Барилгын компаниуд нууцаар орон сууцныхаа үнийг хямдруулжээ

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 05 сар 24 ・ 6

-ИРГЭД ХӨРСӨН ДЭЭРЭЭ БУУСАН ҮНЭЭР ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВЧ ЭХЛЭВ БОЛОЛТОЙ-

Орон сууцны үнийн хөөрөгдөл хөрсөн дээрээ бууж эхэлжээ. Барилгын компаниуд бие биедээ хэлэлгүйгээр үнээ буулгаж, иргэд зах зээлийн бодит үнээр орон сууцаа худалдан авч эхэлсэн байна. Гэхдээ барилгын компаниуд олон нийтэд шууд ил гарч ирээд “Манай компани мкв-ынхаа үнийг 2.5 сая төгрөгөөр үнэлж байснаа 1.6 сая төгрөг болгож хямдрууллаа” гээд зоригтой мэдэгдэл хийж, зар сурталчилгаа цацаж чадахгүй байгаа юм байна. Харин нууц байдлаар шинээр ашиглалтад орсон орон сууцны үнэ хямдарчээ. Энэ талаар бид дэлгэрэнгүй мэдээллийг бэлтгэсэн юм.

Зарын сонин болоод, зар сурталчилгааны сонинууд дээр “Ашиглалтад ороод удаагүй шинэ орон сууц хямд үнээр худалдана. Найман хувийн зээлд хамрагдах бүрэн боломжтой. Эсвэл “Мөнгөний яаралтай хэрэг гарсан тул маш хямдхан үнээр буюу мкв-ыг 1.6 сая төгрөгөөр зарна. Шинээр ашиглалтад орсон ...... хотхонд бартераар орон сууц худалдана. Автомашин, мал, барилгын материал, хурдан борлогдох бараа бүтээгдэхүүн оролцуулж болно” гэх зар дүүрэн байх боллоо. Дээрх заруудыг анх харахад жирийн иргэнд мөнгөний хэрэг яаралтай гараад шинээр худалдаж авсан байраа хямд үнээр худалдах гэж байгаа мэт харагдана. Харин заруудыг тогтож ажиглаад харахаар өнгөрсөн жил, эсвэл он гараад ашиглалтад орсон сүүлийн нэхэн хотхоны орон сууц байх ажээ. Бүр тодруулбал, зарын доорх холбоо барих утасны дугаар нэг компанийн ажилтнуудын дугаар байх. Барилгын компаниуд орон сууцныхаа үнийг 5-11 сая төгрөгөөр хямдруулжээ. Гэвч юунаас болж барилгын компаниуд үнээ хямдруулснаа бусдаасаа нууцалж, хэн нэгнээс болгоомжилсон байдалтай худалдаалах болов. Тэд барьсан барилгынхаа үнийг буулгаж байгаа гэдгээ нуух болсон цаад шалтгаан юу вэ.

“ХЭДХЭН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭРХ АШГААС БОЛЖ НЭРЭЭ НУУЖ, ҮНЭЭ ХЯМДРУУЛСАН”

Бид зар дээрээс Хан-Уул дүүрэгт ашиглалтад ороод найман сар болж байгаа нэгэн орон сууцны барилгын компанийн менежертэй холбогдож, үнэ ханшийг нь асуусан юм.

“Ахад нь яаралтай мөнгөний хэрэг гараад л метр квадратыг нь 1.6 сая төгрөгөөр үнэлж, байраа худалдаалж байгаа юм. Урьдчилгааны 30 хувь байгаа гэвэл банкны зээлийг нь хамт хөөцөлдөж өгнө. Банкинд таньдаг хүн байгаа” гэх. Хэд хэдэн удаа өөр өөр мкв-тай байрыг асууж үзээд “Та хувь хүн биш. Компани төлөөлж байгаа хүн байна. Яагаад компанийнхаа нэрийг гаргахгүй байгаа юм бэ” гэлээ. Мөн энэ талаар сурвалжлага бэлтгэж байгаа гэдгээ ч хэлэв. Ингээд түүнтэй уулзаж компанийнхаа нэрийг нуух болсон талаар нь ярилцлаа. Тэрбээр компанийнхаа болон өөрийнхөө нэрийг сонин дээр гаргахгүй байхаар тохиролцож ярилцлага өгсөн юм.

-Юунаас болоод компанийнхаа нэрээр биш хувь хүний нэр ашиглаж орон сууцны барилгаа зарж байгаа юм бэ?

-Ингэж л худалдахгүй бол борлохгүй байна шүү дээ. Манай компани барилгын салбарт ороод 20 гаруй жил болж байна. Энэ хугацаанд маш олон орон сууцны барилга ашиглалтад оруулсан. Иргэд ч манай компанийн барьсан барилгад сэтгэл хангалуун байдаг. Бид чанарыг эрхэмлэж ажилласаар өдий хүрч байна. Гэхдээ компанийнхаа нэрийг нуух шаардлага эдийн засгийн хямралаас гадна бусад хүний эрх ашгийг бодоод гараад байна. Өнгөрсөн жилээс орон сууцны худалдан авалт хэд дахин буурсан. Найман хувийн зээлээр маш олон гэр бүл байртай болж чадсан. Барилгын компаниудын хувьд ч худалдан авалт нэмэгдэж ашиг орлого сайжирсан. Гэтэл эдийн засгийн хямралаас болоод Монголд бэлэн мөнгөтэй хүн байхгүй болчихсон. Худалдан авалт байхгүй болчихоор компаниуд дагаад хямарчихсан. Ихэнх нь барилга барихдаа банкнаас зээл авдаг. Орон сууцаа зарж дуусаад эргүүлээд зээлсэн мөнгөө өгнө гээд өндөр хүүтэй зээл авчихсан. Мөн гүйцэтгэгч компаниуд болон ажилтнуудынхаа цалинг зээл аваад хагасыг нь өгчихсөн байдаг. Тэгсэн худалдан авалт байдаггүй, компанийн данс улайчихсан. Хэдэн талаас өр нэхэгдээд суух байх газраа олж чадахгүй хүнд байдалд орж байна. Банкны мөнгө нэхэгдээд байдаг. Барьцаанд тавьсан эд хөрөнгө хурааж авах гээд байдаг. Зөвхөн манай компани биш барилгын салбарт ажиллаж байгаа олон компани иймэрхүү дүр зурагтай байна. Тэгээд байрныхаа үнийг хямдруулж байгаа. Бүр худалдан авч байгаа хүнд маш олон боломж олгож байна.

-Тухайлбал?

-Урьдчилгаа төлбөр хүрэхгүй байгаа бол автомашиныг нь өндөр үнээр худалдан авч байна. Малчдаас малыг нь зах зээлийн үнээс өндөр үнээр худалдаад авч байна. Хурдан аргаар борлогдох юу л байна тэрийг нь урьдчилгааны мөнгөнд оруулаад авч байгаа. Саяхан гэхэд хувцас худалдаалдаг хүн манайхаас байр авсан. Дөрвөн сая төгрөгийн хувцас урьдчилгаа мөнгөнд авсан. Түүнийгээ цалингаа бүрэн өгөөгүй ажилтнуудад мөнгөний оронд өглөө. Арматурын төмөр, гурил, будаа гээд мөнгө болж болох юу л байна тэр бүхнийг бартераар авч байна шүү дээ. Сүүлдээ барьсан барилгаа зарах гэж панзчин болж байна. Урьдчилгааны мөнгөнд ирсэн машинаа мөн л өрөнд шилжүүлээд өгдөг. Барилгын материалыг шинээр барилга барьж байгаа танил компани руугаа хямдхан зарж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 05 сар 25/

    Хэн түрүүлж зарсан нь хямралаас хохирол багатай гарна, гэдийсэн нь хэдэн балгастай хоцорно шүү дээ. Амь амиа л бодох хэрэгтэй, том компаниуд үнэ буулгаж болохгүй, бүгд хохирно гэж дарамталдаг, гэхдээ одоо яаяа гэхэв, алдагдал бага хүлээж байвал хурдан зарахаа л бодно

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 25/

    Борлуулагч нь утасны цаанаас мэдээлэл өгөхөө больсон. Яг нүүр тулаад, ирж уулзаач гэж ятгадаг болсон. Очоод уулзахаар навс хямдарч байна лээ. Нөгөөтэйгүүр өмнөх захиалагч нартайгаа 2,5 саяар м2-ийн гэрээ хийчихээд сүүлд худалдан авч байгаа иргэдтэй 1,7 саяар гэрээ хийвэл өмнөх худалдан авагч нар нь

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 25/

    зөв шиидвэр байна

    1
    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 24/

    Өндөр үнэтэй байр авах чадалтай хүн цөөн байгаа байхаа Одоо дундаас доош орлоготой хүмүүс л байргүй байгаа ш дээ Хэн хэндээ ашигтай зөв шийдвэр гаргажээ

    Хариулах
  • хуягаа / 2016 05 сар 24/

    сайн байна ер буулгаад эртхэн борлуулаад хөрөнгийн эргэлттэй болох хэрэгтэш дээ

    Хариулах
  • хуягаа / 2016 05 сар 24/

    сайн байна ер буулгаад эртхэн борлуулаад хөрөнгийн эргэлттэй болох хэрэгтэш дээ

    Хариулах