“Үнсье”, “Хөөрхөн Бурмаа”, “Илчилж амжаагүй хайр”, “Хайраа олсон” зэрэг олон сайхан уран бүтээлтэй хамтлаг бол “Дурсамж”-ийнхан. Хүнээр бол эрийн цээнд хүрч, иргэний үнэмлэх авах 16 нас хүрч буй тэд “Илчилж амжаагүй хайр” хоёр дахь бие даасан тоглолтоо хийхээр бэлтгэлдээ оржээ. “Хамтлаг гэдэг хамтаараа лаг байхын нэр. Гэхдээ үзэгч, сонсогчгүй бол уран бүтээлчид хэн ч биш. Тиймээс бид 16 насны төрсөн өдрөө үзэгчидтэйгээ хуваалцахыг хүссэн” хэмээн “Дурсамж” хамтлагийн ахлагч Б.Бат-Оргил ярилаа. Тоглолтын нууцаас задлахад, тоглолтод “Madness”, “Mr.dogs” гээд нэгэн үеийн шилдэг хамтлагийнхан оролцох аж. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Хамтлаг байгуулагдаад хэдийнэ 16 жилийг ардаа үджээ. Хэсэг хугацаанд уран бүтээлээ завсарласан нь ч бий. Харин одоо “Илчилж амжаагүй хайр” тоглолтоор эргэн ирж байна. Тиймээс тоглолтын мэдээллээр яриагаа эхлүүлэх нь зүйтэй болов уу?
-Өнгөрсөн хугацаанд ар гэр, ажил албаа төвхнүүлэх гээд уран бүтээлээсээ түр завсарласан. Гэхдээ бид урлагаасаа хөндийрөөгүй. Мэргэжил нэгт ах эгч, найз нөхдийнхөө уран бүтээлд гар бие оролцож, видео клип, продюсер хийх зэргээр арын албанд ажилласан. Энэ жил “Дурсамж” хамтлагийн 16 жилийн ой тохиож байна. Хүнээр бол иргэний үнэмлэх авах насанд хүрлээ. Найз нөхөд, гэр бүл, сонсогчдынхоо хүсэлтээр “Илчилж амжаагүй хайр” тоглолтоо өргөн барих гэж байна. Гэхдээ ганц өдөр тоглолт хийсэн болоод өнгөрөхийг хүссэнгүй. Дан шинэ дуунаас бүтсэн цомог гарах төдийгүй бүтээлүүдээ дүрсжүүлнэ. Тоглолтын бэлтгэл ажил хангагдаад ерөнхийдөө дуусч, дуу, бүжиг, жүжиг хосолсон зохиомжит тоглолт хүргэхээр найруулгын тал дээр түлхүү анхаарч ажиллаж байна.
-“Дурсамж” нэрний учир, утгыг асуумаар байна?
-Хүн амьдралынхаа туршид дурсамж бүтээдэг. Тиймээс хүмүүсийн сайн сайхан, магадгүй мартахыг хүсдэггүй дурсамжинд хамт байхыг билэгдэж өгсөн. “Үнсье” дууг сонсоод хэн нэгний жаргалтай дурсамж сэдэрдэг байхад “Илчилж амжаагүй хайр” дууг сонсоод тэр нэгэн бүтээгүй дурлалаа санадаг байх.
-Хамтлаг байгуулагдсан түүхээс эргэн дурсвал?
-Багадаа Монголын хүүхдийн ордны дуулаачийн дугуйланд явдаг,“Эрин зуун” гээд хамтлагтай байсан. Кино урлагийн дээд сургуульд ороод Төрөөтэй танилцаж, дуулах хүсэл сонирхолтой нэг ангийн найзууд хамтлаг байгуулсан нь “Дурсамж”. Уг нь бид бүгд найруулагч мэргэжилтэй.
-Анхны юм бүхэн дурсамж болон үлддэг. Анх тайзан дээр гарч байх үеийн сэтгэгдлээс хуваалцаач?
-Анх тайзан дээр гарахад хамаг бие салгалаад гар, өвдөг гээд чичрэхгүй юм байгаагүй. Хүн бүр намайг хараад байгаа юм шиг мэдрэгдээд л. Гэхдээ сүүлрүүгээ гар, хөл гээд хоолойны чичиргээ хүртэл арилчихдаг юм билээ. “Ертөнцийн гурван хөөрхөн” анхны бие даасан тоглолтоо УБ паласт хийж байсан юм. Бидний төсөөлж байснаас ч их хүн ирсэн. Үзэгчдийн суудал дүүрчихсэн. Шатан дээр зогсоогоороо хүртэл үзэж байсан. Их л сайхан байсан даа.
-Хөвгүүдийн хамтлагийн сонсогчид ихэвчлэн охид байдаг. Фэнүүдтэй холбоотой хөгжилтэй зүйл их тохиолдоно биз?
-Гарна. Хайрын захиа их авдаг байлаа. Манай хамтлаг нэг хэсэг МАСЗХ-гоор овоглон, хөдөө, орон нутгаар аялан тоглолт их хийдэг байсан. Тэр болгонд тоглолтын дараа танилцъя гэнэ, болзоонд урина, бэлэг өгнө. Тэр хүндээ л нандин байсан юм шиг байгаа юм. Захиатай хамт хөзөр ирж байлаа. Бэлгэнд наполеон торт хүртэл авч байлаа шүү дээ.
-Одоогоос 16 жилийн өмнөх “Дурсамж”-ийнхан юу хүсч, мөрөөддөг байсан бол?
-Өөрсдийн гэсэн студитэй болж, студидээ уран бүтээлээ туурвина гэж ярьдаг байсан. Үүнийхээ үзүүрээс бага ч атугай атгаж, Төрөө бид хоёр тус тусын дуу бичлэгийн студитэй болсон байна.Мэдээж үүнээс цааш олон олон уран бүтээл гаргана гэж төлөвлөж байна. Урьдынхаасаа илүү шаргуу ажиллая гэж бодож байгаа шүү.
-“Дурсамж” хамтлагийн клип хошин өнгө аястай. Үүгээрээ ч бусдаас ялгардаг. Танайхны мэргэжилтэй холбоотой юм болов уу?
-Тийм шүү. “Панасоник” электрониксийн захирал Болдоо ах тухайн үед бидэнд студи байгуулж өгснөөр өөрсдөө клипээ хийдэг болсон. Тухайн үед клипээ өөрсдөө хийдэг хамтлаг байсангүй. Одоо ч ховорхон. Тэр үеэс бид хамтлагийнхаа өнгө төрхийг хошин өнгө аясаар тодорхойлж эхэлсэн л дээ. Уул ус, цэцэг навч дуулбал тэрнийх нь л дүрс гардаг байсан бол “Үнсье” дууны клип гарснаар үүнийг эвдэж, үзэгчид ч сайхан хүлээж авсан. “Өө клип байсан юмуу, богино хэмжээний кино гэж бодлоо” гэх зэргээр хүмүүс хэлдэг байсан.
-Одоо яах бол?
-Энэ стилиэ алдахгүй. Уйлуулна, инээлгэнэ.
-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ. “Илчилж амжаагүй хайр” дуугаа шинээр бичүүлж байгаа юм билээ.
-Тийм. Дуугаа бичүүлчихсэн. Клипний ажил хийгдэж байгаа. Энэ зун сонсогчдоо шинэ уран бүтээлээр бөмбөгдөхөөр шинэ цомгийн ажлаа эхлүүлчихсэн явж байна.Ирэх арваннэгдүгээр сард том хэмжээний тоглолт хийнэ.
ХАМТЛАГИЙН АЛБАН ЁСНЫ ПЭЙЖ ХУУДАС
https://www.facebook.com/Dursamj-hamtlag-894078997295615/?fref=ts
Эх сурвалж:
www.assa.mn