Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн салбарын дампуурал буюу удирдлагуудын тансаглал

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 20

Хөвсгөл аймгийн  эрүүл мэндийн салбарт онцгойлон анхаарал тавих цаг болжээ.   2015 оны эхний 10 сарын байдлаар нялхасын эндэгдэл 60-д хүрч, өмнөх оныхоос 16 тохиолдлоор өсчээ. Он гараад гурван сар өнгөрч байхад долоон хүүхэд энджээ. Мөн төрөлтийн явцад  эндэх эхчүүдийн тоо ч өссөөр байгаа нь  айдас төрүүлж байна.

Тиймээс Хөвсгөл аймгийн иргэд, олон нийтийн зүгээс эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж муу байгаа талаар гомдол мэдүүлэх болж. Гэвч  аймгийн удирдлагуудын зүгээс ч, Аймгийн Эрүүл мэндийн газраас дорвитой арга хэмжээ авсангүй. Асуудал бахь  байдгаараа. Эх, нялхасын эндэгдэл нэмэгдсэн хэвээрээ байна.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг л гэхэд сэхээний эмч байхгүй 5 жил болж байгаа аж. Мөн амьсгалын аппаратгүй. Түүнчлэн хүүхдүүдийн эмчлүүлж буй өрөө тасалгаанд ачааллаас шалтгаалан нэг хүнд ногдох стандартаас олон хүн хэвтэж буйгаас хүчилтөрөгчийн дутагдал ихтэй, бүгчим. Цонхны хөшиг байхгүйгээс орны бүтээлгээр халхалсан байдалтай байдаг аж. Тус тасгийн эмч нар Дэлхийн Зөн Олон улсын байгууллагад хүсэлт тавин төсөл бичсний хүчинд л хүүхдүүдэд стандартын шаардлага хангах ортой болжээ.

 

 Хүүхдийн тасаг нь амьсгалын аппаратгүй,  сэхээний эмчгүй 5 жил болж байхад Нэгдсэн эмнэлгийн дарга С.Чагнаадорж,  Эрүүл мэндийн  газрын дарга Л.Дамдинсүрэн, Хөвсгөл аймгийн засаг дарга А.Эрдэнэбаатар та бүхэн ямарч арга хэмжээ авахгүй, төсөв хөрөнгө байхгүй, энэ чиглэлээр мэргэших хүн алга аа гээд ам таглаад сууж байхаасаа ичих хэрэгтэй. Биеийн байдал нь хүндэрсэн хүүхэд сэхээний тасагт орж ирэхэд мэргэшсэн эмчгүй, амьсгалын аппаратгүй  угтана гэдэг үхэлрүү түлхэж байгаагаас ялгаагүй. Хэдийгээр нөхцөл байдалтай нь ирж танилцдаг ч  арга хэмжээ авдаггүй удирдлагуудыгаа  хүлээгээд хүнд өвчтэй хүүхэд орж ирэхэд ямар эмчгүй гээд суултай биш. Тиймээс хүүхдийн тасгийн эмч нараас  сэхээний тасагт ээлжлэн давхар ачаалал  үүрэн  ажилладаг байна.  Тангараг өргөсөн эмч хүнийхээ хувьд “үгүй” гэж хэлэхээс сэтгэл нь өвддөг биз ээ. Тиймээс илүү цагаар ч  хамаагүй, эрүүл мэндийн манаанд зүтгэж явна.

Ийм байдалтай нэг жилийг биш таван хаврыг үднэ гэдэг Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн салбар ямаршуухан дүр төрхтэй байгааг харуулаад зогсохгүй дарга нарынх нь зүтгэлийг илтгэнэ. Аймгийн ИТХ-д үүсээд байгаа нөхцөл байдлыг танилцуулж шийдвэрлүүлэх, эсвэл төсвөөсөө тодорхой хэмжээний хөрөнгийг гаргаж, хүүхдийн залуу эмч нарыг мэргэшүүлэн сургаж, цалин хөлсийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж, ажиллах орчныг бүрдүүлж, боловсон хүчнээр хангах  бололцоо бий.

Энэ бүхэн Нэгдсэн эмнэлгийн  бодлого, менежмэнтээс  ч  хамааралтай. Бас аймгийн Эрүүл мэндийн газрын хариуцлагагүйнх. Ийм чухал асуудлыг таван жилийн турш шийдэхгүй өнөөг хүргэж, балчир  үрсийн эндэгдэл эрс нэмэгдэж байхад  “сүх далайтал үхэр амар” гэгчээр байсаар байх уу. Хэрвээ ийм зохицуулалт хийж чадахгүй бол мэддэг, чаддаг, боловсролтой, менежмэнт сайтай хүнд ажлаа өгөх хэрэгтэй шүү дээ.

Үнэхээр аймгийн эмнэлэг, Эрүүл мэндийн газар хөрөнгөний хувьд шийдэж чадахгүй бол Засаг даргадаа, ИТХ-д хуралдаа асуудлыг оруулж яагаад болохгүй гэж. Өнгөрсөн онд л гэхэд аймгаас  Хотгойдын Шадар ван Чингүнжавыг овоог  засварлах нэрээр  40 –өөд сая төгрөг төсөвлөж,   цементлээд нутгийн иргэдийн дургүйцэл, эсэргүүцэлтэй тулж, буцааж нураасан юм. Хэдэн зуун жил нар, салхинд илбүүлж, улам өнгөжин гялтагнах чулуун овоог цементэлж байхаар аймгийнхаа Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн сэхээний тасагт амьсгалын аппарат аваад өгчихсөн бол буянтай үйлс байх байлаа. Хий дэмий л баахан хөрөнгө цацаад өнгөрлөө.

Бас нэгэн жишээ байна.

 Энэ оны гуравдугаар сарын 14-нд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралд Эрүүл мэндийн газрын дарга Л.Дамдинсүрэн эрх шилжүүлэх тухай асуудлыг оруулж хэлэлцүүлээд дэмжүүлжээ.  

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх