Төгрөгөөр авдаг хэдийнх нь худалдан авах чадвар “шалдаа” буув

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 11 сар 02

Долларын ханш бага багаар нэмэгдэж, төгрөгийн ханш суларч байна. Өнөөдрийн байдлаар ам.доллар 1862.36, юань 304.81 төгрөгтэй тэнцлээ. Харин арилжааны банкуудын хувьд ам. долларыг 1861 төгрөгөөр авч, 1872-өөр зарж байна. Харин найман шарга валют худалдааны төв өнгөрөгч арвандугаар сарын 31-ны өдөр долларыг 1867 төгрөгөөр авч, 1870 төгрөгөөр зарав. 

Өдрөөс өдөрт бага багаар нэмэгдэх долларын ханш ард иргэдийн халаасыг улам нимгэрүүлж буй. Өнгөрсөн долоо хоногт тогворжиж байсан хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгджээ. Өнгөрөгч аравдугаар сарын 29-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 1.7 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.7 хувиар өсчээ.

Махны дундаж үнэ: хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 7.1 хувь, үхрийн ястай махны үнэ 0.1 хувь, адууны махны үнэ 4.9 хувь, ямааны махны үнэ 6.4 хувиар буурч, үхрийн цул махны үнэ 1.9 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулбал хонины ястай махны үнэ 2.1 хувь, үхрийн ястай махны үнэ 1.8 хувиар өссөн бол үхрийн цул махны үнэ 0.5 хувь, адууны махны үнэ 1.4 хувиар буурч, ямааны махны үнэ өөрчлөлтгүй байна.

1 кг хонины /ястай/ мах дунджаар 5940 төгрөг, үхрийн /ястай/ мах 7630 төгрөг, үхрийн цул мах 9585 төгрөг, адууны мах 5390 төгрөг, ямааны мах 5265 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 3.3 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 0.5 хувиар буурч, 2-р зэргийн гурилын үнэ 0.6 хувиар өссөн байна. Харин өмнөх 7 хоногийнхоос дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 0.6 хувиар өсч, гурилын үнэ өөрчлөлтгүй.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 0.6 хувиар өссөн бол, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас 3.6 хувиар өсчээ.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 10.4 хувь, луувангийн үнэ 4.4 хувь, байцааны үнэ 4.0 хувиар буурч, манжингийн үнэ 0.4 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхоос луувангийн үнэ 0.9 хувиар буурч, бусад ногооны үнэ өөрчлөлтгүй.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: өмнөх сарынхаас савласан /1 литрийн/ сүүний үнэ 2.0 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 2.8 хувь, задгай сүүний үнэ 30.0 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос задгай сүүний үнэ 5.0 хувиар өсч, бусад сүүний үнэ өөрчлөлтгүй байлаа.

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний цаашдаа нэмэгдэх үү, буурах уу гэдэг нь тун эргэлзээтэй. Яагаад гэвэл манай улсын эдийн засаг гадны валютын ханшаар зохицуулагддаг болсон нь өдгөө нууц биш болсон. 

Ам.долларын ханш чангарч, гадаадын хөрөнгө оруулалт буурсан өнөөгийн нөхцөлд ард түмэн л хамаг хүн ачааг нуруун дээрээ үүрч байна. Төгрөгөөр авдаг хэдийнх нь худалдан авах чадвар "шалдаа" буусан. Наймаачдынх нь орлого буурч, банкны өрөө төлж чадахгүй зүдэрч явна.

 

Х.Даваа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх