Ипотекийн зээлд хамрагдсан иргэд хөрөнгийн болон амь насны даатгалд заавал даатгуулах ёстой

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 23
-Найман хувийн зээл хүсэгч нь бизнес эрхлэгч бол аж ахуйн нэгж нь татварын албанд татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх ёстой юу?

-Зээл хүсэгч нь ажил олгогч буюу хувьдаа компанитай, компанийн орлогоороо зээлийн төлбөрөө төлж гүйцэтгэх зээлдэгчдэд энэхүү заалт хамаатай бөгөөд татварын албанд хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх ёстой. Гэхдээ хугацаа хэтэрсэн татварын өр төлбөрт нэмэгдсэн өртгийн албан татвар хамаарахгүй. Яагаад гэвэл татварын албанаас тухайн бизнес эрхлэгчийн компанийн харилцах данснаас өр төлбөрийг шууд суутгах эрхтэй байдаг.

- Малчид ипотекийн зээлд хамрагдах боломжтой юу?

-Монголбанкны “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-д өөрчлөлт орж дан ганц хот суурин газарт ажил хөдөлмөр эрхэлж тогтмол орлого олдог иргэд гэлтгүй хөдөө орон нутагт мал маллаж амьдрал ахуйгаа залгуулдаг малчин айл өрхүүд дэд хөтөлбөрийн хүрээнд ипотекийн найман хувийн зээлд хамрагдах боломжтой болсон.

-Хамтран зээлдэгчийнхээ нэрийг гэрчилгээн дээрээсээ хасуулах боломжтой юу?

-Хамтран зээлдэгчийн нэрийг гэрчилгээн дээрээс хасуулж болно. Гэвч “МИК ОССК” ХХК-д худалдагдсан зээлийн хувьд энэхүү ажиллагаа нь шат дамжлаг ихтэй, хугацаа их шаардагддаг. Учир нь банкуудаас худалдаж авсан зээлийн барьцаа болж буй орон сууцнууд нь “МИК ОССК” ХХК-иас гаргаж буй бондын барьцаа болж арилжаалагддаг. Иймд зээлдэгч юуны түрүүнд зээл авсан банкиндаа хүсэлт гаргаж, банк зөвшөөрсөн тохиолдолд банкнаас “МИК ОССК” ХХК-д албан байдлаар хүсэлт ирүүлэх шат дарааллаар асуудлыг шийдвэрлүүлнэ. “МИК ОССК” ХХК-иас уг хүсэлтийг зөвшөөрч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шинэчлэн гаргуулж, тухайн зээлийн барьцааны гэрээ болон барьцаалбарт өөрчлөлт оруулсны дараа өмчлөгч хасагдана.

-Зээлдэгч эд хөрөнгө болон амь насны даатгалаа жил бүр төлөх шаардлагатай юу?

-Монголбанкны “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-д “Зээл олгох шийдвэр гарсны дараа зээлдэгч болон барьцаа хөрөнгийг зээлийн үүргийн гүйцэтгэл дуусах хүртэлх хугацаанд хөрөнгийн болон зээлийн (амь насны) даатгалд заавал даатгуулна.” гэж заасан байдаг тул зээлдэгч даатгалаа жил бүр заавал төлөх шаардлагатай.

-Сүүлийн хоёр жил НДШ тасралтгүй төлсөн. Гэхдээ ажлын байраа сольсон бол зээлд хамрагдах боломжтой юу?

-Монголбанкны “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-д зээлдэгч нь “тухайн байгууллагадаа нэг жилээс доошгүй хугацаанд үндсэн ажилтнаар ажиллаж байх”, гэж заасан байдаг. Мөн журмын 16-д “зээл хүсэгчийн орлого нь тогтвортой байх”,  “зээл хүсэгч нь сүүлийн хоёр жилийн хугацаанд ажил олгогчоо 2-оос дээш удаа сольсон тохиолдолд орлогыг тогтворгүйд тооцно” гэж тус тус заасан.Тиймээс сүүлийн хоёр жилийн хугацаанд ажил олгогчоо нэг удаа сольсон байж болно.

- Зээлийн эргэн төлөлтийн хуваарь өөрчлөх хүсэлтээ хаана гаргах вэ. Хэр хурдан шийдэгддэг вэ?

-“МИК ОССК” ХХК-д худалдагдсан зээлийн хувьд эхлээд зээл авсан банкиндаа хүсэлт гаргах бөгөөд банк зөвшөөрсөн шийдвэр гаргасан тохиолдолд банкнаас “МИК ОССК” ХХК-д албан байдлаар хүсэлт ирүүлж шийдвэрлүүлнэ.

-Үндсэн зээлдэгчээ хасуулаад хамтран зээлдэгч нь үндсэн зээлдэгч болж болох уу?

-“МИК ОССК” ХХК-д худалдагдсан зээлийн хувьд эхлээд зээл авсан банкиндаа хүсэлтээ гаргах бөгөөд банк зөвшөөрсөн шийдвэр гаргасан тохиолдолд банкнаас “МИК ОССК” ХХК-д албан байдлаар хүсэлт ирүүлнэ.Үндсэн зээлдэгчийг солих зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд “МИК ОССК” ХХК уг хүсэлтийг судалж үзээд боломжтой эсэх талаар хариу хүргүүлнэ.

-Хамтран болон үндсэн зээлдэгч нас барсан тохиолдолд яах вэ?

“МИК ОССК” ХХК-д худалдагдсан зээлийн хувьд үндсэн эсхүл хамтран зээлдэгч нь нас барсан тохиолдолд энэ талаар эхлээд зээл авсан банкиндаа мэдэгдэнэ. Банк зээлдэгч нас барсан талаар “МИК ОССК”-д албан байдлаар мэдэгдсэнээр холбогдох гэрээнд өөрчлөлт оруулна. Хэрэв зээлдэгч нас барах үед тухайн зээлийн даатгалын гэрээний хугацаа хүчинтэй байсан бол даатгалын компаниас нөхөн төлбөр авах бөгөөд уг нөхөн төлбөр зээлийн данс руу шилжин үндсэн зээлээс төлөгдөнө.

-Үндсэн болон хамтран зээлдэгч нас барсан тохиолдолд яах вэ. Үлдсэн үр хүүхэд нь төлбөрийн чадвартай бол үргэлжлүүлээд төлөөд явж болох уу?

-“МИК ОССК” ХХК-д худалдагдсан зээлийн хувьд үндсэн эсхүл хамтран зээлдэгч нь нас барсан тохиолдолд энэ талаар эхлээд зээл авсан банкиндаа мэдэгдэнэ. Банк зээлдэгч нас барсан талаар “МИК ОССК”-д албан байдлаар мэдэгдэж, холбогдох гэрээнд өөрчлөлт оруулна. Хэрэв зээлдэгч нас барах үед тухайн зээлийн даатгалын гэрээний хугацаа хүчинтэй байсан бол даатгалын компаниас нөхөн төлбөр авах бөгөөд уг нөхөн төлбөр зээлийн данс руу шилжин үндсэн зээлээс төлөгдөх юм. Хэрэв даатгалын компаниас авсан нөхөн төлбөр нь зээлийн төлбөрийг бүрэн барагдуулж хүрэхгүй тохиолдолд “Иргэний хууль”-нд өвлөгч өвлөж авсан хөрөнгийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хариуцахаар заасан байдаг тул Монголбанкны “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-н 25.1.7-д заасны дагуу зээлийг үргэлжлүүлэн төлөх талаарх тохиролцоог өв залгамжлагч нартай байгуулах боломжтой.

-Найман хувийн зээлтэй байж байгаад нас барсан хүний гэрчилгээний нэрийг яаж солих вэ?

-“МИК ОССК” ХХК-д худалдагдсан зээлийн хувьд барьцаа хөрөнгө үндсэн эсхүл хамтран өмчлөгч нь нас барсан тохиолдолд энэ талаар эхлээд зээл авсан банкиндаа мэдэгдэнэ. Банкнаас “МИК ОССК” ХХК-д албан байдлаар хүсэлт ирүүлж шийдвэрлүүлнэ. “МИК ОССК” ХХК-аас уг хүсэлтийг судалж, зөвшөөрөх шийдвэрийг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газраас тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд өөрчлөлт оруулж, улмаар зээлийн болон барьцааны гэрээнд өөрчлөлт оруулна.

мэдээллийн эх  сурвалж сайт: itoim.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх