Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 05 сар 26
Р.ОЮУН
Хавдар судлалын үндэсний төвийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн их эмч Г.Үнэнбаттай ярилцлаа.
-Нойр булчирхай гэж юу вэ. Хүний биед ямар үүрэг гүйцэтгэдэг эрхтэн юм бэ. Энэ талаар яриагаа эхэлье?
-Нойр булчирхай хүний биед байдаг булчирхайнуудын нэг. Булчирхай гэдэг нь өөрөөсөө шүүрэл ялгаруулдаг, бодисын солилцоонд оролцдог эрхтэнийг хэлдэг. Нойр булчирхайнаас олон төрлийн хүчтэй хүчил ялгардаг. Энэ хүчлүүд нь хоол боловсруулах замаар орж ирсэн бүх өөх, тосыг хайлуулж, задалж хүний биед шингээдэг. Хоёрдугаарт, нойр булчирхайд давхар лангерхансын арлын эсүүд гэж байдаг. Энэ эсүүд нь хүний биед инсулиныг ялгаруулж байдаг.
Инсулин нь орж ирсэн сахарыг хүний биед шингээж, зарцуулалтад нь оруулж өгдөг хүчил юм. Сахарын хамгийн чухал хүчлийг нойр булчирхай эзэлдэг. Үндсэндээ хүний биед мах, өөх, тосыг шимэгдүүлэх, сахарын хэмжээг хэвийн тогтвортой барьдаг. Нурууны нугалмын урд, гол судсууд дээгүүр хэвтэж байрладаг, ходоодны ард, 12 хуруу гэдэстэй залгаа эрхтэн юм.
-Өвдсөн тохиолдолд ямар шинж тэмдэг илэрдэг юм бол?
-Хурц өөх, тостой хоол идсэний дараа хэвлийн өвдөлт өгдөг. Нойр булчирхайд наран сүлжээ гэж бий. Энэ нь нойр булчирхайн ард байрласан байдаг. Нойр булчирхайн ямар нэг эмгэгийн үед юм уу, үрэвслийн үед наран сүлжээ цочирдог. Үүнээс болж хэвлийд хүчтэй өвдөлт өгнө. Энэ өвдөлт нь ихэвчлэн бүсэлсэн эсвэл хэвлийн урдаас нуруу руу хутгаар хатгаж байгаа мэт хүчтэй өвддөг гэж хүмүүс тайлбарладаг.
Нойр булчирхайн үрэвсэл, эмгэгүүдийн үед хүний хоол боловсруулалт, шингээлтэд өөрчлөлт ордог. Хоол шингээлт алдагдсанаас гүйлгэх, гүйлгэхдээ их базалж өвдөх, гүйлгэсний дараа хошногоны амсар хорсож өвддөг. Яагаад гэвэл хүчиллэг шүүс их гарч байгаа болохоор хорсдог. Дээрээс нь өөх, тосыг шимэгдүүлдэг эрхтэн үрэвсчихээр хүний өтгөнд өөх, тос ил харагддаг. Энэ нь нойр булчирхай үүрэгт ажлаа хийж чадахгүй байна гэсэн үг. Ийм маягаар нойр булчирхайн үрэвслүүдийг мэдэх боломжтой.
-Нойр булчирхай юунаас болж үрэвсдэг юм бэ?
-Цэвэр хувь хүнээс шалтгаалдаг. Хоолны дэглэм алдагдах, ялангуяа өөх, тос, архины хэрэглээ ихэсч байна. Архи нойр булчирхайг үрэвсүүлдэг. Үүнээс болоод архаг үрэвслийн шалтгаантай. Архи нь явсаар байгаад сахарын өвчин болдог. Архи их уусаар байгаад нойр булчирхайгаа өвтгөөд, нойр булчирхай нь үрэвссээр байгаад инсулин ялгаруулдаг эсгүй болж сахар нь ихэсдэг. Мөн нойр булчирхайнаас шалтгаалсан өвчнүүд гэж бий. Үүнийг дотрын эмч нар сайн мэднэ.
-Нойр булчирхай үрэвссэнээр ямар нэг сөрөг үр дагавар бий юү?
-Нойр булчирхайн өвчнүүдээс хамгийн чухал нь сахарын өвчин. Үүнийг ХХI зууны чимээгүй тахал гэж нэрлээд байгаа шүү дээ. Дэлхий нийтийг донсолгосон нойр булчирхайн гаралтай өвчин учир улс болгоны эрүүл мэндийн салбар анхааралдаа авдаг. Энэ нь цэвэр хүний өөрийнх нь хоолны дэглэм, таргалалт, архины хэрэглээ юм. Тарган биш, хоолны дэглэм барьдаг, архи хэрэглэдэг хүмүүст ч үүсч болно. Чихрийн шижин нь дотроо нэг, хоёрдугаар хэлбэр гэж байдаг. Энэ бүхэн нойр булчирхайн гаралтай үрэвсэлт өвчнүүд.
