Монголын рок поп урлагт өөрсдийн өнгө, хэмнэлээр уран бүтээлээ эгшиглүүлсээр байгаа хамтлаг, дуучид өнөөдөр гарын арван хуруунд ч багтахаар цөөхөн байгаа. Тэдний нэг бол “Guys” хамтлаг.
Учир нь өнөөдөр үзэгч, сонсогчид монголын рок поп урлагт байгаа хамтлаг дуучдыг өөр хоорондоо өрсөлдөөнтэй шинэ уран бүтээлүүдээрээ бөмбөгдөн, тэднийг уйдаахгүй, сэргээш мэт байхыг хүсэж байгаа учраас “Монголын хамтлаг дуучид усанд хаясан чулуу шиг алга болоод байна, тэд бидний дурсамжаар л наадсан тоглолтуудаа хийж байна” хэмээн шүүмжлэх болсон. Харин энэ бүх шүүмжлэлийн эсрэг талд байгаа хамтлаг дуучдаас “Guys” хамтлагийг онцлох олон шалтгаан надад байна. Үүний нэг бол тэдний тун удахгүй дэлгэхээр зэхээд байгаа “The Love” дуу юм.
-“Хайрт минь чи аз жаргалтай, үргэлж инээж байвал...”-
“Guys” хамтлаг “The Love” хэмээх цоо шинэхэн дууныхаа клипийг гаргахаар товоо фейсбүүк пейждээ нийтэлсэн. Харин энэ удаад “Guys” чухам ямар хайрыг бидэнд мэдрүүлэхийг зэхсэн бол хэмээх бодлыг тэдний клипний энэ л гайхалтай постер төрүүлэн тэдний талаарх бодлууд ар араасаа хөвөрсөн юм. “Хайрт минь чи аз жаргалтай, үргэлж инээж байвал...” хэмээн бичсэн энэ л үгс амьдралын хүнд хэцүү нөхцөлд ч хайр үргэлж гэрэлтэж байдаг гэдгийг энэхүү клипний постер дээрх өгүүлэмжээс яг л уран зураг шиг л уншиж болж байна. Та нар бод доо өнөөдөр Монголд клипийг постертой хийж байсан ямар хамтлаг дуучид байсан юм бэ. Энэ постерыг харсан хэн хүнгүй тэднийг ямар кино уран бүтээл хийгээ вэ гэж бодсон болов уу. Эндээс л “Guys” хамтлагийнхан уран бүтээлдээ яаж хандаж байгаа нь шууд харагдлаа. Ер нь энэ постерыг харсан чинь монголын муухан кино ч ийм постертой байсан билүү гэх сэтгэгдэл өөрийн эрхгүй төрсөн шүү. Тэд энэхүү шинэ клипээ ирэх даваа гарагт цацахаар товлосон ч, “Өө бурхан минь” үнэндээ түүнийг нь хүлээж тэвчихгүй нь. Ер нь бид “Guys” хамтлагийг хэр мэддэг юм бол оо. Тэдний тухай эргээд нэг хамтдаа дурсацгаая.
-“Guys came back”-
2015 оны хоёрдугаар сарын 14: Бидний сайн мэдэх “Guys” хамтлагийнгишүүдболох М.Мягмар, А.Төгсбаяр, Д.Лхагва, Х.Бат-Ундрал нар эргэн нэгдэж хамтлагаараа Гэгээн хайрын баярын өдөр Чингисийн өргөөнд “Хайрын бүжиг” тоглолтоо хийн үзэгчдийг байлдан дагуулсан. Тэд рок поп урлагт 18 жил хамтдаа тууштай зүтгэсээр ирсэн. Магадгүй тэднийг та “хэсэг хугацаанд уран бүтээлээ завсарласан, тэд шинэ уран бүтээл хийхээ больсон шүү дээ” гэж хэлэх байх. Гэвч тэд хамтлагийн уран бүтээлээ завсарласан ч урлагаас огт хөндийрөөгүй. Урлагтаа л шатаж, буцалж, оргилон дараа дараагийн уран бүтээлүүддээ хийх шинэ сэдэл санааг цуглуулан туршлага хуримтлуулсаар байсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.
