Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 03 сар 24
・ 1

С.УЯНГА
Монголчууд балчир үрсээ цаг бусаар алдаж байна гэхэд хэлсдэхгүй боллоо. Өөрөөр хэлбэл, амьдралын буруу хэвшлээс үүдэлтэйгээр тоглож наадан, дэгэж дэрвэж явах хүүхдүүд эмнэлгийн орон дээр өвчиндөө шаналж, түүнийг ялан дийлэхээр тэмцэж байна. Балчир ухаан, нялх биедээ баймааргүй их хүч тэнхээг тэд гаргаж байгаа. Энэ бол нөгөөх л улиг болтол давтсан халуун тогооны асуудал. Манай сонин “Халуун тогооны харгислал”, “Ядуусын хэрэг” цуврал нийтлэлүүдийг хүргэж байсан билээ.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн тасгийн ачаалал жил ирэх тусам хэд дахин нэмэгдэж байгааг баримтаас харж болно. Тодруулбал, 2009 онд түлэгдэж гэмтсэн 3258 өвчтөнийг хүлээж авч байсан бол 2014 онд 6223 болж хоёр дахин нэмэгджээ. Тэдний 60-70 хувь нь 0-4 насны хүүхдүүд байгаа юм. Тэгэхээр жилд 4000 гаруй хүүхэд түлэгдэж, өвчиндөө шаналжээ. Өнгөрсөн онд зөвхөн Улаанбаатарт гэхэд өдөрт 3-4, жилд 1000 гаруй хүүхэд түлэгдэж, эмнэлэгт хандсан тоо бий. Хэргийн эзэн хямд өртөг, хялбархан хэрэглээ болсон халуун тогоо. Халуун тогоонд түлэгдсэн хүүхдүүд өртөг өндөртэй эмчилгээ хийлгэхээс гадна насан туршийн шарх сорвитой үлдэнэ. Түүнчлэн түлэгдэлтээс болж шархаа даалгүй нас барах тохиолдол ихэсч байгаагийн цөөнгүй тохиолдлыг орон нутгаас ирж байгаа хүмүүсийн тоо эзэлж байгааг ГССҮТ-ийн эмч нар хэлж байна. Энэ оны нэгдүгээр сард Дундговь аймгийн Өлзийт сумаас, хоёрдугаар сард Баянхонгор аймгаас халуун тогоонд түлэгдэж эмнэлэгт хандсан бага насны хүүхдүүд эмчилгээгээ даалгүй нас барсан байна. Цөөн жишээ дурдахад ийм. Өнгөрсөн онд таван хүүхэд халуун тогоонд түлэгдэж нас барсан бол он гарснаар гурван сарын хугацаанд гурван хүүхэд амиа алдсан хэрэг гарчээ. Энэ тоо цаашид ч үргэлжлэхийг үгүйсгэхгүй. Үргэлжлэх эсэх нь зөвхөн эцэг эхчүүдээс шалтгаална. 0-4 насны учир ойлгохгүй балчир хүүхдүүдээ аюулаас хол байлгах нь эцэг, эхчүүдийн хуулиар хүлээсэн үүрэг.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.