Дараагийн нэг асуудал нь хавдар. Нойр булчирхайн хавдар дэлхий нийтийг байлдан дагуулж байгаа. Дэлхий дээр байгаа хавдруудын төгс эмчилгээний гарцуудыг олоод шийдчихсэн. Энэ нь хими, туяа, мэс заслыг хавсран хийснээр ихэнх хавдрыг эрт үед нь эмчилж байгаа. Гэтэл нойр булчирхайн хувьд эрт үедээ оношлогдохдоо хавдар маань хоруу чанартай. Тиймээс мэс засал эмчилгээг эрт үедээ хийсэн ч бусад эрхтэнд нөлөөлдөг. 10 жил амьдрах магадлал багатай.
-Яагаад?
-Би нэг жишээ хэлье л дээ. “Apple” компанийг үүсгэн байгуулагч Стив Жобс нойр булчирхайн хавдраар өвчилсөн. Түүнээс нойр булчирхайн хавдар оношлогдсоноос хойш амьдарсан хугацаа нь 6-7 жил гэж ярьдаг. Ер нь нойр булчирхайн хортой хавдар оношлогдсоноос хойш таван жил амьдарна гэж үздэг. Энэ тэрбумтан хүн дээр Америк, Францын эрдэмтэд шинээр хими туяаны эмчилгээний протокол зохиогоод мэс засал болон энэ дэлхий дээр байж болох бүх эмчилгээг хийсэн ч зургаагаас дээш жил амьдруулж чадаагүй.
Үндсэн хавдрыг нь авчихаад байхад шинээр өөр газруудад нойр булчирхайн хавдар үсэрхийлж гарч ирдэг. Тиймээс АНУ-д хавдрын шалтгаант нас баралтын тэргүүн байрыг эзэлж байна. Бусад хавдрыг эмчлээд, олон жил хими эмчилгээ хийгээд явж байгаа. Гэтэл нойр булчирхайн хавдар тийм биш.
-Тэгэхээр нойр булчирхайн хавдар бусад эрхтэндээ нөлөөлдөг гэсэн үг үү?
-Нойр булчирхайн хавдар ихэнхдээ хожуу үедээ оношлогддог, бас их чимээгүй эрхтэн. Хүний гол цөм хэсэгт байрладаг, олон төрлийн судас, цөсний зам явдаг болохоор эрт үедээ үсэрхийлэл өгдөг. I, II үедээ ч судас руу нэвчээд орсон байх тохиолдол бий. Мөн судаснаасаа элэг рүү үсэрхийлэл өгсөн байх магадлал өндөр байдаг. Нойр булчирхайн хавдрын нэг онцлог нь хэмжээ ярьдаггүй. Том, жижиг гэхгүйгээр ямар судасны хажууд байна, ямар судас руу нэвчиж орсон, цөсний ямар замыг дагасан байна, булчирхайнуудад үсэрхийлэл өгсөн байна уу, үгүй юү гэдгээс үе шатыг тодорхойлдог.
-Нойр булчирхайн үрэвслийг яаж оношилж, эмчилдэг юм бэ. Бараг эмчилгээ авдаггүй гэх юм?
-Үрэвслийг мэдэхгүй. Хэрэв хүний биеийн жин хэвийн, илүүдэл жингүй хүмүүс эход нойр булчирхайгаа харуулах хэрэгтэй. Эхогоор эхний оношийг тавих боломжтой. Монгол хүний ихэнх нь хэвлийн таргалалттай, биеийн жингийн илүүдлээс болж эхо шинжилгээний хүч хүрдэггүй. Тиймээс хэвлийн тодосгогчтой компьютер томографи, МRI-гаар нойр булчирхайн байрлал, ямар хавдар байгааг багажийн шинжилгээгээр илрүүлдэг.
Нэгэнт нойр булчирхай дээр үүсвэр гараад ирсэн тохиолдолд цусанд хавдрын маркер үздэг. Хэрэв хэвийн хэмжээнээс их гарвал энэ хавдар хортой байна гэдэг сэжгийг тавьж эд, эсийн шинжилгээгээр хортой, хоргүйг нь мэдэх боломжтой. Нойр булчирхайн хорт хавдар дэлхий нийтэд оношлоход хамгийн хэцүүд тооцогддог. Эрт үедээ огт оношлогддоггүй. Эрт үедээ оношлогдох нь ховор болохоор эмчилгээ дандаа хожуу үедээ хийгддэг гэсэн үг.
-Ямар хоол идэхийг хориглодог вэ. Нойр булчирхайн үрэвсэлтэй хүн хонины мах идэж болохгүй гэдэг?
-Аль болох махан хоол, өөх, тосыг багасгах хэрэгтэй. Ингэж чадахгүй бол нойр булчирхай үрэвсээд мах, өөх, тосыг шингээдэг хүчлээ ялгаруулж чадахгүй. Тиймээс нойр булчирхайн үрэвсэлтэй гэж эмч хэлсэн бол хоолны дэглэм барих, хурц, өөх, тос идэхгүй, махны хэрэглээгээ багасгах хэрэгтэй. Бүх төрлийн махыг идэж болно. Гол тэрнийхээ хэмжээг нь багасгаж, тохируулах нь чухал. Долоо хоногийн нэг өдөр нь цагаан хоол идэх хэрэгтэй. Монголчуудын махны хэрэглээ арай л их байгаа. Үүнээс болж элэг, цөс, нойр булчирхайн өвчлөл сүүлийн үед ихэсч байгаа.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.