Хамтлаг эргээд бүх санаа бодол, дуу хоолой, зүрх сэтгэлээ нэгтгэн зөв гэсэн л замаа барьж тайзнаа эргэн ирсэн мэт л асаж байлаа
Тэд энэ хугацаанд урлагийн бизнес гэдгийг илүүтэй ойлгон түүнтэй хэрхэн хамтлагийн уран бүтээлээ уялдуулах уу гэдэг шинэ бодол, уран бүтээлийн бас нэгэн том төлөвлөгөөгөө тээсээр эргэн нэгдэж урлагийн тайзнаа буцаж ирсэн нь Гэгээн хайрын өдөр тохиосон энэхүү тоглолт байв. Магадгүй тэд бяр нь гүйцсэн уран бүтээлчид болж, бядтай шинэ уран бүтээл туурвих цаг нь болсныг энэхүү тоглолтоороо харуулсан. Тэд тус тусдаа уран бүтээл туурвиж хувь уран бүтээлчдийн хувьд улам хөгжиж, боловсорсон зүрх сэтгэлээр хуучин дуунуудаа дуулж байсан нь шинэ мэт байсан. Хамтлаг эргээд бүх санаа бодол, дуу хоолой, зүрх сэтгэлээ нэгтгэн зөв гэсэн замаа барьж тайзнаа эргэн ирсэн мэт л асаж байгааг нь фенүүд нь мэдрээгүй гэж үү. Үүнийг тэдний уран бүтээл бие даасан тоглолтууд харуулсаар ч байгаа.
Тэр ч утгаараа тэд бусад хамтлаг дуучдыг эргэн нэгдэж, уран бүтээлээ хийвэл амжилт дагуулах хэвээрээ байна шүү гэдэг сэдэл рүү “чимээгүй болсон байсан” бидний мэдэх өнөөх хамтлаг дуучдыг дахин тайзнаа гарах их үйлсэд уруу татсан.
-Цахим ертөнц дэх “Guys” давлагаа-
Гэрлийн хурдаар үй олон мэдээлэл тархан байгаа энэ цаг үед тэд бас нэг зүйлийг онцлон анхаарлаа хандуулсан нь сошиал ертөнц. “Guys” хатлагийнхан бүгд фейсбүүк, твиттер дэх идэвхтэй хэрэглэгчид. Тиймдээ ч өөрсдийн уран бүтээл тоглолтын талаарх мэдээллийг түгээн үзэгч, фэнүүдтэйгээ цахим ертөнцөд санал бодлоо солилцон амьд харилцаатай байдаг. Тэд хийх гэж байгаа тоглолтуудынхаа өмнө сошиалд идэвхтэйгээр тухайн тоглолтын товыг зарлан хоног тоолон уран бүтээлийнхээ талаар танилцуулгыг үгтэй нь оруулан хэн хүний үзэхсэн гэдэг сэдэл, сонирхлыг өдөөж чаддаг. Өөрөөр хэлбэл цахим ертөнцөд тэд “Guys” давлагааг түгээсэн. Ямартаа ч тэдний тоглолтуудын өмнө телевиз, радиогоор реклам цацаж байгааг олж хараагүй ч тоглолтондоо танхим дүүрэн үзэгчдийг цуглуулж чадсан нь цахим ертөнц дэх тэдний давлагаа хэрхэн эзэндээ хүрч байгааг харуулж чадаж байгаагийн илрэл юм болов уу.
Тэд яавал өчигдрийнхөөс өөр байх вэ, юуг хэрхэн харуулах вэ гэдгээ хамтын хүчээр хийдэг нь “Guys”-ынхны цахим ертөнц тэдний нийтэлж буй пост, коммент бүхнээс илт харагддаг.
Гэгээн хайрын баяр буюу Валентины өдрөөр залууст зориулан эргэн нэгдэн уран бүтээлдээ орж буйгаа зарлан хотоос зайдуухан “Чингисийн өргөө”-нд “Хайрын бүжиг”тоглолтоо хийхэд тэднийг үзэхийг хамтдаа уран бүтээлээр нь амьсгалахыг хүссэндээ “Чингисийн өргөө”-гийн гадаа өвлийн хүйтэнд уртаас урт дараалал зогссонсон. Мөн тэд тоглолт цагтаа эхлэх ёстой гэдгийг энэхүү тоглолтоороо хэн хүнд харуулж чадсан. Тоглолт яг 20:00 цагт эхэлж, үзэгчэд тэд амласнаа л биелүүлсэн. Харин тоглолт ид дундаа орж байхад хамгийн сүүлийн үзэгчид танхимд орж ирж байгаа харагдсан ч хоцорсон үзэгчид тэдэнд гомдолсон сэтгэгдлийг би лав сонсоогүй. Гадаах хүйтэн жаврыг эс тоон танхимд тоглолтын уур амьсгал асаж дүрэлзсээр гурван цаг харвасан сум шиг л нисэн одсон. Харин тоглолтын маргааш үзэгчид “Guys” хамтлаг харамсахааргүй гоё тоглолтыг бэлэглэсэн шүү хэмээн цахим ертөнцөд шуугиж байсан юм.
