Х.Батсуурь: 250 саяас доош орлоготой байгууллагууд НӨАТ төлөх шаардлагагүй

Эдийн засаг ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 05 сар 02

НӨАТ-ын хуулийн хэрэгжилт, буцаан олголтын зарим асуудлаар Эдийн засагч, судлаач Х.Батсуурьтай 

ярилцлаа. 

 

-НӨАТ-ын тухай хууль хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө. Гэсэн ч энэ хуулийн хэрэгжилт төдийлэн хангалттай хэрэгжихгүй байна гэж иргэд шүүмжилж байна. Ер нь энэ хууль хэр өгөөжтэй хууль гэж эдийн засагч хүний хувьд харж байна вэ? 

-НӨАТ гэдэг бол үндсэндээ бол манай улсын эдийн засгийн онцлогт төдийлэн сайн тохирсон татварын хэлбэр биш л дээ. Яагаад гэвэл нэмүү өртөг шингэсэн албан татвар гэдэг утгаараа эцсийн дүндээ НӨАТ-г хэрэглэгч төлдөг. Хоёрдугаарт, нөат-ын нэг онцлог нь бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрлэл хөгжсөн бүтэц бүхий эдийн засагтай улс орнуудад ашигтай байдаг татварын төрөл юм. Өөрөөр хэлвэл, Засгийн газрын хувьд үйлдвэрлэлд хяналт тавих, тэр дундаа үйлдвэрлэлийн дамжлага явагдаж буй процессыг хянах онцлогтой татварын төрөл. Гэтэл манай улсад хэрэгжээд нилээд удаж буй НӨАТ-ын энэ төрөл нь өндөр хөгжилтэй улс орнуудад мөн хэрэглээ ихтэй улсуудадхамгийн ашигтай байдаг татвар юм. Жишээлбэл, Франц, Англи мэтийн өндөр хөгжилтэй улс орнуудад НӨАТ нь улс орных нь нийт татварын орлогын 50 орчим хувийг бүрдүүлдэг. Манай улсын хувьд ч ялгаагүй улсын татварын орлогын 30 хувийг бүрдүүлдэг онцлог бүхий татвар юм. Мөн татварын төрлүүдээс улсын орлогод хамгийн их орлого төвлөрүүлдэг төрөл юм. 

Гэтэл манайд хэрэгжиж буй шинэ татварын систем нь бага дунд орлоготой иргэдэд ихээхэн дарамт болсон систем болж хувирсан байна. Учир нь энэ систем нь хэт хавтгайруулсан нэг хэмжээний татвар авч байгаа. Жишээлбэл, сая төгрөгний орлоготой байлаа гэхэд үүнийхээ 10 хувь буюу 100 мянган төгрөгийг татварт төлнө. Гэтэл 10 сая төгрөгийн орлоготой иргэд ч ялгаагүй 10 хувь буюу 1 сая төгрөгийн татвар төлж байгаа 10 хувь гэдэг НӨАТ бага орлоготой иргэдэд маш их дарамт болж, өндөр орлоготой иргэдэд дарамт болох нь бага байдаг. 

Ер нь нөат нь эдийн засгийн хөгжлийн үүднээс харах юм бол илүү уян хатан шаталсан байх ёстой. Өөрөөр хэлвэл, тансаг хэрэглээний бараанд нөат өндөр буюу 15-20 хувь байх ёстой харин тансаг бус худалдан авалтад 5хувиар зохицуулбал баялагийн хувиарлалтад эерэг дүн авчирна. Харин тэр чигээр нь бүгдэд нь 10 хувь ногдуулж буй нь шударга бус юм. 

-НӨАТ-г хэрэгжүүлдэг улс орны туршлагууд ямар байдаг юм бэ?

-НӨАТ хэрэгжүүлдэг бусад улс орны хувьд уг татварыг хүн болгоноос авдаггүй. Өөрөөр хэлвэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс болон хүн бүрээс татвар авдаггүй. Бусад тансаг зэрэглэлийн хэрэглээнээс татвар авдаг. Дээр хэлсэнчлэн шаталсан системээр татвараа цуглуулдаг гэсэн үг. 

-Манай улсын өмнө нь өргөн хэрэглээний бараанаас татвар авдаггүй байсан биз дээ?

-Үнэндээ яг ч тийм биш л дээ. Жижиг дунд бизнесүүд нөат гэж төлөхөөс илүүтэй тодорхой хэмжээний татвар буюу тогтмол төлбөр төлж бизнесээ явуулдаг байсан. Тэд татварын тайлан өгдөг боловч нөат төлдөггүй байсан. Одоогийх шиг орлогоосоо бус тогтмол төлдөг байсан. Энэ их зөв систем байсан. Үүнийг энэ он гарснаас хойш өөрчилж, бизнес хийж байгаа АНН бүр буюу хүн бүр татвар төлдөг системд шилжсэн. Энэ нь маш буруу юм. Ялангуяа орлогоос нь хамаарч татвар авдаг энэ шинэ систем нь иргэдийг ямарч орлоготой байсан хамаагүй ижил татвар төлдөг дарамтыг бий болгосон. Энэ нь жишээлбэл, жижиг үсчин, тохиролцооны дэлгүүрүүд, худалдааны захууд дээр ажилладаг худалдаачид бүгд л нөат төлөх хэрэг гарч байгаа юм. Мэдээж, энэ нь 1000 төгрөгөөр зарж буй барааг 1100 төгрөгөөр зарж байж орлогоо хэвийн олоход хүргэж байгаа юм. Өөрөөр хэлвэл, нөат 10 хувийн татварыг хүн бүр төлдөг болсноос хойш миний судалснаар захын хороололууд болон жижиг бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнийхээ үнийг 20-50 хувь өсгөх шаардлага гарч нэмсэн байгаа юм. Ойрын жишээ дурдахад л миний үсээ засуулдаг үсчин үндсэн тариф дээрээ 3000 төгрөг нэмчихсэн байгаа юм. Энэ нь тэднийг нөат төлөхөөс аргагүйд хүргэсэн учраас үнээ өсгөж, эцэст нь иргэд эцсийн хохирогч болж байгаа юм. Мөн барааныхаа үнийг нэмснээр АНН-үүд хохирно. Иймд өндөр хөгжилтэи туршлагатай улс орнууд өргөн хэрэглээний бараа, ЖДҮ-ийн бизнес эрхлэгчдийг нөат-аас чөлөөлдөг нь ийм учиртай. Харин тансаг хэрэглээний бараан дээр татвар тавьж орлогын хувиарлалтыг тэгшитгэдэг зарчимтай. 

-Тэгвэл татварын орлогын ихэнхийг бүрдүүлдэг НӨАТ хэрэгжээд улс оронд хэр өгөөжөө өгсөн юм бол?

-НӨАТ-н шинэ систем бол манай улсад сөрөг үр дагавар үзүүлсэн гэхэд болно. Нэгдүгээрт, бараа бүтээгдэхүүний үнийг 20-50 хувь өсгөчихлөө. Хоёрдугаарт, татварын хувийг өсгөлөө гээд татварын орлого өсөөгүй. Харин улсын төсвийн татварын орлого нэгдүгээр улирлын байдлаар 260 тэрбумаар багасч алдагдалтай гарсан. Иймд, нөат-н систем сөрөг дүн авчирч буй учраас 250 саяас доош орлоготой байгууллагууд нөат төлөх шаардлагагүй юм. Тэгвэл эдийн засагт эерэг үр дүн авчирна гэж тооцож байна. 

-Хэрвээ НӨАТ-н системийг ялгавартай тооцвол эдийн засагт гарз гарахгүй биз дээ?

-Тийм, нөат-н системийг шаталсан системээр хэрэгжүүлж,орлогын хувиарлалтын тэгш болгох механизм юм. Өөрөөр хэлвэл,  хэт орлого олдог АНН-үүдийн нийгэмд оруулах хувь нэмэр их болох юм. 

-Гэвч юм бүхэн хоёр талтай гэдэг дээ. Эдийн засгаа бодохоор бага дунд орлоготой иргэдийг татвараас чөлөөлөх хэрэгтэй гэж байгаа ч жижиг дэлгүүрүүдээс үйлчлүүлдэг иргэд нөат-н буцаан олголт авах сонирхол их байх юм. Энэ тухайд?

-Би тэгэж бодохгүй байна. Хэрвээ тэр жижиг дэлгүүрүүд нөат төлвөл бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмнэ шүү дээ. Угтаа бол энэ систем нь татвар нэрээр жижиг дунд бизнес эрхлэгчидээ иргэдээр дамжуулж шахах хөшүүрэг юм. Юу гэсэн үг вэ гэхээр иргэд ЖДҮ бизнес эрхлэгчдээс нөат нэхнэ, тэд нөат төлөгч болж бүртгүүлэхээр программ худалдаж авна. Мөн нөат-н кассын машин 1.2-2 сая төгрөг болно. За тэгээд программдаа сар бүр хураамж төлнө. Нөгөө талаар нөат-н системийг хэрэгжүүлэх ажилд хувийн компаниуд кассын машин программ нийлүүлж буй учир тэдгээр компаниуд хэрэгжүүлэх хувийн сонирхол бол маш их байна л даа. Тэгээд энэмэтчилэн иргэдийн шахалтаар нөат төллөө гэхэд бараа бүтээгдэхүүний үнэ өснө. 

-Өндөр дүнтэй сугалааг хэр цагаа олсон гэж бодож байна?

-НӨАТ-н сугалаа бол ердөө л энэ ажлыг жигдрүүлэхийн тулд авч буй түр зуурын арга хэмжээ. Түр зуур иргэд мөнгө хожиж байна гээд бодоод явж байтал тогтворжоод ирэхээр дахиж сугалаа явахгүй шүү дээ. 

-Бусад НӨАТ хэрэгжүүлдэг улс орнуудад сугалаа зохион байгуулж байсан удаа байдаг юм болов уу?

-Байхгүй. Яахав бусад оронд татварын буцаалт өгдөг өөр систем бий. Жишээлбэл, АНУ-д та жилд хэдэн төгрөгийн татвар төлөх ёстойгоос хэдийг нь төлсөн, хэдийг нь илүү төлснөөс шалтгаалж зөрүүг буцаан олгодог систем бий. Гэвч манайд ийм систем хөгжих болоогүй байна. 

-Татварын ерөнхий газар гэдэг  төрийн байгууллага. Хувийн компанитай адил хонжворт сугалаа зарлаад байж болдог юм уу?

-Энэ бол хөшүүрэг. Бодит юм биш. Сугалаа зарлаж байна гэдэг маань жижиг дунд бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэдээс баримт нэхэхийг л шаардаж байгаа асуудал. Жижиг дунд бизнес эрхлэгчдээ дарамталж байгаа хар механизм. НӨАТ-ыг шинэ аргачлалаар хэрэгжүүлж байгааг харахад үндсэн хоёр асуудал байгаа юм. Нэгдүгээрт татварын орлогыг нэмэгдүүлнэ гээд байгаа. 30 мянган аж ахуйн нэгж НӨАТ-ыг шинээр төлдөг болох нөхцөл байна гэсэн тооцоо гарсан. За яахав. Энэ тийм байдаг байж. Хоёрдугаарт, хүмүүс ажиглаагүй нэг асуудал явж байгаа нь НӨАТ-ыг хэрэгжүүлэхэд төсвөөс асар их зардал гарч байгаа. НӨАТ-ыг хэрэгжүүлэх дэд бүтцийг нь хувийн компаниуд хийнэ гэж байгаа. НӨАТ-ыг хариуцаж хяналт хийж байгаа хэсгээ хувьчилна гэсэн сураг ч байгаа. Тодорхой бизнесийн бүлэглэлийн ашиг сонирхлын асуудал явагдаж байгаа байж болох юм.

-Иргэдэд хоёр хувийг нь буцааж олгох гээд байгаа юм бол худалдан авалтын үнийн дүнгээсээ хасчихаж болдоггүй юм уу?

-Тэгвэл бараг төвөг чирэгдэл гарахгүй амар байхсан. Гэхдээ хоёр хувийн асуудал маань түр зуурын хөшүүрэг байгаад, цаашдаа алга болохыг үгүйсгэхгүй. Сонгуулийн сурталчилгаа ч байж болно. Эцэст нь хэлэхэд 50 сая ч биш 200 саяас дээш орлоготой аж ахуйн нэгжээс НӨАТ авах ёстой. Ингэж байж эдийн засагт эерэг үр дүн авчирна. Тэгэхгүй бол эцсийн дүндээ хэрэглэгчид л хохирч, ачааг нь үүрч байгаа юм.

-Жилийн эцсээр татварын хэлтсүүд хоёр хувиа буцаан авах гэсэн иргэд, аж ахуйн нэгжийн хөлд дарагдах нь. Манай улсад нэг дор тэр их мөнгийг жилийн эцсээр олгох чадамж бий юу? 

-НӨАТ-ын шинэ системийг хэрэгжүүлэхдээ дэд бүтцээ бүгдийг нь гүйцэд шийдээгүй байсан нь иймэрхүү олон асуудал дагуулна. Одоо интернэт сайт нь ажиллахгүй, ачааллаа дийлэхгүй байгаа л гэнэ. Жилийн эцэст нэг дор энэ их мөнгийг иргэн бүрт өгнө гэдэг асуудалтай л даа. Ялангуяа татварын орлого алдагдалтай гарч байгаа эдийн засаг хямралтай үед тийм мөнгөний зохицуулалт хаана байгааг мэдэхгүй юм.  Дэд бүтэц нь бүрэлдээгүй байхад ийм шинэ системийг оруулж ирэх нь үндсэндээ буруу байсан.

Ж.ЭРДЭНЭ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх