Америкчууд индианчуудаа устгахдаа тэдэнд зориулсан тусгай хуулиуд гаргаж байсан түүхтэй юм билээ. Одоо ч тэр хууль нь бараг хэрэгждэг хэвээр байх шүү. Гаднаас нь өнгөц харахад индианчуудаа дээдэлсэн, эрх чөлөөг нь бүрэн эдлүүлсэн юм шиг гоё хууль л даа. Ухаандаа, индиан омгийн хүн хүүхдээ сургуульд сургахгүй байж болно, архи тамхиа наян хувийн хөнгөлөлттэй худалдан авна, сарынхаа хүнсийг үнэ төлбөргүй авч болно гэсэн заалтууд тухайн хуульд байдаг. Ингэж улаан арьстнуудаа жигтэйхэн харж үзэж, газар нутгийг нь эзлэн түрэмгийлснийхээ төлөөсийг төлж байгаа мэтээр эрхлүүлсний үр дүнд ганцхан бодлого барьсан нь тэднийг устгаж, газрын хөрснөөс арчих байлаа. Үнэхээр ч Америкийн хуулийг эдэлж, дур зоргоороо жаргасныхаа хариуд индианчууд боловсролгүй мунхаг, дээрээс нь архичин, тамхичин хамгийн гол нь ажил хийх шаардлагагүй болсон учир зүгээр л амьд үхдэлүүд болж эцсийн дүнд устаж үгүй болсон.
Яг үүнтэй адилхан Монголын төр засгаас Монголын нүүдэлчин малчдыг устгах бодлого баримтлаад байна. Уг бодлогоо бүр хуульчлаад гаргадаг боллоо. Тухайлбал, малчдын хүүхдүүдийг 7-8 настайд нь сургуульд оруулж болно гэсэн хууль бий. “Нялх балчир энэ маань сургуульд сурахад хэцүү байна, эхийнхээ мөөмнөөс гараад удаагүй байгаа амьтныг ингэж тамлаж сургуульд сургах гэлээ, та нар” гэх хэтэрхий нялуурч, дэлүүрсэн зөнөг малчдын үгэнд ороод Монголын төр ийм шийдвэр гаргачихлаа. Энэ бол маш холын урхагтай, туйлын буруу шийдвэр болсон. Ерөөсөө нүүдэлчин малчдыг устгах гэсэн бодлогын хөрс суурь нь боллоо гэж хэлж болно. Ерөнхий боловсролын сургуульд орох насандаа орж суралцаагүй бол тухайн хүүхэд харанхуй бүдүүлэг хүн болохын эхлэл тавигддаг.
Учир юунд вэ гэвэл найман настай сургуульд орох нөхрийг өнөө зөнөглсөн өвгөд нь эрхлүүлж байгаа нь тэр гэж жороо морь унуулж, хөөрөг гаанс авч өгч сэтгэлийг нь хоёрдуулж орхино. Ингээд тэр жилдээ сургуулийн бараа харна гэдэг худлаа болох нь гарцаагүй. Найман нас нь есөн нас болж дахиад нэг жилээр ухарна гэсэн үг. Дараа жил нь бас л өөрсдөө дур мэдэн хэнээрхэцгээж, өнгөрсөн жил өнжиж болсон юм гэх элдэв янзын шалтаг тоочоод хойлшуулна. Ингэж нэгдүгээр ангид орох наснаасаа хоёр, гурван ч жилээр ухарсан пэд пэдхийсэн яриатай нөхөр арван нас хүрч байж сая нэг сургуулийн босго алхаж байгаа юм. Үндсэндээ зургаан настнуудтай арван настай хүүхдүүд нэг ангид суралцана гэсэн үг шүү дээ. Эхний гурван жилдээ тэд хамт сураад болоод байдаг юм аа гэхэд гурав дахь жилээс хойш нэг ангид сурахын эцэсгүй болно.
Арвандөрөвтэй архайсан амьтны дэргэд найм, есөн настай хүүхдүүд жаалхан байлгүй яахав. Илт ялгараад ирэх нь мэдээж. Архайж дархайсан тэдэнтэй наад хэд нь нийлэхийг бодохгүй. Нөгөө хэд нь хэзээний том амьтад, “аавын цээж”-үүд болчихсон, нууцаар тамхи татаад, нөгөө хэдээ шоглоод байхаа мэднэ. Бага сургуулийн дөрөвдүгээр ангиас насны ийм ялгаа гарч, эхнээсээ л сургуульд суух дургүй, дээрээс нь эцэг эх, өвөө эмээ нь эрхийн тэнэг болгочихсон нөхөд сургуулиа орхихоос аргагүйд хүрнэ. Хөдөө мал дээрээ очиж, уулын мухар сахиж санаа нь амарна даа, хөөрхий. Нүүдэлчин малчдын хүүхдүүдийн дүр зураг, цаашдын ирээдүй яг бодит амьдрал дээр ингэж бууж байна. Орчин цагт ерөнхий боловсролын сургууль болоод их дээд сургуульд боловсролыг ном ёсоор нь эзэмшээгүй хүн урт наслахаа больсон. Наад зах нь тэдэнд амьдралаа аваад явах чадамж байхгүй болсон. Мэдээлэл технологийн, хөгжил дэвшлийн энэ эрин зуунд хамгийн чухал зүйл бол боловсрол. Хуучных шиг эх орны алтан гурваар дөнгөн данган найм төгсөөд илгээлтийн эзэд болдог цаг тэртээ гучаад жилийн өмнөөс үгүй болсон билээ.
Зөнөж хоцорсон малчин өвгөн төрийн сайдын бараа, телевизийн дуран хараад “Малчны хүүхдийг хар нялхаар нь сургуульд хөөж явууллаа” гээд бодож санах зүйлгүй дэмий цуурчихсан чинь тэр нь Монголын төрийн бодлого болоод гараад ирдэг байгаа. Юмны наад цаад учир мэдэхгүй, уулын мухар сахисан хэрэгтэй хэрэггүйг чалчиж, нийгмийн шар мэдээгээр амьсгалж явдаг хөгшчүүдийн яг тэгж хэлэхийг нь анаж байсан юм шиг дуун дээр нь хууль боловсруулаад батлуулчихсан. Ингэж малчдын хүүхдийг “мал” болгож, орчин цагийн соёлт хүн төрөлхтний боол болгох зам мөрийг нь шулуутгачихлаа.
Үргэлжлэлийг эндээс уншина уу