Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 04 сар 18
・ 1

Улаан бурхны өвчлөл нийгмийн анхаарлын төвд байна. ХӨСҮТ-д он гарсаар улаан бурхнаар 13515 өвчтөн эмчлэгдэж гарсан. Үүнээс эрчимт эмчилгээний тасагт нийт 1431 хүүхэд эмчлэгдэн эдгэрчээ. Оны эхний гурван сарын байдлаар 59 хүүхэд эндэж, нас баралтын түвшин 0.3 хувь байна. ДЭМБ-ын судалгаагаар улаан бурхан өвчний дэгдэлттэй үед нийт өвчлөлийн 5-10 хувь нь энддэг. Харин манай улсын хувьд энэ онд улаан бурхан өвчний эндэгдэл 0.3 хувь байгаа нь харьцангуй бага тоо гэж ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа, ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү, ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ц.Чинбаяр, ХӨСҮТ-ийн ХӨТС албаны дарга А.Амбасэлмаа, Хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дарга Ш.Энхтөр нар мэдээлэл хийх үеэрээ онцолсон юм.

Монгол Улсын Засгийн газраас явуулсан тогтвортой бодлогын дүнд хүүхдийн эндэгдэл жилээс жилд буурсан ч 2016 оны эхний гурван сард тав хүртэлх насны 491 хүүхэд энджээ. Үүний 427 нь нэг хүртэлх насных байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 120 хүүхдээр өссөн үзүүлэлт аж. Нийт эндсэн хүүхдийн 76.2 хувь нь 0-8 сартай буюу улаан бурхны вакцин тариулах нас болоогүй хүүхдүүд, мөн нийт хүүхдийн 70 хувь нь архаг, суурь хавсарсан өвчтэй, тухайлбал тураал, цус багадалт, рахит, диатез, төрөлхийн дархлаа дутагдал, уруул тагнайн сэтэрхий, эвэрхий, уналт таталт, төрөлхийн гаж хөгжил, цусны хорт хавдар зэрэг архаг хууч өвчтэй байна.
Эдгээрийн 98.8 хувь нь уушгины хатгалгаа, 3.2 хувь нь ларингитаар хүндэрсэн гэсэн мэдээлэл өгсөн. Үүнээс гадна ХӨСҮТ-д улаан бурхан өвчний үед хэрэглэх дөрвөн аппарат байгаа нь хангалттай хүрэлцээтэй. Одоогийн байдлаар хоёр хүүхэд л аппаратанд орох шаардлагатай, хоёр аппарат сул байгаа гэсэн юм. Харин бид бодит үнэнийг газар дээрээс нь сурвалжлахаар ХӨСҮТ-ийг зорилоо.
Машинтай нь машиндаа хонож байгаа
ХӨСҮТ дээр ирэхэд хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Тус төвийн хүлээн авах буюу Улаан бурхан гэсэн хаягтай үзлэг шинжилгээний тасгийн үүдэнд хүүхдээ тэвэрсэн, айж балмагдсан олон хүн дугаарлан зогсож байлаа. Хаалга нь дотроосоо цоожтой, үзлэг дуусмагц дараагийн хүнээ оруулдаг аж. Эмч сувилагчид энэ тэндгүй гүйлдэж, үнэхээр завгүй байгаа нь илт байлаа. Удтал хайсны эцэст Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасаг руу ороход сэтгэл нь маш их түгшсэн нэгэн эгч зогсож байлаа.
Тэрбээр “Зээ охин маань улаан бурхнаар өвчлөөд сэхээн амьдруулах тасагт шилжсэн. Төрөлхийн уналт таталт өгдөг, ээжээсээ ч холдож чаддаггүй. Бөөлжих гэж байгааг нь ээжээс нь өөр хүн хараад мэдэхгүй. Миний охин нэг л удаа бөөлжвөл ухаан алдах, цаашлаад яахыг хэн ч мэдэхгүй” гэсээр эмчийн хаалгыг сахин зогсож байлаа.
Харин тасгийн дотроос “Эрчимт эмчилгээний тасагт сахиур нь гадаа байдаг журамтай. Манайх тэр журмаараа л үйлчилнэ” гэсэн эмчийн дуу хадаж байлаа.
Энэ үеэр гаднаас нэг эмэгтэй сандран гүйн орж ирээд “Охины ээж нь ухаан алдах гээд байна. Тайвшруулах эм, тариа хийгээд өгөөч” гэж хашхирав. Үүнтэй зэрэгцээд хоёр эрэгтэй сэхээнд байгаа охины ээжийг сугадсаар орж ирлээ. Гэтэл хөөрхий ээж “Би яах вэ, охин минь яаж байгаа бол” хэмээн сулхан дуугаар үглэж байлаа.
Ингээд эмчтэй уулзаж, улаан бурхны өвчлөл бодит байдал дээр ямар байгаа талаар тодруулах гэсэн боловч эмч, сувилагчид хэнд ч яриа өгөхийг хүссэнгүй. Сахиурын өрөө гэх жижигхэн өрөөнд ороход 5-6 хүн сууж байлаа. Хэвлэл мэдээлэл их ирснийх үү, өчигдөр орой нэг өрөө гаргаж өглөө гэж нэг өвгөн дуугарав. Тэрбээр “Өмнө нь сахиурын бид багтахгүй байсан. Машинтай хүмүүс нь машиндаа хоноглож, машингүй мань мэт нь эндээ багтах гэж бөөн юм болдог байлаа” гэж учирлаж байна. Тэр өвгөнтэй цөөн хором ярилцлаа.

Н.Батнасан: Намайг бага байхад улаан бурхан туссан хүнийг усанд оруулдаггүй байсан
-Та хэнийгээ сахиж байгаа вэ?
-Миний дүү 39 настай хүн. Эрчимт эмчилгээний тасагт ороод гурав хонож байна.
-Биеийн байдал нь хэр байна. Ирснээсээ хойш дээрдсэн үү?
-Өнөөдөр овоо дээрдэх нь үү гэтэл сайд дарга нар нь ирээд аппаратыг нь салгачихсан. Гэтэл биеийн байдал нь эргээд муудаад аппаратандаа орж байна.
-ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа “Аппарат хангалттай хүрэлцээтэй. Хоёр ч илүү байгаа” гэж мэдэгдэж байсан шүү дээ. Бодит байдал дээр аппарат нь үнэхээр хүрэлцээтэй байгаа юм уу?
-Би сайн хэлж мэдэхгүй байна. Хүрэлцэхгүй болоод л энэ олон хүүхэд нас барж байгаа биз. Гадуур байгаа эцэг эхчүүдийн ярьж байгаагаар аппаратыг нь 30 сая төгрөгөөр худалдан авч, хүүхдийнхээ амийг аваръя гэцгээж, хүмүүстэй уулзалдаж байгаа юм билээ. Тэгэхээр нь аппарат нь хүрэлцэхгүй байна гэж ойлгоод байгаа.
-Эмч сувилагчид хэр сайн ажиллаж байна вэ?
-Эрчимт эмчилгээний тасгийн эмч, сувилагч, асрагчид маш сайн ажиллаж байна. Гүйлдээд л байгаа харагддаг. Гагцхүү төрийн буруугаас болж эм, тариа, аппарат нь хүрэлцэхгүй байна.
-Таны үед улаан бурхан өвчин дэгдэж байсан уу. Тухайн үед хэрхэн эмчилдэг байсан бэ?
-Би 68 настай. Намайг бага байхад корь өвчин гарлаа л гэвэл хиншүү гаргах, усанд орох, хүйтэн ус, цай уух, гадаа салхинд гаргахыг хориглодог байсан. Гэрээс улаан дээс унжуулаад 7-10 хоног дотор хөл хориод тогтоогоод эдгэдэг байсан шүү дээ. Одооны эмч нар усанд ор л гэдэг болжээ. Биеэр нь юм туурсан хүн усанд орвол тууралт нь дотогшоо орно. Нэгэнт дотогшоо орсон тууралт үхэлд л хүргэдэг байсан. Одоо ч юм юм өөр болжээ.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.