Оюутолгой өмнийн говийн цэнхэр сувдаар ямар ч хяналтгүй "тоглож" байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 20

Өнөөдөр Дэлхийн усны өдөр. Эл өдрийг тохиолдуулан манай мэдээллийн сайт Оюутолгойн төслийн нөлөөллөөр бий болсон Өмнөговь аймгийн Ханбогд сумын усны хомсдол болон Галбын говийн заган ойг тэжээгч ус далд уурхайн бүтээн байгуулалтад ашиглагдахаар яригдаж буй сэдвийг баримтаар сөхөж байна. Уг нийтлэлийг манай сурвалжлах баг Ханбогд суманд хийсэн сэдэвчилсэн сурвалжлагын хүрээнд бэлтгэж байгаа болно. 

 

 Оюутолгой гадаргын ус нэвчилттэй цооногуудаа цементээр таглаж,  "гурилджээ"

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт Оюутолгойн  усан хангамжийн 365  цооног байдаг аж. Үүнээс 300 нь гүний  хоолойн бүсэд багтана. Товчхоноор тайлбарлабал, гүний хоолойн эдгээр 300 цооногууд хоорондоо  холбогдож, Оюутолгойг усаар хангадаг байна.

Оюутолгой төслийн усны хайгуулын асуудал нэгэн үес олны анхаарлыг татаж, говьд усны хомсдол үүсэж болох аюултайг мэргэжлийн хүрээнийхэн сануулж байв. Үүнтэй зэрэгцээд уул уурхайн салбарын гадны хөрөнгө оруулагчдыг элдэв асуудал ярьж, үргээдгээ болих  хэрэгтэй гэх  сэдэв ч сөхөгдөж байсныг сайн санана. Гэвч өнөөдөр тэрхүү усны сэдэв сөхөгдөхөө больж, Оюутолгойн эдийн засгийн нөлөөллийг сайн сайхнаар нь бид магтан дуулж буй. Харин бодит байдал дээр...

Оюутолгой  хайгуулын усны нөөцөө гүний, Галбын говийн гэж хоёр ангилдаг. Одоогоор Оюутолгой гүний усны нөөц ашигладаг бөгөөд нэг секунт тутамд 873 литр ус хэрэглэдэг байна. Тэгэхээр Оюутолгой нэг минутад 52 тонн, 320 литр ус, цагт 3.142.800 тонн усны зарцуулалттай гэх тооцоо гарч буй юм.  Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлснээр Оюутолгой секунд тутамд 1461 литр ус ашиглах тооцоо гарчээ. Энэ  их усны хэрэглээгээ гүний хоолойн бүсээс хангах боломжгүй тул Галбын говийн усны нөөцийг ашиглах асуудал яригдаж байгаа аж.

Харин орон нутгийн малчдын зүгээс Галбын говийн заган ойг тэжээж байдаг усны нөөцийг далд уурхайд ашиглуулахгүй байх асуудлыг Оюутолгойд тавьж байгаа гэх мэдээллийг өгч байлаа. Гэвч ирээдүйд үүсэх далд уурхайн усны хэрэглээнээс наана малчдын толгойг өвтгөсөн  асуудал өчнөөн  байна. Гүний ус  нь  газрын гадаргаас 300 гаруй метрийн гүнд орших “хөгшин ус” юм.  Малчдад “хөгшин ус" гэх нэр томьёог Оюутолгойгоос  хоногшуулсан бөгөөд  ахуйн хэрэглээнд нийцэхгүй, эрдэс тэжээлгүй гэж тайлбарладаг байна. Түүгээр зогсохгүй  “Газрын тань бүр гүнээс Оюутолгой ус авч байгаа,  өнгөн хөрсний усанд энэ нь ямар ч сөрөг нөлөөгүй” гэх тайлбарыг малчдад хийсээр ирж.

Гэвч бодит байдал дээр эргэн тойрондоо худгийн малталт хийгээд ч ус гарахаа байсан Оюутолгойн  нөлөөллийн бүс дэх хэд хэдэн айлууд зөөврийн усны хэрэглээнд шилжсэн байна. Эдгээр малчдад Оюутолгой хэрэглээний уснаасаа  тээвэрлэн хүргэдэг бөгөөд  гаднаа усны том сав байршуулан хэрэглэдэг аж. Тэгвэл яагаад газрын гадаргын усны нөөц багасаад байна бэ гэх асуулт эндээс гарна.  Энэ нь эргээд Оюутолгойн бүтээн байгуулалтын алдаатай үйл ажиллагаанаас үүдэлтэй  аж.

Оюутолгойн гүний усны цооногийн ойролцоо мал бөөгнөрөх, цооногоос ус хоржигнон урсах чимээнээр эл асуудал сөхөгдсөн байна. Орон нутгийн малчид учир байдлыг тодруулахаар Оюутолгойд хандаж, уул уурхайн яамнаас мэргэжилтэнгүүд ирэх дээрээ хүртэл асуудал хурцаджээ.


Учрыг тодруулбал, гүний усны хоолой руу газрын өнгөн гадаргын ус нэвчин урсаж, тэр чимээгээр мал бөөгнөрөх, ус хоржигнох чимээ сонсогдож байж.


Салбар яам болон Оюутолгойгоос малчдын тавьсан хүсэлтэд үндэслэн японоос өндөр хүчин чадал бүхий цооног дурандах камераар бичлэг хийн баталгаажуулах ажил хийгдэж. Ингэхдээ гүний хоолойн бүсэд хамардаг 300 цооногоос  зөвхөн 37 цооногийг  мэргэжлийн хэлээр “хүрхрээт”  байх магадлалтай гэж үзжээ. Ус илтэд доош гоожиж буй цооногуудын инженерийн  бүтцийн адил талыг харгалзан дээрх  дүгнэлтийг хийсэн гэх. Тэгээд ч цооног нэг бүрийг  дурандвал зардал өндөр гарна гэсэн салбарын яамны тайлбартайгаар дээрх цоонгоуудыг дурандсан болжээ. Камерийн бичлэгээр нийт найман цооногоос  газрын өнгөн гадаргын ус доош нэвчиж буй илэрсэн байна.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх