С.Чулуунтогтох: “Дисней”-н жишгээр монгол хүүхэлдэйн кино хийж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 17

Одоогоос 25 жилийн өмнөх “Боролдойн цаг”-аар төсөөлөгддөг Монголын хүүхэлдэйн киноны салбарыг дахин хөл дээр нь босгохоор ажиллаж буй сайхан мэдээ дууллаа. Орчин үеийн Монголын хүүхэд багачууд барууны болон Япон, Солонгосын соёл шингэсэн хүүхэлдэйн киноны баатруудыг үлгэр дууриаллаа болгосоор өсч байна. Тэдэнд зориулагдсан ном, зохиол, хүүхдийн нэвтрүүлэг гэж байдаг ч бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино гэж огт байхгүй.

Монголын хүүхэд залуус, эцэг эхчүүдэд зориулан бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино хийхээр ажилдаа ороод буй “Chuka studio”-ийн захирал С.Чулуунтогтох, тус киноны зохиолч Б.Мөнхтуяа нартай цөөн хором ярилцлаа.  

 

-КИНОНЫ ДҮРИЙН ГУРВАН ХҮҮХЭД ЭДҮГЭЭ ЦАГААС ҮЛГЭР
ДОМГИЙН ЕРТӨНЦӨД ЗОЧИЛНО-


-Юуны өмнө хийхээр төлөвлөөд буй хүүхэлдэйн киноныхоо талаар товч ойлголт манай уншигчдад өгөхгүй юу?

С.Чулуунтогтох: -Монголд одоогоор бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино гараагүй байна. Гэхдээ нилээд хэдэн студи энэ ажилд ханцуй шамлан орсон. Яг одоо хүүхэлдэйн киноны тэсрэлтийн үе, эрин үе нь Монголд эхэлж байна гэж хэлж болно. Бидний хувьд анх бүрэн хэмжээний 3D кино хийхээр төлөвлөсөн ч, нилээдгүй их туршлага шаардлагатай тул юуны өмнө 2D кино хийхээр шийдвэрлэсэн. Хүүхэлдэйн киногоо бид “Шидэт хуудас” гэж нэрлэсэн.

-Хэдэн минут байхаар төлөвлөсөн бэ?

С.Чулуунтогтох: -Нэг цаг буюу 60 минутын кино болно.

-Кино одоо ямар шатандаа яваа вэ?

С.Чулуунтогтох: -Хүүхэлдэйн киноны маань бүх дүр гарчихсан байна. Яг одоо зураг руугаа орчихсон, нэг сцени дуусах дөхөөд байгаа. Энэ дуусахаар бид телевизүүдээр үнэ төлбөргүй цацахаар төлөвлөсөн.

-Ингэж их хөдөлмөр зарсан бүтээлээ үнэ төлбөргүй цацах гэж үү?

С.Чулуунтогтох: -Тийм ээ. Энэ хүүхэлдэйн киног цацахаар сонирхож буй телевиз, сайт гээд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс ямар ч төлбөр авахгүйгээр цацна. Бид эхний бүтээлээ Монголчуудад бэлэг болгон барьж байгаа юм.


-Гадуур хийгдэж байгаа кинонуудыг харж байхад ихэвчлэн дүрүүдээ Монгол баатар, үлгэр домгийн дүр байхаар сонгож байна. Танай дүрүүд ямар онцлогтой вэ?

С.Чулуунтогтох: -Киноны гол дүрийн гурван хүүхэд бий. Энэ гурван хүүхэд орчин үед буюу эдүгээ цагт амьдардаг. Эдүгээ цагаас үлгэр домгийн ертөнцөд зочилж, энэ хугацаандаа үзэгч хүүхдүүдэд эв нэгдлийн тухай ойлгуулах юм. Мэдээж үлгэрийн ертөнцөд бидний мэдэх үлгэр домгийн баатрууд орж ирнэ. Хэдийгээр үлгэр домгийн баатруудыг ашиглаж байгаа ч бид Диснейн жишгээр хүүхэлдэйн киногоо хийж байгаа. Учир нь Монголын хүүхэлдэйн киноны салбар 25 жил тасарчихлаа. Энэ хооронд үзэгчид маань барууны болон Азийн маш сайн, чанартай, мундаг хүүхэлдэйн кинонуудыг үзсээр байгаад өндөр түвшний бүтээл хүлээж байгаа. Одоо баримлын шавраар нэг хүүхэлдэй хийвэл хэн ч сонирхохгүй шүү дээ. Тиймээс Диснейн жишгээр хөдөлгөөн, өнгө зэргийг хийж байгаа.

-Дүрүүд дээр ямар хүмүүс ажиллаж байгаа вэ?

С.Чулуунтогтох: -Манай багийнхан бүгд ажиллаж байгаа. Тухайлбал, монгол хэв маягаа алдахгүй, уламжлалаа алдахгүй, хөдөлгөөнөө хөшүүн байлгахгүйн тулд хэт чамин зүйлс оруулахгүй гэх мэтээр ярилцана. Эмэгтэй гол дүрдээ зохиолч Б.Мөнхтуяагийнхаа дүрийг тусгасан. Энэ мэтээр дүрүүдээ босгохын тулд дандаа л хүнээс санаа авна. Амьтан ч байсан дуу оруулж байгаа жүжигчинтэйгээ адилхан байх гэх мэт зүйлс бий. Мөн Тодоо гэдэг хүүхдийн дүрд манай том хүүгийн төрх тусгагдсан байх жишээтэй. Тохирох төрхийг бодож олоод дүрдээ тусгадаг. Одоо ойролцоогоор 20-25 дүр бий. Цөөхөн дүрээ бага хөдөлгөж аргалахгүйгээр аль болох сонирхолтой байлгах үүднээс бид огт залхуурахгүй, нилээд бүтээлчээр ажиллаж байна.    


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх