“Хонгорхон үр минь”, “Насны хайр” зэрэг дуугаараа олонд танигдаж нэгэн үе нийтийн дууны ертөнцөд цахиур хагалж явсан С.Жавхлан, Т.Баясгалан нарыг үзэгчид үгүйлж байгаа нь үнэн. Тэгвэл хоёр гавьяат дахин хамтарч уран бүтээл хийгээд зогсохгүй аялан тоглолт хийж малчдад туслахаар шийдээд байгаа билээ. Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Баясгалантай ярилцсанаа хүргэе. Тэрээр арав гаруй жилийн дараа ийнхүү дэлгэрэнгүй ярилцлага өглөө.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ олон жилийн дараа эргээд уран бүтээлдээ орсныг тань харахад сайхан санагдлаа?
-Хэвлэл мэдээллийнхэн, ард түмэн та бүхэнтэйгээ уулзалгүй удсан байна. Та бүхэнтэйгээ өнөөдөр уран бүтээлээрээ дахин учран золгож байгаадаа баяртай байна. Миний хувьд олон жил уран бүтээлээсээ завсардсан нь үнэн. Энэ хугацаанд айлын эхнэр боллоо. Ээж боллоо. Өнгөрсөн хугацаанд гэр бүлдээ өөрийнхөө бүх зүрх сэтгэлээ зориулж амьдарч байлаа. Хүүхдүүд ч гэсэн гараас гараад том болж байна.
-Хүүхдүүд тань сургуульд орсон уу?
-Хүү нэгдүгээр анги. Би өөрөө сургуульд орчихсон юм шиг л гүйж явна.
-“Мөнхийн дэргэд ээж минь” дуунаас эхлээд таны олон сайхан эхийн тухай дуу бий. Тэгвэл өнгөрсөн хугацаанд яг л дуугаараа амьдарч. Эх хүний жаргалыг биеэрээ амссан тэр мэдрэмж бас өөр санагдсан биз?
-Ээж болох нь энэ хорвоогийн хамгийн сайхан зүйл юм. Ээж болсныхоо дараа ээжийн тухай дуунуудаа өөрөө сонсч чаддаггүй байсан.
-Яагаад тэр вэ. Харин ч нүдээ аниад л сонсохоор сайхан санагдмаар юм?
-Ямар үнэн үгтэй юм бэ гээд. Тухайн үед өөрийгөө эхийн тухай дуу дуулахдаа аягүй мэдрээд дуулаад байна даа гээд боддог байсан. Тэгсэн чинь ээж болсныхоо дараа нэг хэсэг сонсч чадахаа байсан ш дээ. Эх хүн гэдэг тийм л нандин ертөнц байдаг юм байна.
-Таны хань Японы мэргэжлийн сумогийн алтан хараацайнуудын нэг Кекүшюзан Батбаяр. Нэг хэсэг төр түшилцэж ч явсан. Хараад байхад төрийн түшээгийн гэргий болж, нэр төр, гэр бүлээ ганхаахгүй авч явна гэдэг амаргүй ажил бололтой?
-Төрийн хүний гэргий болно гэдэг нэг талаараа эмэгтэй хүнээс их хариуцлагатай байхыг шаарддаг юм байна.Тэр болгон би ардчилсан нийгэмд амьдарч байгаа эрх чөлөөтэй хүн гээд үс гэзгээ сэгсэлзүүлээд гүйгээд байж болохгүй. Дээрээс нь манай гэр бүлийн хүн дэлхийн хэмжээний хүн. Японы сумо бөхөд олон сайхан залуу аваргуудыг татан оруулж, гаргаж ирсэн булган сүүлтэй, өөрийн гэсэн имижтэй хүн. Яг энэ байр суурийг нь ганхуулахгүй, хажууд нь түшиг болоод амьдарч ирнэ гэдэг надад маш чухал байсан. Би уран бүтээлч хүн. Тодорхой хэмжээнд олонд танигдчихсан. Миний уран бүтээлийг сонсох, миний дуу хоолойг сонсох дуртай ард түмэн минь байна. Хэдий ийм байлаа гээд санал тавьсан телевиз болгоны нэвтрүүлэгт оролцоод, хүсэл тавьсан хэвлэл мэдээллээр тэр болгон яриа өгөөд, эсвэл байн байн өөрийнхөө үзэл бодлыг яриад ч юм уу явахыг хүсээгүй. Хэт их нөхөртэйгөө зэрэгцэхийг хүсээгүй. Айлын эхнэрийн үүргээ л сайн авч явахыг эрмэлзэж ирсэн.
-Хэдий гэрийн эзэгтэй ч гэсэн хүсэл зорилго чинь тайзнаа аргамжаатай, тайзан дээрээ гарах юмсан гэсэн тэмүүллээр дүүрэн байсан биз дээ?
-Би тайзнаасаа холдчихлоо. Уран бүтээлээ хийхгүй бол болохгүй нь гэж бодож шаналж байсангүй. Би чинь өөрөө сэтгэлийнхээ хүчээр явдаг хүн ш дээ. За уран бүтээлдээ оръё гэж бодвол хийнэ, за яахав одоо болно доо гэвэл больчихно. Нэг их өөрийгөө хүчлээд заавал тэгэх ёстой, ингэх ёстой гээд зүтгээд байх дургүй. Тайван ханддаг.
-Анх та хоёрыг гэр бүл болоход хүмүүс шүүмжилж, зарим нэг нь дэмжиж байсан. Гэхдээ дэмжиж байсан нь тун ховор. Ихэнхдээ л өөрийг тань буруутгах хандлагатай байсан. Тухайн үед та ганц ч ам нээгээгүй?
-Баясгалан гэдэг эмэгтэй яг хүнтэй суух, гэр бүлтэй болох агшинд гэлтгүй өмнө нь арваад жил хэл ам, хэвлэл мэдээллээр балбуулаад сурчихсан, дархлаа суучихсан байсан учраас энэ миний зөв, тэр миний буруу гэж нэг ч удаа гарч ирээгүй. Миний ээж ч надад юм хэлээгүй.Бараг бүх хүн миний эсрэг байхад ганцхан миний ээж л охиноо зөв замаар явж байгаа гэдгийг мэдэж байсан.Одоо бол хань маань намайг бүх зүйлд дэмждэг. Ер нь монголчууд өөрсдийнхөө зоргоор ард түмэн ш дээ. Жавхлан бид хоёрыг хослон дуулаад явахад энэ хоёр хамт дуулаад яваа юм чинь гэр бүл болчихоосой гэж бодоод өөрсдөө л яриа гаргадаг. Бид нэг ангийн хүүхдүүд. Нэг ангиас төрсөн хамтран дуулдаг уран бүтээлчид зөндөө л байдаг. Бид хоёр сургуулиа төгсөөд тус тусдаа уран бүтээлээ хийгээд явсан. Хонхны баяраас хойш өөрсдийн зам мөрөө хөөгөөд л явсан шүү дээ.Тэрнээс өдөр болгон уулзаад наалдан падаар наачихсан юм шиг юм гэж хаа байхав.
Үргэлжлэлийг эндээс уншина уу