Сүүлийн үед залуусын сонсох дуртай дуунуудын нэг болсон “Миний дурласан бүсгүй” хэмээх сайхан дууны эзэн, дуучин Ш.Хүрэлээтэй уран бүтээл, цаашид хийх ажил, хүсэл мөрөөдлийнх нь тухай ярилцлаа.
- Та аль нутгийн хүн бэ, хүүхэд насаа хаана өнгөрүүлэв?
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн. Тэндээ л хүүхэд насаа өнгөрүүлсэн дээ.
- Хэзээнээс дууны урлагт дурлах болов, яагаад заавал дуу гэж?
Багын л дуу хөгжимд дуртай хүүхэд байсан. Ээж маань цэцэрлэгийн эрхлэгч байсан болохоор даргын хүүхэд ээжийгээ дагаад хот хүрээ их явна. Сэхээтэн айлын хүүхэд гээд аав, ээж маань хүмүүжил,ёс суртахуун, зарчимч тал дээр их анхаардаг байсан. Цэцэрлэгт байхдаа концертонд оролцдог байлаа. Сургуульд ороод урлагийн үзлэг, концерт, уралдаан тэмцээнд их оролцож голчлон дээгүүр байранд ордог байсан л даа.
- Таны дуунуудыг сонсоод байхад дийлэнх нь эмэгтэй хүн, хайр гэх мэт нэг тийм нандин зүйлүүд мэдрэгддэг л дээ. Энэ сэдвийг албаар сонгож дуулаад байна уу, эсвэл тохироо нь ингэж бүрдээд байна уу?
Хүн эхээс эхтэй учир эх хүн эмэгтэй хүнийг хайрлаж хүндэлж явахыг хичээдэг дээ. Гэхдээ бас тохироо нь бүрддэг л дээ. /инээв/
- Зарим дуучид үг, аяа өөрсдөө зохиодог. Танд тийм сонирхол бий юу?
Үг, аялгууг өөрөө зохиох гэж оролдож байгаа, удахгүй гарах байх. Та бүхэн гарахаар нь сонсоод үзээрэй.
- Залуу дуучдыг нэг гайгүй дуу гаргачихаад, тоглолт хийгээд таг болчихдог гэсэн шүүмжлэл их дагадаг. Та үүнийг юу гэж бодож байна?
Мэдээж уран бүтээл хийхэд цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардлагатай учир шалтаг шалтгаан гарч ирдэг байх л даа. Гэхдээ бүгд дор бүрнээ хичээн чармайх хэрэгтэй байх. Би мэргэжлийн дуучин биш л дээ, гэсэн хэдий ч дуулж болно биз дээ. Хүн дуртай юмаа хийгээд явах сайхан ш дээ. Дуу хоолойгоо бичүүлээд, түүнийгээ дүрсжүүлэх нь миний багын мөрөөдлийн маань нэгээхэн хэсэг биелж байгаа гэж боддог. Уран бүтээлүүдээ чанартай, мэргэжлийн өндөр түвшинд хийхийг гол зорилгоо болгодог.Тийм ч учраас яруу найраг, хөгжмийн урлагийн мастеруудаас зөвлөгөө авч хамтарч ажиллаж байгаа.
-Дуучин хүнээс ингэж асуух нь сонин л юм. Гэхдээ өөрийн тань сонсох дуртай дуучин бий юу, ямархуу төрлийн дуу ихэвчлэн сонсдог вэ?
Классик поп, сонгодог хөгжим болоод өөрт таалагддаг бүх дуу хөгжмийг сонсдог.
- Та өөрийнхөө уран бүтээлээр дамжуулж бусдыг юу ойлгоосой гэж хүсдэг вэ?
Уран бүтээлээрээ дамжуулж гэрэл гэгээ, зөв бодол, хайр дурлал, сайн сайхан бүхнийг тусгахыг зорьж байгаа. Тиймдээ ч миний дуунаас зөвхөн гэрэл гэгээ, сайн сайхан зүйлийг мэдрээсэй гэж хүсдэг.
- Хоёулаа “Миний дурласан бүсгүй” дууны талаар яриагаа үргэлжлүүлье. Энэ дуу хэрхэн төрж, бүтээгдэв?
Энэ дуу яруу найрагч, Д.Ган-Очир ахын үг, П.Гэрэлт-Одын аялгуугаар бүтсэн л дээ. Тэгээд “Хас медиа” студийнхээ хамт олноор дүрсийг нь хийлгэсэн. Бүсгүй хүнийг магтан дуулсан уран бүтээл хиймээр байгаагаа анх Д.Ган-Очир ахад хэлсэн. Маш сайхнаар хүлээж авсан. Өнгөрдөг хосуудын баяраар дуугаа сонсогчдодоо хүргэсэн. Одоогоор “Үндэсний 21 шилдэг дуу”-нд маш дээгүүр явж байгаа, мөн хүмүүсийн сонсох дуртай дуунуудын нэг болсонд үнэхээр баяртай байна.
- Энэ дуунаасаа өмнө ямар уран бүтээл гаргасан бэ, мөн цаашдаа хийхийг зорьсон ажил гэвэл?
"Энх өглөө", “Нарны унага” киноны дуу, “Би дурлана”, “Чам руу” зэрэг хүнд хүрсэн дуунуудтай болсон байна. Хийхийг зорьсон ажил гэвэл одоо цомгийн ажил маань 60-70 хувьтай явж байгаа. Тэгэхээр удахгүй та бүхэндээ анхны цомгоо хүргэхээр зэхэж байна даа.
- Танд амжилт хүсье!
Баярлалаа. Мөн удахгүй болох гэж буй ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Мартын 8-ны баярын мэндийг бүх охид ,бүсгүйчүүд, эмэгтэйчүүд, ээжүүддээ хүргэе.
Ярилцсан Б.Энх-Уянга
Эх сурвалж: www.breakingnews.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.