Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2016 04 сар 05
・ 2

Монголчууд өр зээлд тийм ч таатай хандаж байгаагүй. Тиймээс ч "Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй ямаа таргалдаггүй" хэмээн ярьдаг биз. Гэтэл эрх баригч АН-ынхан ирээдүйд нэхэгдэх их өр зээлээс эмээхгүй байгаа бололтой юм. Монгол Улсын нийт гадаад өр 21.6 тэрбум ам.долларт хүрч, найман настай хүүхдээс наян настай буурал хүртэл 15 сая төгрөгийн өртэй болж байна. Ийм байхад Монгол Улсын Ерөнхий сайд нь Эдийн засгийн чуулганы индрээс "УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Н.Номтойбаяр, О.Содбилэг нар өрөө төл" хэмээн зарлаж, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатын хэлснээр бол эдийн засгийн хямралаа улстөрийнх болгочихлоо. Өнгөрсөн дөрвөн жилд Засгийн газар болон Монголбанкнаас авсан арилжааны зээлүүд олон бий. Тодруулбал, Чингис бондын 1.5 тэрбум ам.доллар, Хөгжлийн банкны 580 сая, Самурай бондын 291 сая, БНХАУ-ын Хөгжлийн банкны зээл 162 сая, Кредит Свисс банкны зээл 300 сая ам.доллар, ХБНГУ-ын Коммерц банкны 13.9 сая, Дим Сам Бонд нэг тэрбум юань, БНХАУ-ын Ардын банктай хийсэн төгрөг юаны своп 15 тэрбум юань гэхмэтчилэн нийтдээ зургаан тэрбум, 71 сая 900 мянган ам.долларын арилжааны зээл өнгөрсөн хугацаанд авчээ. Дахиад ч авахаар зэхэж байгаа зээлүүд оочир, дугаараа хүлээж байна. Бодит байдал ийм байхад эрх баригчид МАН-ынхан өрөөр улс төрийн шоу хийлээ гэж бухимдаж байна. Өнөөдөр Монголын төр гадаад, дотоодын арилжааны банкинд их хэмжээний өр зээлтэй, жирийн иргэд нь цалин, байрны, ахмадууд нь тэтгэвэр, орон нутгийнхан нь малчны зээлтэй амьдарч байна. Эдийн засагчдийн хэлж буйгаар 2015 оны эцэст нийт 247 мянган хөдөлмөр эрхлэгчид жилийн 8-42 хувийн хүүтэй 1,4 их наяд төгрөгийн цалингийн зээл, нийт 212 мянган ахмад буурлууд жилийн 18 хувийн хүүтэй тэтгэврийн зээлтэй байгаа аж. Үндсэндээ Монгол Улс бүхэлдээ өрийн сүлжээнд орлоо. Гэтэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын гишүүдийг алагчилж, МАН-ын гишүүд энэ их өрийг тавьчихсан мэтээр эдийн засгийн чуулганы индрээс зарласан болчимгүй үйлдэлдээ уучлал гуйхыг МАН-аас шаардаж байгаа. Гүйцэтгэх засаглалын тэргүүний эл увайгүй үйлдлийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат "Л.Энх-Амгалан Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийг ахалсны төлөө, цаана нь байгаа "но"-г илрүүлсний төлөө, Н.Номтойбаяр Үндсэн хуулийн Цэцэд Их хурлын даргыг Үндсэн хууль зөрчсөн гэдгийг баталсны төлөө, О.Содбилэг гишүүнийг Оюутолгойн Дубайн гэрээг хулгайн гэрээ боллоо гэж тууштай ярьсны төлөө л ийм алхам хийж байна" хэмээн "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа дурджээ. Эрх баригчид их өрөөс айхгүй одоохондоо дураараа дургиж байгаа ч энгийн иргэд бид чинь өр зээлээс эмээж байгаагаа нуух юун.
Эх сурвалж: http://zurvas.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.