Мах нөөцлөөгүйн балгаар үнэ нь өссөөр байх уу

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 17

c89093e7feede691original

Б.Бадамгарав

Манай улс гурван сая гаруй хүн амтай. Харин малын тоо толгой 55 сая хүрсэн. Хүн амаасаа 18 дахин олон малтай гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нэг хүнд 20 орчим толгой мал ногдоно. Энэхүү дүн үзүүлэлтээс харвал ард түмэндээ боломжийн хямд үнээр махаа борлуулах бүрэн боломжтой. Гэтэл энэ нь биелэгдэшгүй зүйл мэт. Жил бүрийн Цагаан сарын өмнөх үеэс эхлээд хавар дуустал махны үнэ иргэдийн хувьд “толгойн өвчин” болдог гэхэд болно. Махны үнийг тогтоон барих зорилгоор Засгийн газар нөөцийн мах бэлтгэж, зах зээлийн үнээс доогуур худалдаалдаг байсан. Энэ нь ч тодорхой хэмжээнд үр дүнгээ өгсөөр ирсэн юм. Гэтэл энэ онд нөөцийн мах худалдаалах нь байтугай бэлтгэх тухай тушаал шийдвэр гараагүй байгаа аж. Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбат “Нөөцийн махыг өдийд худалдаанд гаргадаг байсан. Ингэснээр махны үнийг тогтоон барихад чухал нөлөө үзүүлж байв. Гэтэл энэ жил нөөцийн мах бэлтгэж эхлээгүй байна. Уг нь тендер шалгаруулалтад нь манай холбооноос төлөөлөл ордог байсан бол энэ удаа яамны дотооддоо шийдэх асуудал гээд комисс байгуулж ажиллаж байгаа гэсэн. Тиймээс бид тодорхой зүйл мэдэхгүй байна” хэмээсэн юм. Өмнөх жилүүдэд 12 мянган тонн махыг нөөцөнд бэлддэг байжээ. Харин энэ онд хэзээ нөөцийн мах гаргах эсэхийг Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас тодруулахад “Өмнө жилүүдэд Махны үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд нөөцийн мах бэлтгэн худалдаанд гаргадаг байсан. Энэ жилийн тухайд нөөцийн мах худалдаалахгүй. Харин улсын махны нөөцийг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Одоогоор тодорхой зүйл байхгүй учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
Махны үнэ ханш худалдааны төв болон захуудад ямар байгаа талаар тодруулахаар “Хүчит шонхор” буюу иргэдийн нэрлэж заншсанаар Дэнжийн мянгын захыг зорилоо. Дэнжийн мянгын захын хонь, ямааны мах зардаг хэсэгт ихэнхдээ ямааны мах худалддаг болжээ. Үнийн хувьд хонины цул махыг 5500 төгрөгөөр худалдаалж байна. Өнгөрсөн долоо хоногийг бодоход үнэ бага зэрэг өссөн гэдгийг худалдагчид хэлж байв. Хүмүүс өмнө нь багадаа таван кг мах авдаг байсан бол худалдан авах чадвар эрс муудсан тухай лангуу түрээслэгч Б.Цэцэгмаа “Цагаан сарын дараахнаас хүмүүсийн худалдан авах чадвар муудсан. Наймаа хагарахгүй өдөр ч гарч байна. Ийм байдал дөрөвдүгээр сарын дундуур гайгүй болно байх гэж найдаж байна. Ер нь ямар ч наймаа Цагаан сарын дараа зогсчихдог шүү дээ” гэсэн юм. Хүмүүс ихэнхдээ жижиглэнгийн мах худалдаж авах бөгөөд хамгийн ихдээ таван кг мах авдаг болжээ. Хонины гулууз махыг кг-ыг нь 3800 төгрөгөөр худалдаалж байгаа хэдий ч ингэж авах хүн ховор болжээ. Гулууз мах дунджаар 20-25 кг гээд бодохоор багадаа 76000 төгрөг. Гэвч авах хүн цөөн байгаа тул жижиглэнгээр нь зарахыг худалдаачид илүүд үзэх болжээ. Ингэхдээ кг-ыг нь 4700 төгрөгөөр зарж байгаа юм байна. Хонины мах худалдан авч буй иргэн Х.Энхжаргал “Эдийн засгийн хямрал гээд байгууллагууд цалингаа ч тавьж чадахгүй байхад гол хэрэглээ болсон махны үнэ өссөн нь бидэнд хүнд тусч байна. Уг нь өчнөөн сая малтай байж үнээ боломжийн төвшинд барьж болмоор юм шиг санагддаг. Сүүлийн үед бүтэн мах авч чадахаа больсон. Хааяа ястай мах авдаг. Гэхдээ ястай мах авахаар жингийн ихэнхийг яс эзэлдэг учраас дэмий л дээ. Монгол хүн болсон хойно мах чанаж идмээр санагдах үе байна ш дээ” гэлээ. Бүтэн гулууз авснаас цул мах авах нь илүү дээр гэж үзэн хоногийн хоолоо залгуулж буй хүмүүс заримдаа граммлуулж авах болжээ. Энэ тухай түрээслэгч М.Цэлмэг “Иргэдийн амьдрал үнэндээ маш хүнд байна. Хааяа 500 грамм мах авч болох уу гэсэн хүн ирнэ, шулаад үлдсэн хоосон ясыг шөл гаргана гээд гуйх хүн ч бий. Дээгүүрх хүмүүс нь мэддэг ч юм уу, үгүй ч юм уу. Манай захын ойролцоох гэр хорооллоор, Долоон буудлаас хойшоо гэр хорооллуудаар яваад үз. Тэгэхэд ард түмний жинхэнэ амьдрал харагдана” хэмээн бухимдангуй өгүүлсэн.

Үхэр, адууны мах зардаг хэсэгт худалдагч их байх ч, худалдан авагчид харьцангуй цөөн байлаа. Энд намар болон өвөл бэлтгэсэн гэсэн хоёр төрлийн мах худалдаалж байв. Намрын мах шинийгээ бодвол арай хямд. Энэ тасгийн хойд хэсэгт үхрийн мах намрынх нь 6500, өвлийнх нь 6800 төгрөгийн үнэтэй байв. Харин урдуур лангуунуудад намрын мах 7500 төгрөгөөр худалдаалж байгаа ажээ. Худалдан авагч Т.Дуламханд “Өвөл махны үнэ буугаад гайгүй байсан чинь хавар болоод дахиад хөөрчихлөө. Нөөцийн мах гарах болов уу гэтэл гарсангүй. Тэгэхээр энэ ченжүүд дураараа үнээ өсгөнө ш дээ. Олон сая малтай, бэлчээрийн даац хэтэрлээ гээд байгаа хэрнээ иргэдээ боломжийн хямд үнээр мах зарж болно биз дээ. Энэ байдлаараа мах 10000 хүрчихвэл яах вэ. Бид ч яахав, багахан ч гэсэн махаа авч байна. Гэтэл цаана нь хоногийн хоолны махгүй хүмүүс өчнөөн байна” гэсээр цааш явав. Харин түрээслэгч Д.Загдсүрэн “Хүмүүсийн худалдан авах чадвар муу байна. Хамгийн ихдээ таван кг мах л авна. Ихэвчлэн 1-3 кг-ыг худалдаж авдаг. Нэг үхрийн махыг хоёр, гурван өдөр зогсч байж зарна. Өмнө нь өдөрт нь дуусгадаг байсан. Манай захад махны үнэ харилцан адилгүй байгаа. Жишээлбэл , намрын мах 7500 төгрөг. Харин шинэ мах нь арай үнэтэй. Ястай нь 6500 төгрөг байгаа. Зун хүртэл махны үнэ яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй байна. Хүмүүс үнийн хөөрөгдлийг муусайн ченжүүдээс боллоо гээд л байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ тэр их махыг чинь ченжүүд авдаггүй ш дээ. Бидэнд өчнөөн тонн мах аваад хадгалах зоорь ч байхгүй. Өвөл гаргасан гээд байгаа тэр их махыг дандаа баячууд аваад дарчихдаг байхгүй юу. Тэд дураараа үнээ хэлээд зарна. Малчны хотонд очоод авч чадахгүй юм чинь бид хэлснээр нь авна. Одоогоор үхрийн цул мах 5800-6000 төгрөгөөр авч байна. Тэгээд ашиг гэж цөөхөн хэдэн төгрөг харж, өдөржин зогсоно.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх