Цоохор ирвэсийн ангуучид ял завшиж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 07

a26b06e3d299ebb0176ec04b2a7d0368originalМонголчууд хулгай, худал хоёроор хувин дүүргэж амьдарлаа залгуулдаг болоод удаж байна. Халаасны хулгай, орон байрны хулгайгаас гадна, байгалийн баялаг, ан амьтдаа харийнхантай нийлэн хулгайлж гадагш нь зөөсөөр байгаа юм. Хулгай л хийхгүй бол нойр нь хүрэхээ больсон хүмүүсийн төрөлжсөн арми болтлоо өргөжин тэлж байгаа тэдний дотроос хулгайн анчдын бүлэглэлүүд нь сүүлийн жилүүдэд бүр эрээ цээрээ алдаж дуусах нь ээ.

Ялангуяа дэлхийд нэн ховордсон цоохор ирвэсийг хууль бусаар агнаж арьс, эд эрхтэнийг нь хил давуулан наймаалдаг бүлэглэлүүд цагдаа нараас бултаж ул мөрөө баллах, хуулийнхныг хахуульдах, хулгайн сүлжээндээ зориулсан хууль батлуулах зэргээр маш өргөн хүрээнд ажилладаг болжээ. Зөвхөн 2012 оноос хойш ийм бүлэглэлүүдийн үйлдсэн 10 гаруй хэргийг цагдаагийнхан илрүүлсэн боловч бүгд прокурор, шүүхийн шатанд хэрэгсэхгүй болсон байна. Ховд аймгийн Дарви сумын нутаг дэвсгэрт 2013 оны арванхоёрдугаар сард Н.Түмэннасан, Э.Балт, М.Алтангэрэл нар цоохор ирвэс хууль бусаар агнасан байлаа. Үүний дараахан тэдний хамсаатан гэгддэг С.Хулдбаатар нь нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг “Бугат халиун” зоогийн газарт цоохор ирвэсийн арьс бусдад худалдах гэж байсныг цагдаа нар илрүүлсэн юм. Гэтэл эдгээр хэргүүд хуулийн дагуу шийдэгдсэнгүй. Гэмт этгээдүүд ял завшиж, одоо тэд юу ч болоогүй мэт хэнэггүй алхаж явна.

Ирвэсийн хууль бус ангуучид, ирвэсийн арьсыг хил дамнуулан өндөр үнээр худалдаалагчид нь цагдаа, хил гаалийнханд амархан баригддаг боловч, хэсэг хугацаанд мөрдөн байцаагчийн үүд сахин сууж байгаад нэг л мэдэхэд ял сонсолгүй өнгөрдөг ажээ. 2014 оны аравдугаар сард Сэлэнгэ аймгийн харъяат Ё.Чулуунбаатар гэгч нь ирвэсийн хоёр ширхэг арьс хилээр гаргах гэж байгаад баригдсан байлаа. Зайсангийн хорих ангийн ойролцоо Б.Лувсанчүлтэм гэгч нь мөн хэдэн ширхэг ирвэсийн арьс тээвэрлэж явсныг эрүүгийн цагдаагийн ажилтнууд илрүүлжээ. Түүний хамсаатнууд гэгддэг бүлэг залуучууд Говь-Алтай аймгаас Улаанбаатар руу ирвэсийн арьс бөөнөөр нь ачааны машинаар тээвэрлэн оруулж ирээд цагдаа нарт баригдсан ч удалгүй зөв зүгээр нутаг буцжээ.

Ийнхүү ямар нэгэн ял зэмгүй үлддэг ирвэсийн ангуучид, ирвэсийн арьс, эд эрхтэнг дамлан борлуулдаг бүлэглэлүүд, тэдний идэвхтэй хамтрагчдын нэрсийг, нутаг устай нь бүртгэж тоочоод байвал нэлээд урт жагсаалт гарахаар байна. Тэдгээр хүмүүс хуулийн цоорхойг андахгүй мэддэг, эрүүгийн хууль болон бусад холбогдох хуулиудаа сайтар судалсан байдаг ажээ. Овсгоотой хэсэг нь УИХ-ын гишүүдтэй ойр дотно харилцаатай тул ан агнуурын тухай хуулийн төсөлд алсаас нөлөөлж, өөрсдийгөө хэргээс бултуулах аятайхан цоорхой үүсгэсэн байхыг ч үгүйсгэх аргагүй байна. Ан агнуурын тухай хуулиар нэн ховор амьтныг агнасан, барьсан бол хариуцлага хүлээдэг. Ингэхдээ хүндрүүлсэн нөхцөлөөр 3-5 жилийн хорих ялтай. Харин нэн ховор амьтны арьс, эд эрхтэнг хадгалсан, худалдаж авсан, тээвэрлэсэн бол хуулийн хариуцлага хүлээхгүй байх боломжтой юм билээ. Иймээс ирвэсийн арьс, эд эрхтэнг худалдах, тээвэрлэх, хил давуулах үедээ баригдсан этгээдүүд нь хулгайн анчдаа илчлэхгүй гүрийсээр ямар нэг ялгүй салдаг байна.

Сэлэнгэ аймгийн харъяат Ё.Чулуунбаатар нь мөрдөн байцаагч нарт анх мэдүүлэхдээ “Би хотод очоод Нарантуул зах дээр байдаг дүүтэйгээ уулзаад гарч явтал баруун аймгаас ирсэн бололтой нэг залуу тааралдаад цоохор ирвэсийн арьс авах уу гэхээр нь худалдаад авчихсан юм. Түүний нэрийг би мэдэхгүй. Зүс царайг нь ч санахгүй байна. Цоохор ирвэс ангаж болохгүй гэдгийг бол би мэдэх нь мэднэ. Гэхдээ тэр залууг би хууль бусаар цоохор ирвэс агнасан эсэхийг үнэндээ мэдэхгүй юм. Энэ тухай түүнээс би тухайн үед огт асуугаагүй. Бодвол зөвшөөрөлтэй юм байлгүй гээд л авчихсан” гэжээ.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх