Урлаг
・Нийтэлсэн:
Хөхөө
・
2016 05 сар 05
Эх орондоо сонгодог урлагийг түгээн дэлгэрүүлэгч "Монгол улсын филармони" энэ тавдугаар сард "Хүүхдийн ертөнц" төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Энэ талаар тус байгууллагын маркетингийн албаны дарга Б.Билгүүнтэй ярилцлаа.
-Монгол улсын филармоний хэрэгжүүлж байгаа “Хүүхдийн ертөнц” төслийн гол нь зорилго юу вэ?
-Улсын филармонийн бүх нийтийн хөгжмийн боловсролыг дэмжих “Хөгжим” хөтөлбөр гэж байдаг. Энэхүү хөтөлбөрийнхөө хүрээнд Монгол улсын иргэн бүрт хөгжмөөр дамжуулан урлаг, гоо зүйн боловсролыг олгох, хөгжмийн урлагийн сайхныг мэдрүүлэх, үнэ цэнийг ойлгуулах зорилготойгоор зургаан төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Эдгээр төслийн маань дөрөвдэхь төсөл энэ тавдугаар сард хэрэгжүүлж буй “Хүүхдийн ертөнц” зорилтод төсөл юм. Энэхүү төсөл маань яагаад зөвхөн хүүхдүүдрүү чиглэж байгаа юм бэ гэхээр хүүхдүүдийг багаас нь хөгжмийн урлагаар хүмүүжүүлэх, хөгжимд хайртай болгох нөгөө талаас бид ирээдүйн үзэгчдээ бэлтгэх мөн хөгжмийн зэмсгүүдийг хүүхдүүдэд танилцуулах гэсэн тодорхой зорилгын дагуу уг төслөө хэрэгжүүлж байгаа.
- Энэхүү төслийн хамгийн эхний тоглолт “Танил ертөнц” буюу дэлхийн шилдэг хүүхэлдэй киноны хөгжмийн тоглолт тавигдах гэж байна. Яагаад заавал хүүхэлдэйн киноны хөгжмүүдийг сонгож тоглохоор болсон бэ?
- Манай тоглолтонд гоцлож “Баянмонгол” чуулгын жазз найрал хөгжимчид тоглож байгаа. Энэхүү чуулга бол улсаас цор ганц санхүүждэг страд чуулга юм. Дэлхийн шилдэг хүүхэлдэйн кинонуудын өнгө аясыг харж байхад ерөнхийдөө страд талруугаа симф жазз төрлийн хөгжмүүд байдаг. Тэгэхээр бид хамгийн гол нь хүүхдүүдэд сонирхолтой байх үүднээс дэлхийн шилдэг хүүхэлдэйн киноны хөгжмийг сонгосон байгаа.
- Тоглолтонд оролцох уран бүтээлчдийн талаар дурьдвал?
- “Баянмонгол” чуулга бүрэн бүрэлдхүүнээрээ оролцоно. Удирдаачаар МУУГЗ Б.Ганбат ажиллаж байна. Мөн "Монгол улсын филармон"-ы гоцлол дуучид СТА Б.Дэлгэрбаяр, СТА П.Өнөржаргал Б.Солонго нар оролцоно.
- Энэ тавдугаар сард “Хүүхдийн ертөнц” төслийн хүрээнд гурван тоглолт зохиогдоно. Дараагийн хоёр тоглолт ямар тоглолтууд байна вэ?
- Тавдугаар сарын 28-нд Ардын жүжигчин Ц.Намсрайжав, Ч.Нянгар хоёрын зохиол “Хувдай ишигний паян” симфони үлгэрийг тоглоно. Энэхүү симфони дан ганцхан симфони найрал хөгжим биш давхар хүүхдийн жүжиглэлттэй симфони тоглолт болно. Харин тавдугаар сарын 31-ны өдөр “Морин хуурын чуулга”-ын “Амьтадын ертөнц” хөгжмийн концертыг тоглохоор төлөвлөөд байна. Энэ тоглолтын онцлог нь амьтдын дуу авиа төрөлх чанарыг хөгжмийн эгшгээр гарган тоглохоороо онцлог юм.
- Монгол улсын филармоны хувьд ийнхүү тавдугаар сар хүүхэдрүү чиглэсэн тоглолтоор дүүрэн байх юм байна. Харин ирэх саруудын хувьд яг үүн шиг тусгайлсан ямар нэгэн төлөвлөгөө бий юу?
- Сар болгонд тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөсөн байгаа. 2016 оныг дуустал манай Филармони долоо хоног бүр тоглолттой байгаа. Харин ирэх саруудад буюу зургаа долдугаар саруудад жуулчдад зориулаад “Монголын сайхан орон” төслийг хэрэгжүүлэх юм. Төслийн хүрээнд мөн адил гурван оркестрын тоглолтууд тоглогдоно. Бидний баримталдаг гол зарчим бол хөгжмийн урлаг сонсогчдод ямар гарцаар хүрч болохоор байна тэр болгоноор л бид хөгжмийн урлагийг түгээхийг эрмэлзэж ажиллаж байна.
- Монголын сонгодог урлаг сонсогчид, сонирхогчдын хүрээлэл хэр их байдаг юм бол. Сонгодог урлаг сонирхогчдод хандан хэлэхэд?
- Сүүлийн жилүүдэд сонгодог урлагийг сонсогчид их нэмэгдэж байна. Дэлхийн хэмжээнд сонгодог урлаг хэдийн дээд түвшинд хүртэл хөгжсөн бол Монголд сүүлийн жилүүдэд илүүтэй хөгжиж тэр хэрээр үзэгчдийн тоо нэмэгдэж байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Үүнд Монгол улсын филармони хэмээх байгууллага маань үнэтэй хувь нэмэрээ оруулж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.
- Танай байгууллагын алсын болоод ойрын зорилго юу байна вэ?
- Ойрын хугацаанд бид Улсын филармоны концертын их танхимыг дижитал концертын танхим болгохоор төлөвлөж байна. Мөн манайд болж байгаа тоглолт, үйл ажиллагаануудыг вэб сайтаар дамжуулан шууд үзэгчдэд хүргэхийг зорин ажиллаж байна.
- Ярилцлагын төгсгөлийг таньд үлдээе?
- Тавдугаар сард зохион байгуулагдаж байгаа “Хүүхдийн ертөнц” төслийн хүрээнд эцэг эхчүүдэд хандан хэлэхэд та бүхэн хүүхдүүдийнхээ хөгжмийн боловсрол, ирээдүйн төлөвшилд нь онцгойгоор нөлөөлөх хөгжмийн урлагийг сонирхож хүүхэдтэйгээ хамтдаа ирж манай тоглолтуудыг үзээрэй. Анги хамт олноороо ирсэн тохиолдолд манайх хөнгөлөлт үзүүлж байгаа гэдгийг мөн дуулгая.
Ярилцсанд баярлалаа
www.Urlag.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.