Шинэ байртай болох мөрөөдөл буюу 5 хувийн хүүтэй зээлийн эргэн тойронд...

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 03 сар 30
Ипотекийн зээлийн хүүг таван хувь болгон бууруулах боломжтой тухай УИХ-ын дарга З.Энхболд олон нийтэд мэдэгдсэнээр нийгэмд хүлээлт үүсгэсэн. Улмаар  Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай хэлэлцэж, “Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журам”-ыг баталсан. Харин энэ сарын 15-наас банкууд өмнө нь ипотекийн зээлээр байр авсан иргэдийн зээлийн хүүг бууруулах, шинээр зээл хүсэгчдэд таван хувийн хүүтэй ипотекийн зээл олгож эхэлсэн гэх мэдээлэл бий. Гэхдээ зарим арилжааны банкууд бодит байдал дээр зээл олгож эхлээгүй талаар иргэд хэлж байгаа юм. Тиймээс энэ удаа манай сонины сурвалжлах хэсэг арилжааны банкууд зээл өгч байгаа эсэх, мөн өнгөрсөн хугацаанд хэчнээн иргэний зээлийн хүүг бууруулсан талаар “Дугаарын сурвалжлага”-аараа хөндлөө.

800 мянган өрхтэй Монгол Улсын 77 мянган өрх нь ипотекийн зээлд хамрагджээ


Ипотекийн зээлийн хүүг таван хувь болгон бууруулсан асуудалтай холбогдуулан манай сурвалжлах хэсэг хамгийн түрүүнд Монголбанкны байр суурийг сонирхсон юм. Бидний сонирхсон асуултад Монголбанкны Хэвлэлийн төлөөлөгч, эдийн засагч Г.Баярмаа доорх хариултыг өгсөн. Тэрбээр “Ипотекийн зээл нь нийгэм, эдийн засаг, байгаль экологи талаасаа маш олон ач холбогдолтой. Энэ бол зүгээр ч нэг зээлийн бүтээгдэхүүн биш бөгөөд дундаж давхаргын хуримтлалыг өсгөх нь тогтвортой хөгжлийн загвар гэж бид үздэг. Ипотекийн хэмжээ өсч байвал дундаж давхаргын хуримтлал нэмэгдэж байна гэсэн үг.

Манай улсын хүн ам 800 мянган айл өрхтэй. Үүнээс 77 мянган өрх ипотекийн зээлд хамрагдсан байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын дундаж давхаргын нийт хуримтлуулсан мөнгө нь 3.4 их наяд төгрөгт хүрчихээд байна. Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн эрх зүйн орчныг бүрдүүлснээр ипотекийн зээлийг энэ сангаас тасралтгүй санхүүжүүлнэ.

Тэгэхээр ипотекийн зээлийн эх үүсвэр нь ирээдүйн хуримтлал гэж ойлгож болно. Ипотекийн зээлийн эх үүсвэрийг иргэдийн банкинд хадгалуулсан хадгаламжтай хольж тайлбарлаад байсан. Тэс өөр эх үүсвэр гэдгийг онцолж хэлмээр байна. Гадны улсуудын жишгийг харахад АНУ-д ипотекийн зээлийн хүү гурван хувьтай байхад, хэрэглээний зээл нь 17 хувьтай байдаг. Ер нь эдийн засаг, нийгмийн зорилго нь ч эрс ялгаатай зүйл. Монголбанк ипотекийн зээлийн хүүг инфляцийн төвшинтэй холбон тайлбарлаад байна. Энэ нь буруу шүү дээ гэж зарим хүмүүс хэлдэг. Үүнд нэг л тайлбар бий. Ипотекийн тогтолцоогүйгээр инфляци хэзээ ч нам дор байхгүй. Инфляци нам дор байвал дунд болон урт хугацаанд зээлийн хүү буурч, эдийн засаг тэлнэ. Энэ бол хатуу хамаарал юм.

Өмнө нь 14 хувийн инфляцитай байх үед бид найман хувийн хүүтэй ипотекийн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Харин, инфляци өнөөдөр хоёр хувь болж буурсан нь зээлийн хүүг бууруулах боломжийг олгож байна. 14 хувийн инфляциа барьж чадалгүй алдсан бол өнөөдөр бид таван хувийн хүү яриад суух боломжгүй байх байсан болов уу” хэмээсэн юм.  
 

Г.Баярмаа: Энэ сарын 15-наас таван хувийн хүүтэй ипотекийн зээл хэрэгжиж эхэлсэн


Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компанийн мэдээллээр  энэ оны нэгдүгээр сард шинэ болон хуучин орон сууцны борлуулалт 30 хувиар буурсан үзүүлэлттэй байсан юм. Тухайн борлуулалт буурсан шалтгааныг салбар яамны зүгээс ипотекийн зээлийн хүүг бууруулах асуудал хэлэлцэгдэх болсноор нийгэмд  тодорхой хэмжээнд хүлээлт үүссэнтэй холбоотой байх магадлалтай гэсэн байр суурийг илэрхийлж байсан. 

Үнэхээр ч энэ сарын 15-наас банкууд ипотекийн зээл олгож эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хэдхэн хоногийн хугацаанд 2000 гаруй иргэн зээл авах хүсэлтээ өгчээ. Энэ талаар Монголбанкны Хэвлэлийн төлөөлөгч, эдийн засагч Г.Баярмаа хэлэхдээ “Энэ сарын 15-ны өдрөөс хойш жилийн таван хувийн хүүтэй ипотекийн зээл хэрэгжиж эхэлсэн. Банкууд нийт 2088 иргэний 134.1 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, 488 иргэний 23.1 тэрбум төгрөгийн зээлийг таван хувийн хүүтэй, 1293 иргэний 83.7 тэрбум төгрөгийн зээлийг найман хувийн хүүтэй тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.  Зээлийн хүсэлт авч эхлээд 10 хоног өнгөрч байхад 2000 гаруй иргэн хүсэлтээ өгсөн байгааг харахад ипотекийн зээлийн эрэлт цаашлаад нэмэгдэх болов уу. Монголбанк ипотекийн санхүүжилтийн тасралтгүй үргэлжлэх тогтолцоог бүрдүүлж чадсан. Цаашлаад, монгол хүний хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг өсгөх, экспортыг дэмжих зорилгоор хөдөө аж ахуйн салбарт зээлийн бодлогоо чиглүүлэх болно” гэсэн юм.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх