Ховор содон өнгө аястай "Хос орчлон" тоглолтоос

Урлаг ・Нийтэлсэн: Хөхөө 2016 05 сар 11

Сонгуулийн жил гээд ч тэр үү хөдөө гадаагүй иргэд улс төрийн уур амьсгалд дарагдаж эмэгтэйчүүдийн баяраас хойш олон арван тоглолт төдийлөн болсонгүй. Харин ялалтын баярын өдөр 100 хувь цэрэг дайны өнгө аястай тоглолтуудаас түр холдож саатсан нэгэн тоглолт бол “Хос орчлон” хүндэтгэлийн тоглолт байлаа. Тоглолтын утга агуулга нь “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэгт анх удаа хүндэтгэл үзүүлэх утгыг илэрхийлэх ажээ. Үнэ цэнэгүй болсон СТА цол тэмдэг үнэн хэрэгтээ бол хөдөлмөр зүтгэл, цаг хугацаа, урлагт чин сэтгэлээсээ шунан дурласан дурлалын илэрхийлэл гэж аймгийн театртаа арав, хорь, гучин жилийг үдсэн ахмад СТА-нууд ярьж асан билээ.

Ийм л учраас тэд энгэртээ зүүсэн СТА тэмдгээ хайрлаж, нандигнаж явдаг бизээ. Энэ л үг санаанд орсоор “Хос орчлон” тоглолтын анхны дуу Хос орчлонг залуу хос, шинэ СТА Б.Болд, Э.Чулуунчимэг нарыг амьдруулснаартайзнаас сонсов. Монголчууд хэн нэгэнтэй харьцуулах дуртай л даа. Гэхдээ эхнээсээ энэ дууг Б.Болд, Э.Чулуунчимэг нарын дуулснаар сонсоод, клипжүүлснээр хүлээгээд авчихсан болохоор элдэв харьцуулалт хийхийг хүссэнгүй. Залуу хосууд 2016 оны 4 сарын 27-ны өдөр БСШУ-ны сайд Л.Гантөмөрөөс 298 удаагийн аялан тоглолтыг эх орондоо болоод хилийн чанадад суугаа Монголчууддаа хүргэсэн, өнгөрсөн таван жилийн хугацаанд тоглолт, цомгийн борлуулалтаас олсон орлогоосоо 30,7 сая төгрөгийн буяны үйлсэд зориулсан, үе тэнгийнхэн дундаа илүү хөдөлмөр байж монгол бөхийн өргөөнөө 4 тоглолтыг амжилттай толилуулсан гээд хэд хэдэн үндэслэлээр СТА цол тэмдгийг хүртжээ. Төрийн болон засгийн газрын шагналаар энгэр цоолсон бол найр хийдэг бичигдээгүй заншилтай. Хэн ч байсан төрөөрөө үнэлүүлсэн учир баярлалгүй яахав.

Харин гэр бүлээрээ энгэр цоолсон хоёр дуучин сонсогчидтойгоо, хайртай дотны хүмүүстэйгээ хамт баяраа тэмдэглэж, СТА цол тэмдгийг хүндэтгэж ийнхүү монгол бөхийн өргөөний нэгэн үдэш нэгэн үеийн уран бүтээлч найзуудтайгаа тоглолтоо хүргэсэн нь энэ юм байна. Энэ тоглолтод СТА Б.Болд, Э.Чулуунчимэг нар 2014 оны утасны hi-tone үйлчилгээнд хамгийн ихээр татагдсан 3 дууны нэг болох Илбэе дуугаа,дуугаа мөн өөрсдийн хоёр цомогт багтсан олны аялах дуртай “Баярлаж явна уу ээжээ”, “Ганцхан минийх”, “Монгол наадам” “Нар ээсэн говь” зэрэг аялгуу сайхан дуунуудаа үзэгч түмэнтэй хамтран дуулсан юм.

Энэ тоглолтын өөр нэг шинэ содон зүйл гэвэл хосууд хамтдаа дуулахаасаа илүүтэй нэгэн үеийн ангийн найз нөхөдтэйгөө хамтран дуулсан нь илүү сонин байвал. Жишээ нь СТА Б.Болд СТА Б.Гэрэлчулуун Э.Чинбаяр, Д.Найдандорж Нөхөрлөлийн дуугаа цэрэг хувцастай дуулж, хамтран дуулсан үзэгчдэд дахин “Халагдах цэргийн вальс”-ыг хүргэсэн нь уур амьсгалыг ялалтын баярт чиглүүлсэн шинэлэг санаа байлаа.

Харин СТА Э.Чулуунчимэг шинээр сурсан орос дуугаа, Хилийн тэнгэр цэлмэг байгаасай дуутай дуулж мөн л цэрэг армийн өнгө аясыг мэдрүүлээд амжсан. Мөн түүний “Эрхэмсэг” дуу шинэ хөгжимтэй, аялгуутайгаар энэ үдэш анхных шигээ дахин дуулагдсан юм. СТА Э.Чулуунчимэг ангийн найз Х.Мөнгөнцэцэг, Б.Хандмаа нартай хамтран МУСТА, Хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргалын санаачилгаар дөрвүүл хамтдаа түүний сүүлийн 10 гаруй жилийн туршид бүсгүйчүүдэд зориуласан хөглөсөн тансаг аялгуутай олны мэдэх дуунуудыг нь попури хэлбэрт оруулан дуулсан нь үзэгчдэд үнэхээр хүрсэн юм. Тоглолтонд Цэнгээнт бүжгийн Хатантуул хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцосноос гадна залуу дуучин СТА Б.Болдын багын найз дуучин Б.Гүрбадам, дуучин Д.Нямжав нар ая дууныхаа дээжээс өргөсөн бол МУГЖ У.Далантай, С.Эрдэнэцэцэг нар Сэтгэлийн булаг болон 1992 онд анх дуулж амьдруулсан “Мөнхрөх ч бишдээ хоёулаа” дуугаа өргөн барьсан юм.  Энэ бол үзэгчдэд дахин халуун алга ташилт, дулаан уур амьсгал мэдрүүлсэн үзүүлбэр байлаа. СТА Б.Болд, Э.Чулуунчимэг нар уран бүтээлийн хажуугаар “B Sound” компанийг байгуулан ажиллаж хөгжим техник, тоног төхөөрөмж, тайз дэлгэцийн чиглэл монголын бүхий л хамтлаг дуучид, уран бүтээлчидтэй хамтарч ажилладаг бөгөөд тэдний уран бүтээлийн хамтрагч “Outlaw” хамтлаг ирж ая дуугаа өргөлөө. Энэ тоглолтонд яг л Б.Болд, Э.Чулуунчимэгийн үзэгчид, сонсогчид цугларчээ.

 

Ихэнх дууг хамтдаа даган дуулах нь монгол бөхийн өргөөг найрын цагаан гэр шиг халуун дулаан уур амьсгалаар дүүргэсэн юм. Хосууд тоглолтондоо зориулан “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн Нансалмаа нарын ариг хамтдаа дуулсан нь үзэгчдээс гадна тоглолтонд урилгаар ирсэн тэдний мэргэжийн багш МУ-ын гавьяат баг Ц.Ерөө, дуурийн урлагийн хамтан шувуудын нэг болох МУГЖ М.Найдалмаа нарт давхарт шалгуулсан хэрэг байлаа. Тоглолт ерөнхийдөө ийтийн дууных боловч шинэлэг содон зүйл олон байсныг энэ үдэш ирсэн үзэгчид мэдрээд гарсан. Үзэгчдээ, СТА цол тэмдгээ хүндэлж залуу хосууд тоглолтын дараа монгол бөхийн өргөөний гадна талд ёслолын салют буудууллаа. Энэ тоглолтоос сэтгэл тэнэгэр гарсан нэг зүйл бол тоглолтын бүх орлого Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төвд хандивлагдах байлаа. Залуу хосуудын СТА цол тэмдгийг хүндэтгэсэн “Хос орчлон” тоглолт ийм байлаа. Цаг нь оройхон эхлэж, урт хөтөлбөртэй байсныг эс тооцвол хааяадаа иймэрхүү тоглолтоор саатах нь сайхан... 

Г.Тэгшжаргал 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх