд тэргүүлдэг юм байна. Тиймээс энэ гэр бүл бүх нөхцөл бололцоогоо ашиглан энэ зундаа багтаан охиноо 2 нас хүрэхээс өмнө Германд хөл тавихаар шийджээ. Тухайн хүүхэд яагаад, юунаас болж саажилттай болсон, хэдэн хувь хүртэл эмчлэгдэх боломжтой, хэдий хэрийн хугацаа шаардлагатай, цаашид хэрхэх зэргийг Монголд хэлж өгч чадах эмч, тийм эмнэлэг алга. Өдөр бүр хийх ёстой эмчилгээг улсдаа ганц гэгдэх ЭНЭШТ-д 1 сард 5-хан удаагийн цаг өгдөг гэдгээс өгсүүлээд ийм өвчтэй хүүхэд орхигдсон сэдэв болоод удаж буйг сөхөх цаг нэгэнт иржээ. Яагаад гэвэл манай улсад ийм өвчтэй хүүхэдтэй эцэг эх хамаг юмаа хүүхдийнхээ эмчилгээний төлбөрт үрэн таран хийгээд эцэст нь гэртээ хүүхдээ хараад үлддэг нийтлэг жишиг байна.

 

Хүүхдийг 2 нас хүртэл нь эрт оношилж, эмчилж чадвал эрүүл хүнийг 100 хувь гэж үзвэл 90 хувь хүртэл эдгэрэх боломжтой гэдгийг М.Наранмандах олон сургалт, зөвлөгөөнд сууж, гадаадын эмч мэргэжилтнүүдийн амнаас сонсчээ

 

 

Тэднийг улсаас халамжинд авсан байдаг ч ээжид нь сард 58000, хүүхдэд нь ердөө л 126500 төгрөг төсөвлөжээ. Гэтэл зөвхөн хөдөлгөөн заслын эмчилгээнд 150000 төгрөг энүүхэнд зарцуулагддаг гэхээр улсаас анхаарч, эмчилгээ, асаргаанд нь өгч буй дэмжлэг дэндүү өчүүхэн байгааг эндээс харж болно.

 

Саажилттай хүүхдэд эцэг, эхийн хайр хоёулаа чухал

Хүүхэд нь тархины саажилттай болсон айлд нөхрийн үүрэг хамгаас чухал гэдгийг энд онцолъё. Насан туршийн асаргаа, байнгын арчилгаа, үнэтэй эм тариа, эмчилгээнээс үүдэн цөөнгүй аавууд хүүхдээ, эхнэрээ орхидог жишээ байна. Эцсийн дүндээ ийм хүүхдэд төрүүлсэн эхээс нь өөр үнэнчээр үлдэх хүн тун ховор аж. Харин ээж нь хүүхдийнхээ төлөө өөрийгөө нийгмээсээ, найз нөхдөөсөө тусгаарлаж, хүүхэдтэйгээ л нас нэмдэг.

 

 

Хэлж ирдэггүй энэ өвчинтэй тэмцэж ядан буй бяцхан үрийнхээ тэвчээрийг халамж, хайр, нугарашгүй сэтгэлийнхээ хүчээр өнгөлж яваа аавууд олон.

 

 

Гэхдээ бүх аавууд ийм биш гэдэг нь хэчнээн их аз вэ. Хэлж ирдэггүй энэ өвчинтэй тэмцэж ядан буй бяцхан үрийнхээ тэвчээрийг халамж, хайр, нугарашгүй сэтгэлийнхээ хүчээр өнгөлж яваа аавууд олон. Ийм аавуудын нэг нь М.Наранмандахын хань А.Одхүү. Өглөө ажилдаа гарах хүртлээ, орой ажлаасаа ирээд охиноо унтах хүртэл нь алган дээрээ бөмбөрүүлж, хайрлан халамжилна. Ээж, охин хоёрын ассан итгэл, найдвар, хүрэх тэр гэгээн ирээдүйнх нь бат түшигтэй ар тал нь халамжит хань, хайртай аав нь. “Хань минь бидэнд байгаагүй бол би өдий зэрэгтэй тэмцэх хүчтэй байж чадахгүй байлаа. Миний хань охиноо хөл дээрээ зогсоно гэж өдөр бүр надад хэлдэг. Энэ итгэлийн хүч л намайг урагш алхуулдаг” гэж М.Наранмандах хэлж байна.

 

Олны хүч оломгүй далай

М.Наранмандахыг СУИС-ийн РТДС-ийн хамт олон ойлгон дэмжиж, ажиллах цагийн хуваарийг нь ч уян хатан гаргаж өгсний хүчинд охиныхоо эмчилгээний төлбөрийг ядаж таслахгүй байгаагаа тэрээр хуваалцлаа. Хүнийг ядрахад түшээд авах хамт олонтой байна гэдэг том аз. Хамт олон, ах дүү, найз нөхөд, хамаатан садан, олон оюутан шавь нарынхаа хүчинд нялх үрийнхээ эм, амин дэмийг авч чадаж байгаагаа ярьсан.

 

Мөн Христийн “Гэрэл өөд” төвийг ч энд орхигдуулж үл болно. Яагаад гэвэл энэ төвд саажилттай хүүхдүүдийг үнэ төлбөргүй хөдөлгөөн заслын эмчилгээнд хамруулж, ээж, хүүхдүүдийг үнэ төлбөргүй хоол хүнсээр хангадаг юм байна. Саажилттай хүүхдийн зажлах рефлекс гэмтэлтэй байдаг учраас заавал тусгай, миксердсэн хоол иддэг. Тэгвэл тэр хоолыг нь ч тус төвд бэлтгэж өгдөг байна.

 

 

Хамгийн талархууштай нь тэд орон нутаг руу өөрсдөө зорилго тавин явж саажилттай хүүхдүүдийг олж тогтоон эмчилгээ хийдэг.

 

 

Хамгийн талархууштай нь тэд орон нутаг руу өөрсдөө зорилго тавин явж саажилттай хүүхдүүдийг олж тогтоон эмчилгээ хийдэг. Бас ээжүүдтэй зөвлөлдөж, хүүхдийг нь эмчлэх, биеийг нь сэргээх олон зорилго тавьж, ээжүүдийг зоригжуулдаг нь үнэхээр бахархууштай хэрэг билээ.

О.Сувд охин маань одоо сувиллын 10-р цэцэрлэгт явж байгаа. М.Наранмандах энэ цэцэрлэгийн үүдээр алхан орж, эмчилгээ, сургалтанд нь хамрагдаад толгой доторх бодол нь бүхэлдээ өөрчлөгдсөнийг хуваалцсан юм. 1.6-6 насны хүүхэд авдаг энэ цэцэрлэгт үнэхээр хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс ажилладаг юм билээ гэсээр түүний нүдэнд баярын нулимс цийлэгнээд ирэв. “Би өмнө нь охиноо хөл дээрээ л муу сайн хамаагүй тогтдог болоосой гэж хүсдэг байсан. Харин энэ цэцэрлэгт ирээд,  миний охин зөвхөн хөл дээрээ босоод зогсохгүй эх орондоо хэрэгтэй, өөртөө тусалж чадах хүн болох ёстой, тэгж ч чадна гэдгийг надад энэ цэцэрлэгийн хамт олон ойлгуулсан” гэсэн юм.

Тэрээр одоо хүүхдэдээ боловсрол эзэмшүүлэх, хүүхдэдээ тохирсон ажлын байр бэлтгэх ёстой гэсэн том зорилго өмнөө тавьжээ. Бас охиноо нээлттэй, өөрөө өөрийгөө нийгэмдээ илэрхийлж чаддаг хүн болгох нь хамгийн чухал гэдгийг ч онцолж байна. “Миний охин бол бурхны бэлэг. Тиймээс охиноо багаас нь нийгэмшүүлж, өөрийг нь багаас нь өвчинтэйгээ тэмцэх чадварт суралцуулах ёстой. Тэр минь бидний хувьд хамгийн үнэ цэнэтэй хүн шүү дээ” гэж хэлсэн юм.

 

Шүрээр дугаар хэлхэж, охиноо гадаадад эмчлүүлнэ

“Би ганцаараа зовж яваа хүн биш дээ. Бүгд л адилхан зовж байхад би ганцаараа ялархаад, уйлж унжаад сууж болохгүй шүү дээ. Харин гарах гарц юу байна гэдгийг л олох чухал байлаа” гэж О.Сувдын ээж ярьж байна. Хүнээс зүгээр мөнгө гуйгаад суухыг тэр хүссэнгүй. Хүнд хэрэгтэй бүтээлч аргаар бяцхан үрээ хөл дээр нь босгох ёстой гэж шийдсэн нь энэ. Түүнд энэ санаагаа хэрэгжүүлэхэд нь ихэр М.Нарантунгалаг нь маш их тусалж, шүрээр дугаар хийхийг зааж өгчээ.

 

Энэ зуны 3 сардаа багтаан Герман улсад очиход ээж, охин хоёрт наанадаж 25 сая төгрөг хэрэгтэй. Тиймээс юу хийж цалингаас гадуур орлого олж болох талаар удтал судалсны дүнд шүрээр автомашины утасны дугаар хэлхэж зарах аргаар хуримтлал үүсгэхээр болжээ.

Шүрийг нэг нэгээр нь хэлхэж 8 оронтой утасны дугаар хийнэ гэдэг амаргүй ажил. Тиймээс ч эхэндээ 4 цаг сууж байж 1 дугаар бэлэн болгодог байж. Харин одоо 2 цагийн дотор 1 дугаар гаргадаг болжээ. Хүмүүсээс ирсэн захиалгыг гүйцээхийн тулд 22.00 цагаас үүрийн 04.00 цаг хүртэл суух тохиолдол бол энгийн үзэгдэл ажээ.

Өнгөрсөн нэг сарын хугацаанд тэрээр ажлынхаа хажуугаар тасралтгүй дугаар сүлжиж 2.5 сая төгрөг олсондоо урамшин, итгэл найдвар нь ч улам батжин ассан байна. “Энэ чинь манай гэр бүлээс гарч байгаа сэтгэлийн дээж шүү дээ. Бас энэ ажлыг амжуулахад минь тусалж байгаа гэр бүлийнхэн, ах дүү, амраг садан, гурван найз, тэдний маань хүүхдүүд, хамт олон, найз нөхөд,  оюутан шавь нартаа талархаад барахгүй нь” гэж баярласан ээж талархлын сэтгэлээ хуваалцаж байна.

Олон хүний тусаар ийм том ажлын ард гарч байгаа болохоор тэрээр өөр шиг нь зовсон хүмүүст орлогоосоо бас хандив өргөж буйгаа ч ярьж байна. “Би бусдаас авч байгаа юм чинь бусадтайгаа ч бас хуваалцах учиртай. Би ингэж л боддог хүн” гэсээр бүсгүй ярианыхаа дундуур шүрээ хэлхэн суулаа.

 

 

Өөрсдийн маань үр хүүхдээс ялгаагүй энэ бяцхан охины эмчилгээний зардалд сэтгэл гарган хандив өргөсөн, бас дугаар захиалсан хүн бүрт ээж охин хоёрын өмнөөс түмэнтэй талархал илэрхийлье.

 

 

Тэрээр нэг сүлжсэн дугаараа 10000 төгрөгөөр худалддаг бөгөөд гэр бүлээрээ, шавь нараа дайчлан хүргэж өгдөг юм байна. Сүлжсэн дугаар нь өнгө өнгөөрөө ялгаран, нямбай, цэмцгэр гэж жигтэйхэн. Хүмүүс энэ бүтээгдэхүүнийг захиалаад бэлгэнд өгөх, хань ижлийнхээ төмөр хөлгөнд хийх, мартын 8, цагаан сар, цэргийн баяр гээд олон баяр ёслолоор бэлэг болгон бусдадаа өгөх сонирхолтой байдаг аж.

Мөн найз нөхөд, хуучин хамт олон, үе үеийн шавь, Англид сурч буй монголчууд, нөхрийнх нь арван жилийн ангийн нөхөд нь сэтгэлийн хандив өргөсөн төдийгүй зарим хүн дугаар захиалчихаад нэмж эмчилгээнд нь нэмэрлээрэй гэж хандив өргөсөн гэдгийг тэрээр ярьсан. Өөрсдийн маань үр хүүхдээс ялгаагүй энэ бяцхан охины эмчилгээний зардалд сэтгэл гарган хандив өргөсөн, бас дугаар захиалсан хүн бүрт ээж охин хоёрын өмнөөс түмэнтэй талархал илэрхийлье.

Бидний сурвалжлагыг уншиж байгаа эрхэм та энэ бяцхан охинд туслахыг хүсвэл өөртөө ч хэрэгтэй энэхүү дугаарыг захиалахад л хангалттай. Таны захиалсан нэг дугаарын орлогыг М.Наранмандах зөвхөн охиныхоо эмчилгээний төлбөрт биш бас бусад хүүхдийн төлөө зориулдаг гэдгийг ч учирлая.

 

 

Бидний сурвалжлагыг уншиж байгаа эрхэм та энэ бяцхан охинд туслахыг хүсвэл өөртөө ч хэрэгтэй энэхүү дугаарыг захиалахад л хангалттай.

 

 

Бидний өнөөдөр захиалсан ганц дугаар маргааш О.Сувд охиныг хөл дээрээ босоход нь хэмжээлшгүй их хувь нэмэр болно. Магадгүй өнөөдөр хөл дээрээ тогтож чадахгүй байгаа О.Сувд охин маань таны өгсөн сэтгэлийн хүчээр маргааш өөрөө хоолоо идэж чаддаг, өөрөө хичээлдээ явдаг болчихвол хүн хүнийхээ төлөө гэсэн сэтгэлийн сайхны утга учир биелэх билээ.

 

Эцэг, эхчүүдэд хүргэх үг

Сурвалжлагынхаа төгсгөлд эцэг эхчүүдэд дайх үгээ үлдээе. Учир нь үүнийг М.Наранмандах аминчлан захисан юм шүү.

“Тархины саажилт гэдэг зайлшгүй тохиолдох ёстой өвчин биш. Бид үүнээс үр хүүхдээ сэргийлж чадна. Ингэхийн тулд жирэмсэн эхчүүд хүүхдээ тээж байхдаа эрүүл байж, эрүүл хүүхэд төрүүлэхэд бүх анхаарлаа хандуулаасай.

Миний хувьд 35-аас дээш насны эрсдэлтэй жирэмслэлтийн тоонд багтаж байсан ч тээлт маань эрүүл байсан. Тонус ихтэй байсан ч ажлаа нэгдүгээрт тавьж, тонус бууруулах эмчилгээ хийлгэсээр төрсөн. Тонус бол ургийг хэвлийд нь бүтэлтэнд оруулах эрсдэлтэй гэдгийг би сүүлд судалж мэдсэн. Миний эргэн тойронд байгаа бүхий л насны жирэмсэн ээжүүдийн хамгийн нэгдүгээрт хэлдэг зүйл бол тонус байсан. Бараг л жирэмсэн хүн бүрт байх л ёстой, байдаг зүйл шиг л хүлээж авч байлаа. Тиймээс ээжүүд маань маш сайн анхаарч байгаарай.

 

 

Тархины саажилт гэдэг зайлшгүй тохиолдох ёстой өвчин биш. Бид үүнээс үр хүүхдээ сэргийлж чадна. Ингэхийн тулд жирэмсэн эхчүүд хүүхдээ тээж байхдаа эрүүл байж, эрүүл хүүхэд төрүүлэхэд бүх анхаарлаа хандуулаасай.

 

 

Мөн төрөх үед хүчлэх, савны ам нээх тариа хийлгэж төрсөн ээжүүдийн хүүхдүүд нярайн шарлалтанд өртөх эрсдэл өндөр байдаг юм байна. Жирэмслэлтээсээ эхлээд төрөн төртлөө хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарч чадвал бүх зүйл сайхан болно, нярайн шарлалтыг цаг алдалгүй эмчлэх нь хамгийн чухал” гэж тэр аминчлан захисныг энд бас дурдъя.

М.Наранмандах хүүхдээ ийнхүү өвдсөнд буруутан хайхыг хүсээгүй юм. Харин гарах арга зам, охиноо хөл дээр нь босгох, нийгэмдээ хэрэгтэй хүн болгоход хамаг сэтгэл зүрхээ зориулан явна.

Энэ сурвалжлагыг уншсан эрхэм та ч бас түүний энэ сэтгэлд урам нэмж, бяцхан охины эмчилгээний төлбөрт сэтгэлийн дэм өргөнө гэдэгт итгэж байна.

Түүнтэй холбогдохыг хүсвэл 9103-4646 утсаар ярих эсвэл https://www.facebook.com/naranmandakh.mongol хаягаар холбогдоорой.

 

Эх сурвалж: www.Goolingoo.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх