Усны нөөц ба түүнийг тойрсон асуудлууд

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 21 ・ 1

 

Өнөөдөр дэлхийн усны өдөр тохиож байгаа юм. Энэхүү өдрийг дэлхий нийтээрээ 1993 оноос хойш тэмдэглэж ирсэн билээ. Манай улсын хувьд усны чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг сайжруулахын сацуу усны үнэ цэнийг олон нийтэд ойлгуулах, усны зөв зохистой хэрэглээг сурталчлан таниулах зорилгоор тэмдэглэдэг.

Тэгвэл энэ өдрийг угтан өчигдөр Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс санаачлан Барилга, хот байгуулалтын яам, Хөдөлмөрийн яам, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын Усны түншлэл ТББ хамтран “Ус ба ажлын байр” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан билээ.

Тус хэлэлцүүлгийн хүрээнд төрөөс баримталж буй салбарын хөдөлмөрийн нөхцөл аюулгүй ажиллагаа, түүнийг сайжруулах арга зам, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого чиглэлийн асуудлууд болон тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад тулгамдаж буй асуудлыг хэлэлцсэн юм.

Энэхүү хэлэлцүүлгийн хүрээнд яригдаж буй асуудлаар Монголын Усны түншлэл ТББ-ийн гүйцэтгэх захирал Д.Басандоржоос тодрууллаа.

- Манай улсын цэвэр усны нөөц хэр эрсдэлтэй байгаа вэ?

- Шууд хэлэхэд бол эрсдэлтэй байгаа. Улаанбаатар хотын усны хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байна. Манай хотын усны нөөцийг 1988 оны судалгаагаар хоногт 230 метр куб усыг газрын доороос авч болно гэсэн нөөцийг тогтоосон юм. Өнөөдөр 2016 он тэр хөдөлгөөнт нөөцийг 20 жилд нэг удаа дахин тогтоож байх ёстой. Гэтэл өнөөдөр огт тогтоож чадаагүй байна. Иймд 1988 оны Улаанбаатар 2016 оны Улаанбаатар тэс өөр болж, маш олон орон сууц баригдаж, том үйлдвэр үйлчилгээний газрууд нэмэгдэж байна. Ингэснээр усны хэрэглээ асар их нэмэгдэж, цаашдаа ч нэмэгдэнэ гэсэн үг юм. Тодруулбал 2020 он гэхэд усны хэрэглээ 420 метр куб болно. Үүнээс харахад 220 метр кубээс 420 метр кубийг хасахаар 200 метр куб устаж байгаа юм. Тэгэхээр бид нар цэвэр усаа аваад түүгээрээ бүх хэрэглээ хангаад байна. Уухаас гадна машинаа угаах, гудамж талбай услах, үйлдвэрт хэрэглэх зэргээр ашиглаж байгаа билээ.

- Тэгвэл үүнээс сэргийлэх арга зам юу байна?

- Тиймээс туул гол руу хаяж бохирдуулаад байгаа усаа дахин цэвэршүүлж, нөгөө зам талбайгаа услаад, машинаа угаагаад явбал усны хямралаас гарах бүрэн боломжтой. Бохир усыг бол уух хэмжээнд хүртэл цэвэршүүлэх техник технологи бий болсон. Харин усны менежментийг л зөв бариад явах хэрэгтэй юм. Манай улс усны менежмент их муу учраас усны нөөц болон дахин ашиглалтыг ч хийж чадахгүй байна. Зөв менежмент хийгээд явбал ус хол биш ойрхон бидний хажууд байгаа. Өнөөдөр Улаанбаатар хотын гудамж талбай, ногоон байгууламжийн услахад 30 метр куб ус хэрэгтэй. Гэтэл үүнийг бид уудаг усаараа услах гээд байна. Монгол улсын усны нөөцийн 90 гаруй хувь нь гадаргын ус юм. Мөн цэвэр усны нөөцийн 70 хувь нь Хөвсгөл нуурын ус бөгөөд хэзээ ч бид тэндээс ус татаж ашиглахгүй. Гадаргын усаа бид ашиглах ёстой байхад одоогоор бид газар доор байгаа зөвхөн гүний усаа ашиглаж байна. Иймд усны бодлого гэж байна уу? гэж асуугаад байгаа юм. Монгол улс чинь биднээр дуусахгүй шүү дээ. Цаашдаа улс хөгжинө, эдийн засаг хүн ам олон болно. Дээр хэлж байсан хүн амын 90 гаруй хувь нь дандаа гадаргын усаа хэрэглэдэг гэж. Гэтэл бид энэ жаахан усныхаа нөөцийг ашиглаад дуусчихвал бид яах юм бэ? гэдэг асуудал гарч ирж байгаа юм.

- Манай усны нөөц ямар төвшинд байгаа вэ?

- Нөөцийн хувьд бол хангалтай нөөц байгаа. Харин бид усны нөөцөө зөв ашиглах хэрэгтэй байна. Нөөц гэхээр зөвхөн байгаль дээр байгаа цэвэр усаа нөөц гэж хараад байдаг. Ийшээ хаяж байгаа бохир усаа нөөц гэж огт хардаггүй. Түүнийг буцаагаад ашиглаж болдог энэ бол нөөц. Харин усны тэмцэл гэх зүйлээ бид нар зөвхөн тэнд байгаа уудаг цэвэр усаа нөөц гэж хараад бохир усаа тоодоггүй. Төр нь ч ард иргэд нь ч тийм ойлголттой байдаг. Ингээд тэр цэвэр ус дуусах юм бол яах билээ гээд зогсоогоод байна. Үгүй ээ. Тиймээс ус хангалттай байгаа учраас усаа буцааж ашиглах ёстой. Зөвхөн нэг талаас цэвэр ус аваад, нөгөө талаа бохирдуулж хаясаар байна. Тэгвэл Израиль улс элсэн цөл дээр байдаг орон боловч 100 хувь усаа дахин боловсруулж, хөдөө аж ахуйд ашиглаж байна. Усаа эргүүлээд ашиглах юм бол усны хямрал, гачигдалд орохгүй. Тэгээд гадаргын усаа хуримтлуулж томоохон нуур, цөөрөм байгуулах ёстой. Том том усны банкууд байгуулах нөгөө талаар мөнгөний банк гэсэг үг. Ингэснээр усны аюулгүй байдлын хангасан улс орноо тогтвортой хөгжүүлсэн улс болно.

- Саарал усны тухай хууль гарсан уу?

- Саарал усны тухай хууль гараагүй. Харин ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль гарсан. 2012 онд гарсан боловч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байна.

- Одоогоор саарал усыг Монголд ашиглаж байна уу?

- Эрдэнэт, Таван толгойн Ухаа худаг гэх уул уурхайн газруудад бага хэмжээгээр сэргээж ашиглаж байгаа.

- Усаа бид мөнгөөр худалдаж авч байна. Олон улсын төвшин бусад улс оронтой харьцуулахад бид усаа үнэлж чадаж байна уу?

- Усны үнэ цэнэ бол асар доогуур байна. Хамгийн бага үнэтэй ус бол зөвхөн манайд байдаг. Усыг хөгжил гэж харахгүй зүгээр л нэг хар ус гэсэн байдлаар хардаг. Тиймээс хэвлэл мэдээллээр дамжуулаад усны асуудлын талаар олон нийтийг өндөр боловсролтой болгох хэрэгтэй байна. Мөн усны үнэ цэнийг нэмэгдүүлэхээс гадна усны менежментийг сайжруулах, ундны усны аюулгүй байдлыг хангаж өгөх хэрэгтэй юм. Үүнд бол хөрөнгө мөнгө шаардах асуудал байхгүй. Гэтэл бид баталгаатай ус ууж байна уу? гэдэг асуудал болоод байна.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • bataa / 2016 03 сар 22/

    Áèä óñíû àñóóäàëä óäàõã¿é îðíî îäîî áààñ øýýñýý áóþó áîõèðîî ñààðàë óñààð øèéäìýýðýý

    Хариулах