-Тоглолтын бичлэгийг кино шиг үзэх маркетинг-
“Crocus” event hall дээр бие даасан тоглолтоо хийхдээ танхим дүүрэн үзэгчдийг цуглуулж чадсан. Тэдний хувьд маркетинг, менежмент нь цаг үеэ мэдэрсэн оновчтой байсан гэдгийг онцлон хэлмээр байна. Учир нь Гэгээн хайрын баяраар Чингисийн өргөөнд хийсэн тоглолтоо бүрэн эхээр нь IPTV дээр буюу “Univision”, “Skymedia”-д хэдхэн хоногийн дараа байршуулсныг нь дахин үзэх сайхан байсан. Энэ тухай мэдээлэл өнөөх л тэдний фэйсбүүк хуудсаар дамжигдан яригдсаар л байсан. Тиймээс л тоглолтыг нь үзэж амжаагүй хэн хүний атаархлыг төрүүлэн дараа ахиад тогловол заавал үзэхсэн гэх хүслийг улам бүр асаасан. Тэр ч утаагаараа тэдний “Crocus”-т хийсэн дараагийн тоглолт үзэгчдээр дүүрэн байсан.
Магадгүй тэд зөвхөн дурсамж тоглолтуудаа давтсаар байсан бол өнөөдөр тэднээр цангаж, тэднийг л үзэхийг хүсэх үзэгчдийн тоо цөөхөн л байх байсан биз ээ.
Тэд ч фэнүүддээ хэзээ ч гомдоогоогүй. Чингисийн өргөөнд хийсэн тоглолтоо “Crocus”-т давтаагүй. Тэд өмнөхөөс өөр ээлжит “тэсрэлт”-ийг хийсэн. Гэрлийн шоу, өгүүлэмжтэй тавилт, ар араасаа эрчлэн хурдлах тоглолтын хэмнэл тэнд байсан хэн хүний сэтнгэлийг өдөөн сэргээн байлаа. Чингисийн өргөө цогцолборт “Guys” хамтлаг эргэн ирснээ дуулган фэнүүдээ цуглуулсан бол энэхүү тоглолтондоо тэд шинэ уран бүтээлтэйгээр ирж, зуны өнгөлөг өнгийг шинэ өнгө төрх бүхий уран бүтээлүүдээрээ тодотгон байсан нь хамтлагийн нэр хүндийг өсгөсөн. Магадгүй тэд зөвхөн дурсамж тоглолтуудаа давтсаар байсан бол өнөөдөр тэднээр цангаж, тэднийг л үзэхийг хүсэх үзэгчдийн тоо цөөхөн л байх байсан биз. Тэдний тоглолтуудыг яг л шинэ кино шиг татаж үзэж байгаа талаарх яриа нэг хэсэг цахим сүлжээгээр яригдсан.
-Тэдний уран бүтээлийн философи юу вэ-
Тэд шинэ уран бүтээлүүдээрээ залууст гэрэл гэгээ, ирээдүйн сайн сайхан рүү тэмүүлэх тэмүүлэл рүү хөтлөн “Зүрх уучил”, “Good luck” хэмээн эгшиглэж энэ нийгэмд ташуур өгсөн.
“Итгэлийн гал ас
Сэтгэлийн галаас
Өөдрөг мөрөөдөлтэй хүн бүр хүслийн жигүүртэй
Бид атгана гар гараасаа
Бид бүтээнэ дэм дэмэндээ
Бидний цохилох зүрх нэг, хайраар...” хэмээн эгшиглэх тэдний дуунууд бүх л цаг үед өөдрөг өнгө аяс, хүн чанар, халуун дулаан сэтгэлийг алдаагүй. Хайр дурлалын тухай өгүүлэн дуулах нь зүрх сэтгэлийн мөнхийн чанарыг ойлгуулах мэт... Тэдний дуугаар жигүүрлэсэн л бол зогсох боломжгүйгээр нисгэх адил зүрх сэтгэлийг хөвсөлзүүлдэг нь гайхмаар...
-“Guys”дурсамж сэргээх бус шинийг туурвисаар...-
“Guys” хамтлаг дурсамж сэргээсэн тоглолтын анхдагч байснаараа эдгээр хамтлагуудад жим гарган эргэж нэгдэн уран бүтээлээ хийж болдог юм шүү гэдгийг харуулсан. Бусад нь ч үүнээс санаа авах, хаашаа явах гэж байгаагаа мэдэхгүй тэднийг дагаад ч яах вэ дээ. Өнөөдөр яагаад эргэн нэгдэж, уран бүтээлдээ орж байгаагаа тодорхой болгосны дараа дуугарах ёстой болов уу.
Тэд одоо эрийн цээнд хүрснээ зарлан дараа дараагийн уран бүтээлүүдээ туурвин илүү ихийг бүтээхийн төлөө зорьж байгаа учраас тэдний шинэ уран бүтээлийн зам тодорхой бас дардан байгаа.
"Байна уу, ээж ээ"...“Чиний зүрх сэтгэлд чинь яг одоо ээж чинь байна уу?" гэдэг асуултыг асуухын тулд энэ л дуу төрсөн мэт.
Нэгэн үеийн бусад хамтлаг дуучид бусад уран бүтээлчдийнхээ зориг зүрхийг чангалан, сэдэл өгч байгаа нь “Guys” хамтлаг ч, бусад нь энэ тухай бодох л хэрэгтэй.
Өнөөдөр үзэгчдийг хүйтэн танхимд гадуур хувцастай нь суулган хуучны хэдэн дуугаа эгшиглүүлэн авсан хэдэн төгрөгтөө тааруулах мэт хандах ч хамтлаг, дуучид цөөнгүй байгаа. Тиймээс л үзэгчид “дурсамжаар минь бага наадаач ээ. Эргэн нэгдэж байгаа бол дараа дараагийн шинэ шинэлэг бүхнээ дэлгээч” хэмээн хүсэн хүлээсээр. Урмыг нь хугалахгүй уран бүтээлээ туурвин байгаа хамтлаг, дуучид өнөөдөр хэд байгааг тоолвол гарын арван хуруунд багтах хэмжээн байгаа нь нууц биш юм. Аан, нээрэн тэд контент хэрхэн бүтдэгийг “Байна уу ээж ээ” дуугаараа бас харуулсан шүү дээ. Миний зүрх сэтгэлд миний ээж надтай хамт байна уу гэдэг өнцгөөс энэ дуу төрсөн юм болов уу. “Чиний зүрх сэтгэлд чинь яг одоо ээж чинь байна уу?" гэдэг асуултыг асуухын тулд энэ л дуу төрсөн мэт.
-Тэд мэргэшсэн уран бүтээлчид-
“Guys” хамтлагийнхан зөвхөн дуучид биш. Тэд 2001 онд СУИС-ийг драмын жүжигчин, найруулагчийн ангийг төгссөн. Мэргэшсэн уран бүтээлчид учраас тэднийг та хэзээ ч тайзнаас гудамжны хувцастай хараагүй, харах ч үгүй. Тэд хийж байгаа бүхэндээ жижиг гэлтгүй анхаарлаа хандуулж, бусдаас өвөрмөц, содон, шинэлэг, өнгөлөг, гэгээлэг бүхнийг дэлгэж чаддаг.
2008 оноос өмнө “Guys” хамтлагийнхан нэг хэсэг алга болж байгаад “тэсрэлт” хийж гарч ирдэг гэсэн тодотголтой байсан. Тэд зургаан жил хамтлагийнхаа уран бүтээлд завсарлага авахдаа урлагаас хөндийрөөгүй. М.Мягмар кинонд түүхэн дүр бүтээн, Төгсөө олон ангит бүтээл дээр ажиллан, Лхагваа дэлгэцийн бүтээл өлгийдөн авч, Уугий урлагийн салбарт арын албанд ажилласан. Тэд эргэн “тэсрэлт” хийж гарч ирсэн ч дахин алга болж болохгүй шүү гэдгийг дараа дараагийн шинэ уран бүтээл цомог, тоглолтуудаараа харуулсаар байгаа.
-Аль цаг үед тэд “худалдагдаагүй” бор зүрхээрээ зүтгэсэн-
“Guys” хамтлагийнхан аль ч нийгэмд хэн нэгний ивээлд багтан намын үзэл бодлыг дуулаагүй. Тэд өөрсдийнхөө л уран бүтээлийг дуулан хэнд ч худалдагдаагүй бор зүрхээрээ зүтгэсэн. Ганцхан урлаг л өнөөдрийн Монголын нийгэм гэдэг үертэй голын өөдөөс сөрж явж байгаа мэт. Тэр голд хог, булингар тэр бүү хэл булгийн ус хүртэл холилдчихсон яваа. Тэд өнөөдөр энэ л голын урсгалыг сөрөн урлагийнхаа төлөө сонсогчдодоо дуугаараа гэрэл гэгээ түгээж, сайн сайхныг харах сэдэл төрүүлчих юмсан гэсэн чин хүслээ уран бүтээлдээ шингээн байгаа.
Ганцхан урлаг л өнөөдрийн Монголын нийгэм гэдэг үертэй голын өөдөөс сөрж яваа
“Guys” хамтлагийнхан тоглолтынхоо тодорхой хувийг буюу нэг сая төгрөгийг нярайн тасгийг тохижуулахад зориулж нийгмийн хариуцлагаа ухамсарлаж байсан. Энэ ажил ч нэг удаагийнх байгаагүй. Тэд хамтлагийнхаа гишүүн Лхагваагийн өлгийдөн авсан “Мухар гудамж” киноны үеэр киноны тасалбарын 500 төгрөг бүрийг Амин-Эрдэнэ гэдэг охины зүрхний судасны хагалгаанд зориулан нийгмийг сайн сайханд уриалж байсан. Хүн өнгөтэй өөдтэй явахынхаа хэрээр хажуудаа байгаа нэгнийгээ тэтгэж, урам хайрлаж байх хэрэгтэйг хэн хүнд тэд харуулж чадсан.
-Тэдний өмнөөс тоо бодох хэрэггүй-
Хамтлаг, дуучид тоглолтоо хийхээр зарим хүмүүс тооны машин гаргаж ирээд л тэдний өмнөөс орлого зарлагыг нь тооцон гаргаж шоугаараа ийм ашиг хийж байна “мөнгөний араас явлаа” гэж шүүмжилдэг. Гэхдээ өнөөдөр өглөө 08:00 цагаас 17:00 цаг хүртэл ажлаа хийгээд цалингаа аваад явж байгаа хүмүүстэй нэгэн адил урлагийнхан өдөр тутамдаа уран бүтээлээ хийн хэсэг хугацааны дараа тэрхүү боловсруулсан зүйлсээ нийтэд дэлгэн шимийг нь хүртдэг. Тэглээ гээд ажлын найман цагтаа иргэд мөнгөний төлөө үхэн хатан зүтгэж байна даа хэмээн хэн ч шүүмжилдэггүй шиг тэдний бүү шүүмжил. Хийж бүтээж байгаа нэгнээ ч гэсэн энэ л өнцгөөс хармаар байгаа юм. Урлагийнхны уран бүтээл илүү олон хүнд зориулагдсан, хариуцлага өндөртэй байдаг гэдгийг ухамсарлах л хэрэгтэй болов уу. Тэд хийсэн бүтээснийхээ шимийг л хүртэн байгаа.
Улсын бүртгэлийн албан дээр нэрээ баталгаажуулж албан ёсоор авсан анхны хамтлаг бол “Guys”
Улсын бүртгэлийн албан дээр нэрээ баталгаажуулж албан ёсоор авсан анхны хамтлаг бол “Guys”. Би энэ талаарх мэдээллийг тэдний пэйжээс үзээд бахархах сэтгэл төрсөн юм. Тэд “Guys” хамтлаг гэдэг нэрээрээ регистрийн дугаартай аж ахуйн нэгж болж, албан ёсоор татвараа төлдөг компани юм. Тэдний хийж байгаа ажил урлаг, явж байгаа бизнесийн скем нь компанийн схемтэй учраас тэд хийсэн ажлаа тайлагнан төлөх ёстой татвараа төлдөг. Тиймээс тэдний өмнөөс тоглолтынх нь суудлыг тоолон IPTV-ээр үзсэн контентыг нь тоолон тоо бодох хэрэггүй. Хэрвээ урлагаа бизнес болгоод явъя л гэж байгаа бол хүссэн хүсээгүй энэ замаар орох юм. Тиймээс л хамтлаг дуучид зорилгоо зөв тодорхойлон тэдний жишгээр дараа дараагийн алхмуудаа хийх цаг хэдийнээ болжээ.
