Ж.Гүррагчаа: Хиймэл дагуултай болно гэдэг улс орны хувьд том ололт, том алхам

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 15 ・ 1

Э.ГАНЦЭЦЭГ

Одоогоос 35 жилийн өмнө Монгол хүн анх удаа сансарт нисч, түүхэн энэ өдрийг бид жил бүр тэмдэглэсээр ирсэн. Эргэн дурсвал, Монгол Улсын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа 1981 оны гуравдугаар сарын 22-нд Байконурын сансрын буудлаас ЗХУ-ын сансрын нисэгч В.Жанибековын хамт “СОЮЗ-39” хөлгөөр сансарт хөөрч, “салют-6” сансрын станцтай амжилттай холбогдсон. Тэд нэг долоо хоног, 20 цаг 42 минутыг сансарт өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсны дараа эх дэлхийдээ амжилттай газардсан түүхтэй.



Монгол хүн сансарт ниссэний 35 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал Монгол Улсын их сургуулийн дугуй танхимд  өчигдөр болж, энэ үеэр Монгол Улсын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаатай уулзлаа. Тэрээр Монгол Улсаас сансарт ниссэн анхны, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисэгч юм.

-Монгол хүн сансарт ниссэний 35 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ. Ер нь манай улсын сансар судлал хэр хөгжиж байна гэж та боддог вэ?
-БНМАУ-ЗХУ-ын сансрын нисэгчид сансрын хамтарсан нислэг үйлдээд 35 жил өнгөрч. Энэ онд хамтарсан нислэгийн тэгш жил тохиож байна. Урд нь тэгш жилүүдийн ойг төрийн дэмжлэгтэй, өндөр хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлдэг байв. Харин өнөөгийн төр хөрөнгө, мөнгө төдийгүй бусдаар ч дэмжлэг үзүүлэх тал дээр хойрго хандаж байгаа нь харамсалтай. Төрийн зүгээс дэмжье, тусалъя гэсэн санаачилга гаргасангүй. Гаргасан санаачилгыг ч дэмжсэнгүй. Гэхдээ бид төрийн гар хараад зүгээр суусангүй. Эрдэм шинжилгээний байгууллагууд, эрдэмтэн судлаачид хамтран өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байна. Өнөөдөр хүн төрөлхтөн мэдээлэлгүйгээр нэг хором ч амьдарч чадахааргүй болж. Бидний харилцаж байгаа бүхий л мэдээлэл хиймэл дагуул, сансарын станцаар дамждаг гээд сансар судлалыг бид хойш тавьж болохгүй. Сансар судлалын шинэ технологи, үсрэнгүй хөгжлөөс монголчууд хоцрох ёсгүй. Энэ технологиос болж л өгвөл боломжоороо ашиглаж, хүртэх ёстой.

-Сансар судлалын агентлагтай улс орон олон бий. Дээхнэ үед манай улс ч сансар судлалын агентлагтай байсан. Таны хэлснээр техник, технологи хурдацтай өсч буй энэ үед үйл ажиллагааг нь дахин сэргээх хэрэгтэй биш гэж үү?
-Тийм. Засгийн газрынхаа дэргэд сансар судлалын бие даасан агентлаг байгуулдаг олон улсын жишиг бий. Энэхүү агентлагийнхаа тусламж­тайгаар тухайн улс сансар судлалын бодлого, цаашид хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа чиглэлийг тодорхойлдог. Манайд агентлаг битгий хэл, сансар судлалын үндэсний зөвлөл ч алга. Эндээс сансар судлалын салбарыг төр засаг ойшоохгүй байгаа нь харагдаж байгаа юм. Интеркосмос программын эрин үед Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч агсан Б.Ширэндэв гуайн тэргүүлж байсан Монгол Улсын сансар судлалын үндэсний зөвлөл олон улс оронтой хамтарч, энэ салбарт ихээхэн ахиц гаргасан байдаг. 1981 онд хоёр орны хамтарсан нислэгийг зохион байгуулахад ч асар их үүрэг гүйцэтгэсэн. Харамсалтай нь 1990-ээд оноос зөвлөлийн үйл ажиллагаа саарч, өнөөдөр нэр төдий болж. Хэдхэн жилийн өмнө бид сансар судлалын үндэсний зөвлөлийн дүрмийг боловсруулан Засгийн газарт өргөн барьсан ч өнөөг хэр нь хариу өгөөгүй. Энэ асуудлыг би олон жил ярьж байгаа ч, хялайж харах хүн алга.

-Манай улс хиймэл дагуултай болох асуудал яригдаж байсан ч ажил хэрэг болсон нь үгүй. Энэ ажил ямар шатандаа яваа бол?
-Холбооны хиймэл дагуул хөөргөх асуудал яригдаад нэлээд удаж байна. Санхүү мөнгөний асуудал дээрээ л гацчихдаг байх. Холбооны төдийгүй дэлхийг зайнаас тандан судлах, байгаль орчны судалгааны хиймэл дагуул манайд хэрэгтэй. Холбооны хиймэл дагуултай байхад манай улс дотоодынхоо хэмжээнд ашиглах боломжтой. Манайд үйл ажиллагаа явуулж байгаа ихэнх албан байгууллага гадны хиймэл дагуулын сувгийг  түрээсээр ашиглаж, төлбөр төлж байгаа. Тиймээс сансар судлалыг ашиглаж, далайцтай хөдөлж чадвал, одоогийн зардлаа хэд дахин бууруулж, гадагш урсах мөнгө дотооддоо үлдэх  боломжтой.
Хиймэл дагуул хөөргөж, бүтээхэд их хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай. Түүний дараа мэргэжлийн боловсон хүчин. Нэг ёсондоо хиймэл дагуултай болно гэдэг улс орны хувьд том ололт, том алхам. Бид энэ зүг рүү бага ч болов ойртож байгаа гэдэгт итгэдэг. Үүний тулд сансрын технологи өндөр хөгжсөн гадны улс оронтой хамтарч ажиллах ёстой. Япон, Орос, Хятад гэх мэт сансар судлал өндөр хөгжсөн орнуудын туршлагаас суралцах хэрэгтэй. Хиймэл дагуулыг улс орон дангаараа хийчихдэггүй. Математик тооцоог нь нэг газар хариуцаж, дотоод эд, ангийг өөр өөр улс оронд үйлдвэрлэж, эцсийн дүндээ нэг газар угсардаг. Ингээд хиймэл дагуултай болсон ч гэсэн Орос, Хятад эсвэл Европын холбоо ч юм уу хэн нэгний хөөргөх хэрэгсэл, зөөгч пуужингаар сансарт гаргах болно. Тиймээс хиймэл дагуул хөөргөх ажил ганц улсаас хамаарахгүй. Олон улсын хамтын ажиллагааны дүнд бүтдэг ажил.

-Та сансрын уудамд байх хугацаандаа хэчнээн судалгаан дээр ажилласан бэ. Хийсэн судалгаа тань ямар үр дүнд хүрэв? Сансар судлалыг хөгжүүлэхийн тулд сансрын нисэгч бэлтгэх бус, бидэнд өгөөжөө өгөх талаас нь харж судлах хэрэгтэй гэж та хэллээ.
-Мянга сонсохоор нэг үз гэдэг. Сансар судлалын судалгааны тоног төхөөрөмжийн тусламжтай сар хийгээд бусад гариг дээр хийсэн өчнөөн судалгаа бий. Хүн төрөлхтөн өөрийн биеэр очиж хийсэн судалгаа хамгийн үр дүнтэй.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 03 сар 16/

    manai tur barij baigaa humuus yun sansar bodohtoi mantai yaj heden tug karmaalahav gej bodojiigaa.

    Хариулах