“Боловсрол” телевизийн уран бүтээлчид дэлхийн 39 оронд бүтээгдсэн “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийг албан ёсны эрхийн дагуу эх орондоо хийж гаргаж эхэлсэн билээ. Нэвтрүүлгийн найман оролцогчоор “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ, жүжигчин Н.Мөнхсоёл, загвар өмсөгч Э.Энхболд, дуучин Б. Маралжингоо, загвар өмсөгч С.Сарнай, дуучин П.Баярцэнгэл, дуучин Э.Энхзол, дуучин Б.Амархүү нар сонгогдсон. Тэд алдартнуудын дуу хоолой, бүжгийн хөдөлгөөн, хувцас хэрэглэл, дүр төрхийг дуурайн яг түүн шиг хувирч дэлхийн одуудыг нэгэн тайзнаа авч ирэх зорилготой. Одоогоор “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн гурван дугаар үзэгчдэд хүрч, магтаал, шүүмжлэлийг аваад байгаа. Үзэгчдийн анхаарлыг татаад буй “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн найм дугаартай оролцогч дуучин Б.Амархүүтэй ярилцлаа.
-Үзэгчдийн дунд хүлээлт үүсгэдэг болсон “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн саналыг танд хэзээ тавьсан бэ. Та шууд орохоор шийдсэн үү?
-Би 2006 онд Монголд ирээд “Боловсрол” телевизийн захирал А.Амундратай танилцаж байсан. Хамтраад гоё шоу нэвтрүүлэг хийе гэж ярьдаг байсан л даа. “Боловсрол” телевиз Монголын урлагт маш олон хөрөнгө оруулалт хийсэн. Үүний нэг жишээгээр энэ “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийг нэрлэж болно. Дэлхийн хэмжээний энэ том шоуг хийх эрхийг албан ёсоор аваад Монголдоо гаргаж байгаа нь надад таалагдсан. Одоо сонгууль дөхөөд телевизээр үзэх юм ховор болсон үед цэнгээнт нэвтрүүлэг гаргаж байгаа нь хүмүүст чөлөөт цагаа илүү хөгжилтэй өнгөрөөх боломж олгож байна гэж харж байгаа. Миний хувьд нэвтрүүлгийн саналыг дуртай хүлээж авсан. Намайг дуучин, “Universt best songs”-ын шүүгч, хоёр кинонд тоглосон гэдгээр нь хүмүүс мэддэг байсан бол энэ шоуг өөрийгөө өөр өнцгөөс харуулах боломж гэж бодоод саналыг дуртай хүлээж авсан. Шоу маань үзэгчдэд сайхан эмоцитой хүрч байна. Тийм ч учраас үүнийг шоунд орсны давуу тал гэж бодож байгаа. Одоо бол шоу дундаа ороод, маш гоё баг бүрдчихсэн явж байна. Мэдээж Монголын хэмжээнд ийм сонирхолтой нэвтрүүлэг гарч байгаагүй учраас хамт олны хувьд ч нэгэндээ дэмтэй ажиллаж байгаа. Нэвтрүүлэг гарснаас хойш үзэгчдийн сэтгэгдэл маш сайхан байна. Сэтгэгдэл өндөртэй байгаад нь баяртай байгаа.
-Та эхний үзүүлбэрээрээ реппер “Rocket Bay” болсон. Хувирахад ямар байсан бэ?
-Зохион байгуулагчдын зүгээс бидэнд тайзан дээр гарахдаа аль болох хөгжилтэй байгаарай. Энэ бол драмын театр биш, ажлаа тараад гэртээ амарч байгаа хүмүүст инээд бэлэглэх, стресс тайлах зорилготой шоу нэвтрүүлэг шүү гэсэн. Тиймээс бидний зүгээс дүр дээрээ аль болох хөгжилтэй байхыг хичээж байна. Би тайзан дээр “Rocket bay” гэхээсээ илүү “Forest Gump”-ын дүрд хувирсан. Тэгэхээр яг 100 хувь “Rocket bay”-ыг дуурайж байгаа гэсэн үг биш. Мэдээж үглэлт, дуулалт тал дээр бэлдсэн. “Rocket bay” өөрийн гэсэн стилтэй реппер учраас дуулалтыг нь дуурайсан. Тэгэхээр “Rocket bay”-ын үглэлт, дуулалтыг гаргаж, “Forest Gump”-ын дүрд хувирсан.
-Анхны нэвтрүүлгийн дараа үзэгчдээс ямар сэтгэгдэл сонсов?
-Бид студид бичлэгтэй байх үед үзэгчдийн саналаар хэн түрүүлснийг мэдэх боломжгүй байдаг. Үзэгчдийн саналаар “Forest Gump” дүрд хувирснаараа түрүүлсэн байсан. Тэгээд л үзэгчид намайг дэмжиж байгааг ойлгосон учраас илүү их хичээж байгаа.
-Дараагийн дүр нэрт дуучин Стив Вондер байсан?
-Баззердаад дараагийн дүрээр Стив Вондер таарсан. Би энэ дуучныг багаасаа сонсдог байсан. Багаасаа сонсдог байсан болохоор тэр хүнийхээ жижиг хөдөлгөөн, үйлдлийг мэддэг. Хийхэд ойр байсан. Хүмүүс бага зэргийн хэтрүүлэгтэй байна гэсэн. Би тэгж бодохгүй байгаа. Учир нь тоглолтыг нь үзэж байхад яг л тийм шог байдалтай байдаг. Ер нь хар арьстнууд болоод гадаадын уран бүтээлчид тоглолт дээрээ задгай, өөрийнхөөрөө, сандралгүй байдаг. Тиймээс би түүнийг л гаргахыг хичээсэн. Миний Стив Вондерийн дүрд хувираад дуулахдаа “Yeah” гэж хэлсэн үг маань манай шоуны баг хамт олны брэнд үг болчихсон шүү. Энэ шоугаар би “Yeah” гэдэг брэнд үгтэй болсон. Тэр л сүүлд дурсаж байх сайхан дурсамж юм даа.
-Сүүлийн дугаарт Ники Минаж болсон. Эмэгтэй хүний дүрд хувирах ямар байсан бэ?
-Эмэгтэй хүн болох нь нэг бодлын давуу талтай юм шиг санагдаж байгаа шүү. Илүү сонирхолтой санагдаж байгаа. Шоуны хувьд эмэгтэй нь эрэгтэй болох, эрэгтэй нь эмэгтэй хүнийг дуурайх нь илүү сонирхолтой болгож, үзэгчдийн анхаарлыг татаж байгаа байх. Эмэгтэй дуучны дүрд хувирлаа гээд сандарсан юм байхгүй. Харин ч илүү хөгжилтэй байсан.
-Шүүгчид бодит үнэлэмж өгч байгаа гэж бодож байна уу?
-Шүүлт бол үнэн явж байгаа. Тэд бол дандаа миний хүндэлж явдаг хүмүүс. Шүүгчид өөрсдийн гэсэн дүгнэлттэй, би өөрийн гэсэн дүгнэлттэй. Гэхдээ хамгийн гол шүүгчид бол үзэгчид шүү дээ.
Үргэлжлэлийг эндээс уншина уу