Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 03 сар 15
・ 3

Оюутолгой зэсийн баяжмалаа Гашуунсухайт хилийн боомт руу өдөрт 6-7 цуваагаар гаргаж байна. Энэ цуваа долоо хоногийн зургаан өдөр явах бөгөөд нэг цуваандаа 16 машин багтаан тээвэрлэлт хийдэг аж. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Today.mn мэдээллийн сайтын сурвалжлах баг Өмнөговь аймгийн Ханбогд суманд ажиллах хугацаандаа Гашуунсухайт чиглэлд зэсийн баяжмал ачсан тээврийн цувааг дагаж, тусгай сурвалжлага бэлтгэсэн юм.
Бямба гарагт Оюутолгойн кемпээс нийтдээ зургаан цуваа Гашуунсухайт хилийн боомтыг зорьсон бөгөөд тэдгээрийн гурав нь хятадын 51 хувийн эзэмшилтэй гэгддэг "Эм Си Пи Эл" компанийнх байв. Зэсийн баяжмал тээвэрлэсэн эл зургаан цувааг удаан хугацаанд тээвэр хийх хүсэлтээ илэрхийлсээр арайхийн хоёр цуваатай болсон “Өмнийн говийн нэгтгэл”, интерполоор эрэн сурвалжлагдаж байхдаа Оюутолгойн тээврийн тендерт ялж байсан гэх алдарт Намбарын Энхтуяагийн гэгддэг Tera компанийн нэг цуваа бүрдүүлж байлаа.
Цуваа өглөө 07:00 цагаас эхлэн хөдөлж, хил нээгдэх үеэр Гашуунсухайтад очсон байх учиртай. Харин биднийг сурвалжилга хийх үеэр тэргүүн эгнээний хоёр цуваа шалган нэвтрүүлэх дөрөвдүгээр цэгийн наахан зогсож, нэлээд саатсан юм. Учир нь, "Эм Си Пи Эл" компанийн нэг тэрэгний шатахуун дуусаж, өөр тэрэгнээс сэлгэн хийх шаардлага үүссэн аж. Мэдээж, хөдөө замд давхиж яваа энгийн автомашин биш тул асуудал үүсэж, цувааны өмнө хойнох хамгаалалтынхан команд өгсөнөөр хоёр ч цувааг жагсаалаар нь зогсоож, шатахууны сэлгэлт хийв.
Гаалийн онцгой бараа тээвэрлэж яваа тул бид хамаа бус ойртож болохгүй. Гэвч жолооч нартай мэнд мэдэж, яагаад шатахуун дууссан талаар тодруулахад Одоохон эндээс шатахуун авч хийгээд хөдлөхийн хооронд сүржигнээд л ” гэцгээв. Өөр нэг талд “Хэрвээ “Өмнийн говийн нэгтгэл”-ийн тэрэгний шатахуун дууссан бол Оюутолгой зөндөө асуудал үүсгэнэ. даа” гэх гомдол ч дуулдав. Чухам энэ үг бидний анхаарлыг татаж, эл сурвалжлага, нийтлэлийг бичүүлэхэд хүргэсэн ч гэж болно.
Оюутолгойн төслийн гол амин сүнс нь зэсийн баяжмал. Уг баяжмалыг гаргаж авахын тулд өчнөөн мянган хүн ажиллуулж, алдарт гэрээнүүдийг үзэглэсэн. Тэр ч утгаараа зэсийн баяжмал тээвэрлэлтийн аюулгүй байдалд онцгой анхаарлаа хандуулдаг. Гэсэн ч анхаарал хандуулаад, чиглэл өгөөд ч алдаагаа засдаггүй, үнэмлэхүй эрхээр үйлчилгээ үзүүлдэг компаниуд Оюутолгой төсөлд бий. Тэдгээрийн нэг нь Моннисийн нэрээр Монгол компани хэмээн халхавчилж, дөрвөн цуваагаар зэсийн баяжмал тээвэрлэж буй "Эм Си Пи Эл".
Бидэнтэй тааралдсан энэ мэт доголдолыг "Эм Си Пи Эл" компани гаргасаар байдаг ч ямагт үнэмлэхүй эрх эдэлдэг аж. Баяжмал тээврийн асуудалд хамгийн их доголдол үүсгэдэг, машин тэргээ үзлэгт ч оруулдаггүй, тормоз гэрлэн дохионы бүрэн бүтэн байдлаа ч хангадаггүй мөртлөө тээврийн 50 хувийг дангаараа эзэлдэг "Эм Си Пи Эл"-д асар том хамгаалалтын баг Оюутолгой дотор ажилладаг нь сурвалжлагын явцад тодорхой болсон юм.

Оюутолгойн зэсийн баяжмал тээвэрлэгчид нэлээд өндөр үнэ хөлсөөр үйлчилгээ үзүүлдэг нь хэн бүхэнд тодорхой. Бүр "Эм Си Пи Эл", Tera нарын том компаниуд дээхэндээ сул зогсолтын мөнгө ч авч байж. Мэдээж асар их мөнгө тээвэрт төвлөрдөг учир шалгаруулалтын тендер дээр жинхэнэ утгаараа хор буцалж, хэн мөнгө хаяж чадсан нь эрхээ эдэлдэг байна.
Одоогоор Оюутолгойн зэсийн баяжмалыг "Эм Си Пи Эл" 4, Tera 3, “Өмнийн говийн нэгтгэл” 2 цуваагаар тодорхой хуваариар зөөдөг аж. гэдгийг нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж бидэнд өгсөн юм. Өөрөөр хэлбэл, Эм-Си-Пи-Эл компанийн нэр дээрх дөрвөн цуваа нь 100 хувь тэднийх биш гэсэн үг.
Уг нь Оюутолгойн зэсийн баяжмалыг гэрээ ёсоор Монгол компаниуд гүйцэтгэх учиртай. Гэтэл цөөн хэдэн машинтай, нөлөөлөл багатай Монгол компаниуд тендерээс “жийгдэж”, Монгол захирал, Монгол ажилчидтай гэх нэрийн дор гадны хувь эзэмшилт "Эм Си Пи Эл" мэтийн компаниуд, эсвэл олигарх улсуудын нөлөөлөлтэй компаниуд Оюутолгойн төсөлд өчнөөн олноороо шургалсны бодит жишээ энэ байж болох.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.