-18 өнгө төрх ба шинэ цомог-
Тэдний хийж байгаа уран бүтээл бүрээс “Guys” гэдэг брэнд үнэртэн байдаг. Тэд хамтлагийнхаа нэрийг брэнд болгож чадсан. Хамгийн сүүлд гаргасан “Best Of Guys” цомог гэхэд л жийнсэн өмдний карма шиг савтай гээд олон шинэ содныг өөртөө шингээсэн. Тэд үүгээрээ хийж байгаа уран бүтээл бүрээ хэзээ ч хуучрашгүй элэгдэх тусмаа үнэ цэнэтэй байдаг, төрийн тэргүүнээс эхлээд бяцхан үрс хүртэл гоёдог жийнстэй зүйрлэсэн. Тиймдээ ч өнөөдөр энэхүү цомгоос “Guys” хамтлагийн 18 жилийн туршлагыг амьдрал, хайр, аз жаргалын тухай өгүүлэх 18 өнгө төрхөөр мэдэрсэн.
Хэдийгээр тэд 18 жилийн уран бүтээлээ энэхүү цомгоороо тайлагнасан ч тэднийг өнөөдөр эрийн цээнд хүрэн хэдийнээ бие хүн болсон гэж харж байгаа.
“Сонс, мэдэр, жарга” хэмээх уриатайгаар өнгөрсөн жил гаргасан энэ цомог өнөөдөр ч “Hi-Fi”-д борлуултаараа тэргүүлсээр байгаа нь тэдний уран бүтээлийн чанар чансааг илэрхийлэн байгаа. Хэдийгээр тэд 18 жилийн уран бүтээлээ энэхүү цомгоороо тайлагнасан ч тэднийг өнөөдөр эрийн цээнд хүрэн хэдийнээ бие хүн болсон гэж харж байгаа. Тэр ч утгаараа тэд энэ л өнцгөөсөө хийж байгаа ажлаа урлаг, бизнес амьдрал болгон одоо л бүхнийг эхлүүлж байгаа гэж харж болно.
-20 жилийн ойн бэлтгэл-
Ирэх жилийн арваннэгдүгээр сард “Guys” хамтлагийн 20 жилийн ой тохионо. Тэд ойдоо зориулан дэлгэцийн шинэ уран бүтээл, дэлхийн улс орнуудад байгаа монгочлууддаа аялан тоглолтоо хүргэхээр олон ажлуудыг шат дараалалтай хийж байгаа аж.
Би “Guys” хамтлагийн пэйж хуудсаар зочлох дуртай. Тэндээс л илүү их мэдээллийг аван дараагийн шинэ бүхнийг нь тэсэн ядан хамтдаа хоног тоолон хүлээдэг.
Шоу бизнес бол хүний сонирхлыг хэр зэрэг татаж, тэр нь хэрхэн сэтгэл зүрхэнд нь үлдэж чадаж байгаагаар томьёологддог урлаг гэдэг. Өнөөдөр гадуур болж байгаа тэр олон тоглолтуудын ард үзэгчид “сайхан боллоо” гэдэг үгийг хэлдэг ч үнэхээр мартагдашгүй, дахин үзэх юмсан гэсэн өдөөлт, хүлээлт хэдэн тоглолтын ард үлдэн өнөөдрийг хүртэл уяатай байгаа бол...
“Хайрын дурлалын минь дуунд чи бүжиглээч
Намайгаа чанга тэврээч
Би чиний дэргэд байна намайг үнсээч...” хаврын улиралд сэтгэл гэгэлзүүлсэн эдгээр мөртүүд одоо ч миний гар утсанд эгшиглэсээр...
Харин тун удахгүй тэд биднийг шинэ хайраар хөглөнө.