Эдийн засаг
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2016 04 сар 06
・ 1
Хөдөлмөрийн насны идэвхитэй иргэдийн 94,2 хувь нь ямар нэгэн хэмжээний өртэй байна гэсэн судалгаа гарсан. Энэ бол гудамжаар алхаж байгаа 10 хүн тутмын ес нь өртэй гэсэн үг. Банкны зээл, лизинг төлөх гэж ажил хийж байгаа мэт санагдаж, сандралдаж байна.
Улс орон угаас өртэй хойно гэх иргэд ч олширч банкны “үхмэл” хөрөнгө болгон орон сууцаа хураалгаж “хэнэггүйтнэ”. Зээлдэгчид банкийг тэжээж байна гэсэн логик ч ярих юм. 60 сая төгрөгийн байрыг 84 сая болгож төлж байна. Тэгэхээр 24 сая төгрөг зөвхөн хүүнд нь өгч байна гэсэн иргэний гомдол цахим ертөнцөөр нэлээд газар авсан.
Нийгэм сайхан болохоор дахин байр лизиндье, одоо эдийн засгийн хямралтай, албан байгууллагууд цалин мөнгөө өгөхгүй байгаа хойно банкны дарамтанд орж байхаар “таван ханатай гэрээ бариад” тайван амьдарч байя гэсэн иргэдийн “үл тоомсорлол” сонсогдоно. “Өртэй хүн өөдөлдөггүй өттэй мал таргалдаггүй” гэсэн ардын үг бий. Барууны банкны соёлд хэт автсан шинэ санаа, төлөвлөгөө нь хэннэггүй ардын маань “гэдэнг” хөдөлгөөд эхэлж.
Энэ чинь эргээд банкны салбарт муу ч гэсэн нийгмийн, төр барьж байгаа хэсэг хүмүүсийн гайгаар ийм байдал үүсээд байнаа гэж буруутгах иргэд олон. Хагас дутуу лизингээ төлчихсөн байрыг банк зарж борлуулж чаддаггүй учир нь “үл хөдлөх хөрөнгө барьцаалах тухай хуулинд зах зээлийн үнэлгээгээр зарж борлуулан банк хохиролгүй болсны дараа зөрүү мөнгийг иргэд буцаан олгох” тухай заалт бий. Энэ банкны салбарынханы ганц “түгжээ” нь.
Шүүхийн хаалга татан банк иргэнтэй заргалдаад ч хуулийн заалт бол хуулийн заалт. Улс орон өөрөө маш их өртэй энэ өрийг иргэдийн тоонд хуваан үзэж байгаа ч гэсэн үүнд иргэд буруугүй болохоор “хамааралгүй” өнгөрч болох шиг. Гэхдээ улсын өрийн хэмжээг харуулах гэж хийж байгаа хэрэг болохоос иргэн та өөрийн өр болох 15 000 000 төгрөгийг төл хэмээн шаардахгүй байх. Төр өөрийнхөө ажлыг хийж энэ байдлаас хэдэн жилийн дараа гарах байх. Харин иргэн та банкинд зээлтэй бол хүүгээ төлөн хэсэг хугацаанд хойшлуулах, үндсэн төлбөрөөсөө төлөхгүй ч банкийг хохиролгүй болгож хүүг нь төлөн хугацааг нь сунгах, нэгэнт зорьсон ажлаа гүйцээхийн тулд банктай тохиролцох хэрэгтэй байх.
Банк ч үүнийг соргогоор харж хураана, шүүхдэнэ, зарна, төл, яаралтай хэмээн иргэдийг дарамтлахынхаа оронд хүүгээ төлөөд /банкийг хохиролгүй болгоод/ гэрээгээ сунга, хүүгээ л төлж байвал өрнөөсөө боломжоороо хас гэсэн логик гаргамаар юм. Угаас улс орон “дампуурлын” байдалтай байхад иргэд өрнөөс өрний хооронд сэтгэл зүйгээрээ хохироод байна шүү дээ. Урт хугацааны зээлтэй өрхүүдийн гэр бүлийн мөнгөний хэрүүл тасардаггүй, үр хүүхэддээ анхаарлаа хандуулж чаддаггүй, өвдөх эрхгүй, ажлаас гарах, солих эрхгүй болтлоо “зүтгэж” байна даа Монголын маань иргэд.
Гэтэл хүн бүр банкны эдийн засагчдын дарамтанд орон “сэтгэц”-ийн өвчинтэй болох “шахаж” байна. Одоо төр нь өртэй, банк нь авлагатай, иргэд нь сэтгэцийн өвчтэй Дэлхийн цорын ганц улс болох вийдээ. Бид угаас дэлхийн хамгийн их стресстэй улс, хамгийн их бохирдолтой хот, Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй мөртлөө ядуу, хөдөлмөрийн хөлсний үнэлэмж нь хамгийн бага орон. Бид хамгийн хойноосоо бол манлайлж байгаа шүү дээ.
Б.Саран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.