Эдийн засаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 05 сар 31
・ 1
Хөрөнгийн зах зээлийг бух ба баавгайгаар дүрсэлж илэрхийлэх нь олонтаа. Дэлхийн хамгийн том Нью-Йоркийн Хөрөнгийн биржийн гадна талд хүрлээр хийсэн маш том бухын хөшөө байх бөгөөд энэ нь жуулчдын сонирхлыг ихээр татна. Зургаа авахуулах гэж ирсэн жуулчдын тоогоор Нью-Йоркийн Эрх Чөлөөний Хөшөөний дараа ордог.
Хөрөнгийн зах зээлийн төлөв байдал нь тухайн зах зээлд арилжигдаж буй хувьцаа болон үнэт цаасны үнэ ханшийн өөрчлөлт хөдөлгөөнөөр илэрхийлэгдэнэ. Хувьцааны үнэ өсөхийн хэрээр зах зээлийн үнэлгээ нь нэмэгддэг. Энэ тохиолдолд зах зээлээс хувьцаа болон бусад үнэт цаасыг худалдан авах хөрөнгө оруулагчдын эрэлт их байна. Харин эсрэгээрээ хувьцааны үнэ буурахын хэрээр зах зээлийн үнэлгээ буурдаг. Энэ тохиолдолд хөрөнгө оруулагч нар өөрт байсан хувьцаагаа зарах сонирхол нь давамгайлсан байдаг. Хөрөнгийн зах зээлд ч мөн ялгаагүй бүтээгдэхүүн буюу хувьцаа, үнэт цаасны үнэ ханш нь эдийн засгийн суурь онол буюу “эрэлт, нийлүүлэлтийн хууль”-ийн зарчмаар тогтдог. Ерөнхийдөө хувьцааны үнэ ирээдүйд өснө гэсэн хүлээлттэй хөрөнгө оруулагч нар хувьцаа нэмж авдаг бол хувьцааны үнэ цаашид буурна гэж үзвэл хөрөнгө оруулагч нар өөрт байсан хувьцаагаа зардаг. Хөрөнгийн зах зээл дэх өөрчлөлт хөдөлгөөн нь хөрөнгө оруулагч нарын дээрх хүлээлтээс шалтгаалдаг бөгөөд үүнийг бух ба баавгайн ерөнхий шинж чанартай нь адилтгадаг юм.
Хөрөнгийн зах зээл дээр хувьцаа худалдан авах эрэлт нэмэгдэж ингэснээр хувьцааны үнэ өсөхийг “bull market” буюу бух зах зээл гэдэг. Энэ нь бух өрсөлдөгчөө эврээрээ сэжиж дээш нь шиддэгтэй холбоотой. Тиймээс ерөнхийдөө хувьцааны үнийн өсөлт ажиглагдаж буй үед “bullish” буюу бух давамгайлж байна гэдэг. Дүрслэлээрээ хувьцааны үнэ дээш шидэгдэж байна гэсэн үг. Харин эсрэгээрээ зах зээл дэх хөрөнгө оруулагч нар хувьцаагаа зарах нь ихсэж нийлүүлэлтийг нэмэгдүүлснээр хувьцааны үнэ буурах бөгөөд үүнийг “bear market” буюу баавгай зах зээл гэдэг. Өрсөлдөгчөө савраараа доош дарахтай нь адилтгаж хувьцааны үнийн бууралтыг баавгайгаар дүрсэлдэг. Зах зээл ерөнхийдөө хувьцааны ханшийн бууралттай байвал “bearish” буюу баавгай давамгайлсан гэж үздэг. Энэ нь баавгай хувьцааны үнийг доош дарж байна гэсэн дүрслэлтэй холбоотой.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.